Иргэний танхимын сайн туршлага

2015-02-10 14:16

Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ( ИТХ) иргэдийн оролцоог хангаж, төрийн байгууллагуудын ажил үйлчилгээний  хүртээмжийг нэмэгдүүлэх, Үндсэн хуулиар олгогдсон  иргэдийн эрх, үүргийг бодитой баталгаажуулах зорилготой   иргэний танхим үйл ажиллагаа явуулж байна . Иргэний танхимд төрийн хууль тогтоомж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын шийдвэрт иргэдийн байр суурь, үзэл бодлыг тусгах, иргэдийн санал бодлыг шийдвэр гаргагчид сонсгох, олон нийтийн дунд тулгамдсан  асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж иржээ.
2013-2014 онд Төв аймгийн Иргэний танхимд санал, гомдол 1374, УИХ-ын Тамгын газрын мэдээлэл 409 удаа хийж, гарын авлага, сонин 2103 ширхэгийг тус тус тараасан. Түүнчлэн Хөдөлмөрийн биржтэй холбоотой асуудлаар 1527, брэндийн мэдээлэл 4274, нээлттэй хэлэлцүүлэг 975 тус тус хийсэн ажээ.
Иргэний танхимд ирсэн нийт санал, үйлчлэх хүрээгээр судалж үзвэл:
Нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн захиргааны чиглэлээр 78 санал ирсэн 14,58 хувь, нийгмийн хөгжлийн чиглэлээр 131 санал буюу 24,49 хувь, төсөв, санхүү, татварын асуудлаар 10 санал буюу 1,87, хөгжлийн бодлогын чиглэлээр128 санал буюу 23,93 хувийг тус тус эзэлж байна. Үүнээс харахад иргэд нутаг орноо хөгжүүлэх гэсэн санал санаачилга их байгаа нь харагдаж байна.
Эрүүл мэндийн шинэчлэл, Усны үнэ цэнэ- Зохистой хэрэглээ, Богд уул Манзуширын ам, Зуун мод гол орчмын байгаль экологийн тулгамдсан асуудлуудаар 14 удаа нээлттэй хэлэлцүүлэг хийж, 541 хүн оролцож 60 гаруй санал гарч холбогдох байгууллагуудад хүргүүлж ажил хэрэг болгож байна.
Тус иргэний танхимын үйл ажиллагаатай танилцан туршлага судлахаар Баянхонгор, Увс, Сэлэнгэ, Орхон, Сүхбаатар, Хэнтий, Ховд аймгийн ИТХ, ЗДТГ-ын удирдах албан тушаалтнууд ирж танилцсан төдийгүй бүх сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар, ЗДТГ-ын дарга, хууль эрх зүйн ажилтнууд,  14 аймгийн “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны удирдах зөвлөлийн дарга нар айлчилж, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн 14 аймгийн төлөөлөгчид уулзалт зохион байгуулсан  зэрэг нь тухайн иргэний танхимын үйл ажиллагаа үр дүнтэй байгааг харуулж байна.





Сэтгэгдэл ачааллаж байна ..