Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудад үзлэг шалгалт хийлээ

2014-12-01 17:48

Баян-өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас (ИТХ)  Тэргүүлэгчдийн 2014 оны 63 дугаар тогтоолоор аймгийн хэмжээнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудад хуулийн хүрээнд зүй зохистой ашиглаж, татвар төлөлт, нөхөн сэргээлт хийсэн байдалд дүн шинжилгээ хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор аж ахуй нэгжүүдэд үзлэг шалгалт явууллаа.

Аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатханаар ахлуулсан 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг аймгийн хэмжээнд ашигт малтмалын ашиглалтын  болон хайгуулын үйл ажиллагаа явуулж буй Юүшэнгминг ХХК, ССМонголиа ХХК, Монголианкүүпер майнинг ХХК, Монголдаймонд майнинг ХХК, Сагсай минералресурс ХХК, Түвшингарав ХХК, Лужеорд ХХК, Жөнюан ХХК, Дримлэнд ХХК-д хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар дараах зөрчил, дутагдлууд илэрсэн байна. Үүнд:

  1. Аймгийн хэмжээнд ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг зарим аж ахуй нэгжүүд (ААН) сүүлийн 5-8 жилд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй.
  2. Сумын удирдлага, холбогдох мэргэжилтнүүдийн  зүгээс хуулиар олгосон эрхийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшиж буй ААН, байгууллагатай  холбоотой ажиллах, үйл ажиллагаанд хяналт тавих, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах талаар идэвх, санаачилга гаргахгүй байна.
  3. Орон нутгийн иргэдийн хяналт, хамтын ажиллагаа үгүйлэгдэж байна.
  4. ААН-үүд хуулиар оногдсон татвар, хураамжийг хугацаандаа төлөөгүй.
  5. Уул уурхайн чиглэлээр АНН-үүдэд ашиглаж буй химийн бодисын ашиглалт, хамгаалалт, бүртгэл, тооцоо хангалтгүй.
  6. Зарим нэг хайгуул, олборлолт хийж буй АНН-д мэргэжлийн байгууллагаар байгаль орчны аудит хийлгээгүй.
  7. 7. Уурхайнуудын ус ашиглах, эдэлбэр газрын зохион байгуулалтын төлөвлөгөө гаргаж батлуулаагүй. Хаягдал усыг эргүүлэн ашиглах, хэмнэх талаар хангалтгүй ажиллаж байна.
  8. Аймаг, сум, орон нутагтай хамтарч ажиллах талаар жил бүр гэрээ хийж тодорхой асуудлуудыг тусгаагүй орхисон.
  9. Ажиллагсдын нийгмийн асуудлыг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар санаачилга дутмаг байна. 

Дээр дурьдсан зөрчил, дутагдлуудыг заасан хугацаанд арилгаагүй нөхцөлд Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авах болно гэдгийг уурхайн удирдлагад анхааруулж, хугацаатай үүрэг өгөв.

Сэтгэгдэл ачааллаж байна ..