НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

2014-09-09 22:02

2007 онд нийслэлийн Сүхбаатар дүүрэгт "Нэг цонхны үйлчилгээ" /НЦҮ/-ний төвийг анх байгуулснаас хойш одоогийн байдлаар 21 аймгийн төв, 9 сум, нийслэлийн 9 дүүрэг, 6 хороонд нийтдээ 45 НЦҮ-ний төв байгуулагдсан ба давхардсан тоогоор 7 сая 350 мянга гаруй иргэдэд үйлчилгээ үзүүлж, иргэдийн сэтгэл ханамж, талархлыг хүлээж байна. Хараат бус судалгааны хүрээлэнгийн (IRIM) хийсэн судалгаагаар НЦҮ-ээр үйлчлүүлсэн иргэдийн сэтгэл ханамж өндөр байгааг тогтоосон байна.

Монгол Улс, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хооронд 2012 онд "Засаглалыг дэмжих, Төвлөрлийг сааруулах" хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээ байгуулсан ба уг хөтөлбөрийн 4 дүгээр бүрэлдэхүүн хэсэг болох "Иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх нь" төслийн хүрээнд улсын хэмжээнд байгуулагдсан "Нэг цонхны үйлчилгээ"-ний төвүүдийн үйл ажиллагааг тогтворжуулах, иргэдэд төрийн үйлчилгээг улам ойртуулах чиглэлээр төсөл хэрэгжүүлэгч төрийн бус байгууллага Хүний Аюулгүй Байдлын Судалгааны Төв ажиллаж байна.

Төслийн хэрэгжилтийн хүрээнд иргэдэд үйлчилгээг жигд хүргэхээс гадна алслагдмал сум болон нийслэлийн захын гэр хорооллын оршин суугчид, хөгжлийн бэрхшээлтэй, орлого багатай эмзэг бүлгийн иргэдэд үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд анхаарч, шинээр 6 сум, 4 хороонд НЦҮ-ний төв байгуулсан бөгөөд явуулын НЦҮ-г 2 аймагт туршина.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зүгээс төрийн үйлчилгээг "Нэг цонхны үйлчилгээ"-гээр үзүүлэх явдлыг дэмжиж, Засгийн Газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тодорхой тусгасан байна. Түүнчлэн 2013 оны 4 дүгээр сард Засгийн газраас "Нэг цонхны үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай" 153 тоот тогтоолоор "Нэг цонхны үйлчилгээ"-ний үйл ажиллагааны журмыг баталж, бүтэц зохион байгуулалт, санхүүжилтийн хувьд баталгаажуулсан юм.

2013 оны 11 дүгээр сарын 13-аас 15-ны өдрүүдэд Аймаг, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын Улсын зөвлөгөөн Төрийн ордонд зохион байгуулагдсан. Зөвлөгөөнөөр шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, сайжруулахтай холбогдсон асуудлууд болон "Нэг цонхны үйлчилгээний үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах" асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн "Нэг цонхны үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай" 153 тоот тогтоолоор баталсан "Нэг цонхны үйлчилгээ"-ний төвийн үйл ажиллагааны журмыг хэрэгжүүлэх талаар ярилцсан. Энэхүү тогтоолд "НЦҮ"-ний төвийн болон ажиллагсдын үйл ажиллагааны урсгал, хөрөнгө оруулалтын зардлыг тухайн төрийн үйлчилгээг үзүүлж буй хэлтэс, алба, газар болон шат шатны ЗДТГ-ын жил бүрийн төсөвт тусгаж хэрэгжүүлэхээр заасан байдаг.

Цаашид "Нэг цонхны үйлчилгээ"-ний үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зорилго бүхий Засгийн газрын 153 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан "Нэг цонхны үйлчилгээ"-ний төвүүдийг батлагдсан журмын дагуу тогтвортой ажиллуулахад тухайн шатны Засаг дарга болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал анхаарах шаардлагатай байна. Тогтвортой ажиллуулах гол хөшүүрэг буюу НЦҮ-ний төвийн үйл ажиллагааны болон бусад урсгал зардлын асуудлыг жил бүр төсвийн төлөвлөгөөнд тусгаж байх, ийнхүү тусгасан эсэхэд нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтмол тавих хяналт нь маш чухал. Ингэснээр төрийн үйлчилгээ шуурхай, чирэгдэлгүй байж, иргэн төрийн хоорондын итгэлцэл бэхжихэд нөлөөлөх нэг хүчин зүйл болно.


Сэтгэгдэл ачааллаж байна ..

  • ӨНӨӨДӨР:
  • 2 930
  • НИЙТ:
  • 123 639