“Хог хаягдлын цэгийн менежментийг иргэдийн оролцоотой шийдвэрлэх нь” тэтгэлгийн мэдээлэл

2016-03-29 14:38

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Хог хаягдлын цэгийн менежментийг иргэдийн оролцоотой  шийдвэрлэх нь” сэдэвт тэтгэлгийг хэрэгжүүлсэн юм. 
Энэхүү сэдвийг сонгох болсон үндэслэл, шалтгаан нь тухайн сумын хогийн цэг нь ундны усанд ойрхон, том талбайг хамарсан, хуучин цэргийн ангийн барилгын туурьтай, төдийгүй иргэд хог хаягдлаа ил задгай асгадаг, үүнийг шийдэх гарцыг иргэдтэйгээ хамтран гаргах явдал байсан.

Иргэд  хог хаягдлын тухай ямар ойлголт, мэдээлэлтэй байгааг илрүүлэх, дүгнэлт хийх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээгээ иргэдийн өөрсдийнх нь санал дээр тулгуурлан гаргах нь тэтгэлгийн гол зорилго байлаа. 

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2015 оны 9 дүгээр сарын 17 өдрийн 7 дугаар захирамжаар төслийн багийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилсон бөгөөд төслийн баг нийт 5 удаа хуралдахдаа үйл ажиллагааны төлөвлөгөөгөө гарган, түүнийхээ дагуу тэтгэлэг хэрэгжүүлсэн байна. 
Үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 
сумын 300 өрхөөс санал асуулга авах, 
60 өрхөөс ярилцлага авах, 
80 иргэн оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулах, 
Хог хаягдлын цэгт байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх зэрэг ажлуудыг зохион байгуулсан байна.

 Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг иргэдэд таниулах, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Хог хаягдлын цэгийн менежментийг иргэдийн оролцоотой  шийдвэрлэх нь” сэдэвт тэтгэлэг хэрэгжиж байгаа тухай мэдээллийг хийх зорилгоор “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулж, 59 иргэнийг хамруулсан байна. 

Мөн Говьсүмбэр аймгийн байгаль орчин, аялал жуулчлын газраар байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгүүлсэн.

                         

                               

300 өрхөд асуултын дагуу санал асуулга явуулахад дараах үзүүлэлтүүд гарсан байна.  

1.Таны бодлоор хог гэж юуг хэлэх вэ?
o Дахин хэрэглэгдэхгүй зүйлс-10
o Илүүдэл материал -9
o Өөрт хэрэглэгдэхгүй зүйлс -29
o Өрхөөс гарч байгаа хэрэггүй зүйл-11
o Юм болгоны илүүдэл хаягдал-34
o Дахин боловсруулах хаягдал-8
o Байгаль орчинг бохирдуулагч бөгөөд хүн амьтанд хортой-12
o Химийн хорт бодис-3
o Хариулаагүй -14
2.Хог хаягдлыг ангилах шаардлагатай юу? 
o Шаардлагатай -265
o Шаардлагагүй -29
o Хариулаагүй  -6
                                    

3. Та төвлөрсөн хогийн цэгийг мэдэх үү?  
o Мэднэ  -232
o Мэдэхгүй -67
o Хариулаагүй  -1

                                      

4. Таны бодлоор сумын төвлөрсөн хог хаягдлын цэгийг сайжруулахад ямар ажлыг хамгийн түрүүнд хийх шаардлагатай вэ? 
o Булах -74
o Хашаажуулах-37
o Ангилж шатаах-30
o Байрлалыг зөв тодорхойлох-30
o Нүүлгэн шилжүүлэх-29
o Ялгаж ангилах-28

Төвлөрсөн хог хаягдлын цэгийг сайжруулахад ямар ажлыг хийх вэ гэсэн хэлэлцүүлгийн 2015.11.17-ны өдөр 61 иргэдийн дунд  зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт оролцогчдыг 8 бүлэгт хуваан, багаар хоёр асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
  • хог хаягдлын цэгийг нүхэн ухан булж устгахын давуу тал - сул тал
  • хог хаягдлын цэгийн ангилан ялгаж шатаахын давуу тал- сул тал 
Энэхүү тэтгэлгийг хүрээнд цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын дараах байдлаар тодорхойлсон байна.
1.  Сумын хог хаягдлын цэгийг ландфиллийн аргаар дарж булшлах ажлын зураг, төсөв хийх
2.  Зураг, төсвийг ИТХ-ын хуралдаанд өргөн барьж шийдвэрлүүлэх
3.  Тэтгэлгийн үйл ажиллагааны  тайланг товхимол болгон хэвлэн өрхүүдэд хүргүүлэх
4.  ИТХ-ын төсөвт ХШҮ-ны зардалд хөрөнгө тусгуулах



Сэтгэгдэл ачааллаж байна ..

  • ӨНӨӨДӨР:
  • 364
  • НИЙТ:
  • 64 326