Увс аймгийн Ховд сум “Сумын ИТХ-ын дотоод ажил” сэдэвт сургалт зохион байгууллаа

2014-08-29 16:10

Увс аймгийн  Иргэдийн Төлөөлөгчдийн ажлын албанаас  2013 онд ажлын үзүүлэлтээрээ тэргүүлсэн сумдын ИТХ-ын ажлын албаны шинэ санаа,  шилдэг туршлагуудыг дэлгэрүүлж, сурталчлах зорилгоор сургалтуудыг зохион байгуулсаар байна.

  Ажил үйлсээрээ тэргүүлсэн Ховд сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга Д.Ганбатын ажлын явц үр дүнг газар дээр нь танилцаж бусад сумдын Иргэний танхимын ажилтнуудад сурталчилах, харилцан мэдээлэл солилцож тулгамдсан асуудлаар ярилцлага хийх сургалтыг  2014 оны 08 сарын 25,27-ны өдрүүдэд  зохион байгууллаа.  

Тус сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Ганбат нь 2013 онд

Хурлын ажлын албыг бэхжүүлэх, төлөөлөгчдийг үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдэд  нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг харилцаа холбоог нэмэгдүүлэх зорилгоор:  

Сумын ИТХ-ын болон Хороод, багийн ИНХ-ын ажиллах журам,Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм,  Иргэний танхимын журмыг тус тус шинэчилсэн бөгөөд хурлын дотоод ажлын стандартыг сумын хэмжээнд гаргаж түүнийхээ дагуу бичиг баримтын бүрдэлтийг хангаж, иргэдээс ажлын төлөвлөгөөнд тусгах санал, төрийн үйлчилгээний талаарх сэтгэл ханамжийн болон авилгын талаар судалгааг авч ажлаа төлөвлөн хийсэн байна.

Туршлага солилцох энэхүү ажлын хүрээнд Ховд сумын ИТХ-ын дотоод ажил, иргэний танхимын үйл ажиллагаатай болон төсөвт байгууллагуудын ажил байдалтай сургалтанд оролцогчдыг танилцуулан, “Сумын ИТХ-ын дотоод ажил” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. 2014 оны 08 сарын 25-27-ны өдрүүдэд Ховд суманд зохиогдох тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Оюунбат болон бусад 15 сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар аймгийн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтнүүд оролцлоо.

2014 оны 02 сарын 24-ны өдрийн сумын    ИТХ-ын 

5-р хуралдааны 5/ 1 тоот  тогтоолоор батлав.

СУМЫН  ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЁС ЗYЙН ДYРЭМ

 1дүгээр зүйл. Төлөөлөгчийн ёс зүйн дүрмийн зорилго

1.1.   Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн хувийн болон албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөж, нутгийн өөрөө удирдах байгууллагын манлайллыг хуулийн хүрээнд хангах нөхцөл бүрдүүлэх, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, иргэд, олон нийтийн итгэлцлийг биелүүлэн, хууль ёсны эрх ашгийг нь төлөөлөн хамгаалж ажиллахад энэ дүрмийн зорилго оршино.

2 дугаар зүйл. Төлөөлөгчийн ёс зүйн дүрмийн эрх зүйн үндэс

2.1.  Сумын  төлөөлөгч /цаашид “төлөөлөгч” гэх/ нь үйл ажиллагаандаа энэ дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг баримтлана. Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Төрийн албаны тухай хууль, Авилгын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжуудын хэм хэмжээ, зарчим нь энэхүү дүрмийн эрх зүйн үндэс болно.

3 дугаар зүйл. Төлөөлөгчийн үүргээ хэрэгжүүлэхэд тавигдах ёс зүйн шаардлага

3.1. Тухайн нутаг дэвсгэр дээр байнга оршин сууж иргэдийн эрх, ашгийг төлөөлөх үүргээ биелүүлэх

3.2. Төлөөлөгч хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдад хүндэтгэлтэй хандан, сумын НӨУБ-ын  нэр хүндийг хамгаалж, сонгогчдын итгэлийг алдагдуулахгүй байх.
3.3. Хурлын хуралдааны үед төлөөлөгчдийн болон иргэд, олон нийтийн санал санаачлага, үзэл бодол, гарч болох шүүмжлэлийг дуустал хүлээцтэй сонсож үнэн зөв зохих хариу, тайлбар өгч байх.
3.4.Төлөөлөгч нь хуралдааны явцад хурлын байнгын дэгийг сахиж дэгээр хориглосон үйлдэл гаргахгүй байх.
3.5.Төлөөлөгчийн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг оролдох, саад учруулсан тохиолдолд хууль журмын хүрээнд шийдвэрлүүлж байх.  

3.6 Хурлын хороо, түр ажлын хэсэг, хурлын үйл ажиллагаанд хамаарах бүхий л ажилд идэвх санаачилгатайгаар оролцох

4 дугаар зүйл. Төлөөлөгчийн нэр хүнд, ёс зүй

4.1.Төлөөлөгчийн талаарх аливаа нийтлэл, мэдээлэл үндэслэлгүй бол тухайн төлөөлөгч, түүний хууль ёсны эсхүл эрх ашгийг нь хамгаалах үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллага холбогдох хууль сахиулах байгууллагад хандаж, төлөөлөгчийн нэр төр, алдар хүндээ сэргээлгэх, эдийн бус гэм хорыг хуульд заасан арга, журмаар арилгуулахыг шаардах эрхтэй.

4.2.Төлөөлөгч өөртөө болон бусад этгээдэд хувийн давуу байдал бий болгохын тулд иргэдийн төлөөлөгчдийн нэр хүндийг ашиглахыг хориглоно.
4.3.
Хурлын хуралдааны үед болон төлөөлөгчийн үүргээ гүйцэтгэн олон нийтийн уулзалт зохион байгуулсан үедээ согтуурсан, мансуурсан байдалтай байхыг хориглоно.
4.4.
Төлөөлөгч нь аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, төрийн үйлчилгээний   болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил,албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно

4.5.Сумын ИТХ-аар хэлэлцэн шийдвэрлээгүй аливаа асуудлын талаар олон нийт, хэвлэл, мэдээллээр түүнчлэн гарах шийдвэрийн тухайд урьдчилан тайлбар хийх, амлалт өгөх, асуудал  хэлэлцэх явцад бусад төлөөлөгчдийн байр суур, үзэл бодлын талаар нийтэд мэдээлэл хийхийг хориглоно.

5 дугаар зүйл. Иргэд, олон нийттэй харилцах

5.1 Төлөөлөгч иргэдтэй харилцахдаа ялгавартай байдал гаргалгүйгээр тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж, асуудлыг шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг үйл ажиллагаа, үг яриагаар үлгэрлэх.
5.2 Иргэний гаргасан санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлүүлэхэд анхаарч зохих хариу өгнө.  
5.3. Иргэд, олон нийттэй харилцах, төлөөлөх эрх, үүргээ хэрэгжүүлэх явцдаа аашилж зандрах, айлган сүрдүүлэх, үзэл бодлоо тулгах зэргээр зүй бус авирлахыг цээрлэх.

5.4.Хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, иргэдтэй байнгын холбоотой байж, санаа бодлыг нь сонсох, шийдвэрт тусгуулах, хурлын шийдвэрийг таниулах, сурталчлж байх.

6 дугаар зүйл. Хувийн ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх

6.1.Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, хөрөнгө орлогын мэдүүлгээ тогтоосон хугацаанд үнэн зөв гаргаж байх.

6.2.Төлөөлөгч өөрийн болон гэр бүлийнхээ орлого, зарлагад гарсан их хэмжээний өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд зохих журмын дагуу эрх бүхий байгууллагад  үнэн зөв мэдүүлж байх.

Тайлбар: Их хэмжээний өөрчлөлт гэдэг нь 6 сарын үндсэн цалинтай нь тэнцүү буюу түүнээс дээш орлого, зарлагын хэмжээг ойлгоно. Хэрэв төлөөлөгч тодорхой ажил эрхэлдэггүй бол түүний орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж тооцно.

6.3.Төлөөлөгч хурлын болон тэргүүлэгчдийн хуралдаан бусад шийдвэр гаргах ажиллагаанд оролцохдоо ашиг сонирхолын зөрчил үүсэхээр бол энэ тухай мэдэгдлийг гаргаж байх.

7 дугаар зүйл. Хариуцлага тооцох

7.1. Холбогдох хууль болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн, түүнчлэн иргэдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах үүрэгт ажлаа зориуд биелүүлээгүй эсхүл хайнга хандсан үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил хэмээн үзэж холбогдох хууль журманд нийцүүлэн хариуцлага тооцуулах санал гаргана.

7.2.Сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга ИТХ-ын төлөөлөгчдийн хийсэн ажлыг иргэдэд тэгш байдлаар мэдээлэлж байх.

7.3.Багийн ИНХ-д ИТХ-ын дарга төлөөлөгчдийн хийсэн ажлын таалаар мэдээлэл хийж байна.

Тайлбар: төлөөлөгч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, аймаг, нийслэл, сум, дүүргийн  орон нутгийн сонгуулийн тухай хуульд заасан эрх үүргээ зориуд эсхүл байнга биелүүлж гүйцэтгэхгүй байхыг эс үйлдэхүй, эрх мэдлээ урвуулах буюу хэтрүүлэн хууль бус шийдвэр гаргах, хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, иргэдтэй байнгын холбоотой байж санаа бодлыг сонсох, шийдвэрт тусгуулах, тогтоол шийдвэрийг сурталчлах үүргээсээ санаатайгаар зайлсхийсэн, төлөөлөгчийн нэр хүндийг ёс зүйд харш үйлдэл хийсэнийг үйлдэл гэж ойлгоно.

                                                                                   

 

 



Сэтгэгдэл ачааллаж байна ..