ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ

2014-11-10 11:00


Сумын ИТХ-ын төлөөлөгчийн чадавхийг сайжруулснаар ямар үр дүнд хүрэхийг хэн хүсч байгаа юм бэ?  Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хөгжил хандлагын үр нөлөө сум хэмээх цөөн хүн амтай, дэд бүтцийн хөгжил тааруу, орчин цагийн техник технологийн дэвшлээс хэдэн алхмын хойно явдаг хэсэг бүлгийн эрх ашгийг хангахад, хөгжил дэвшлийг түргэсгэхэд тэдний бодит оролцоо юу байна аа.
Нэн тэргүүнд бодох ёстой асуудлын нэг гэж үзэж байна.
“Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий Засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн” гэж Монгол улсын Үндсэн хуулийн тавин наймдугаар зүйлийн 1-д  заасан.
Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн гэсэн хуулийн заалт хүчин төгөлдөр үйлчилж байна.

“Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нь тухайн засаг захиргааны нэгжийн хөгжлийн бодлогыг тодорхойлох мэдлэг, чадвартай, иргэдийн эрх ашгийн төлөө идэвхтэй ажиллах, өндөр ёс зүйтэй хүн байх шаардлагатай гэж үзэж байна”1. Монгол улсад нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсэн хөгжсөн үеэс дархлааг нь сайжруулах, чадавхижуулах, бусад улс орны тэргүүн туршлагыг нэвтрүүлэхээр бүх л насныхаа хөдөлмөрийг зориулж яваа О.Тунгалаг багш ийн дүгнэжээ.
Аливаа нэгэн хөгжлийн асуудал хүнээс, хүний хүчин зүйлтэй холбоотой байдгийн мөн чанараар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хөгжлийн асуудал ИТХ-ын төлөөлөгчтэй салшгүй холбоотой гэж үзэн өнөөдөр сумын ИТХ-ын төлөөлөгчдийн чадавхийн байдал, түүнийг сайжруулах арга замын талаар өөрийн саналыг хуваалцахыг зорилоо.

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хөгжил өнөөдөр гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрсэн байхуйц цаг хугацааг туулсан байна. МНУХ 2014 онд нутгийн удирдлагын байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтоол гаргасан нь бидний хэлж заншсанаар эрийн цээнд хүрсэний шинж.
Шат шатны нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бүрдүүлдэг халуун ам бүл нь 4 жилийн хугацаагаар сонгогддог төлөөлөгчид.
Бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүхий чөлөөт ардчилсан нийгэмд амьдарч буй атал төлөөлөгч чухал шаардлагатай юу?
Өнөөдөр ардчилал нь хэлбэрийн талаасаа шууд, төлөөлийн, оролцооны гэсэн төрлүүдтэй гэсэн онол байдаг. Манай Монголчууд эрт цагаас цөөн хүн амтай ч өргөн уудам газар нутгийнхаа хэмжээгээр тархан суурьшиж, нүүдэллэн амьдарсаар ирсэн нь  асуудал бүр дээр оролцуулаад байх боломжгүй нь дээрх асуултын хариулт.
Нийт иргэдийг аливаа шийдвэр гаргахад оролцуулах талаасаа “Шууд ардчилал-Иргэний оролцоо”-г төлөвшүүлэхээр Ерөнхийлөгчөөс санаачлаад бид бүхэн дэмжээд ажиллаж байна. Төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүллээ. Иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг өөрсдөө саналаа өгч эрэмбэлэх, дараалуулах буюу хамгийн түрүүнд нэн хэрэгцээтэй ажлыг, үйлчилгээг тодорхойлж байгаа нь шууд ардчилалын тод жишээ гэж бодож байна. Харин оролцох хүсэлтэй иргэн сумын 2000 хүн дотор хэдэн хувь байх вэ? гэдгийг анхан шатны нэгжид ажил хариуцаад явж байгаа /ялангуяа тэр саналыг авдаг багийн удирдлагууд/ албан хаагчид мэднэ. Бусдад найдаж, хэн нэгний зөвлөгөөг дуулгавартай биелүүлэн төр төмбөгөр, ёс ёмбогор байдагт  чинхүү сэтгэлээсээ итгэсээр ирсэн ардын итгэлтэй ч холбоотойгоор нэг л урагшгүй байгааг тэд хэлж байна.
Тиймээс ч төрийн төлөө огтоно боож үхнэ гэдэг шиг тэр ч юу ч вэ дээ? гэхчлэн дарга нарын үйл ажиллагааг шүүмжилсэн нийтийнхээ төлөө дуугарсан нэгнээ ёжлох, шоолохын дунд хэлэлцдэг биз ээ.
Монгол улсад сонгуулийн насны  хүн бүрийн хэнээс ч хараат бусаар эдэлж чаддаг эрх болох сонгуулийн хуулиар өөрсдийн төлөөллийг сонгоод сумын ИТХ-ын төлөөлөгч гэх нэр төр, үүрэг хариуцлагыг үүрүүлдэг.

Төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгааг хангахаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулинд 9 зүйлийн эрхийг баталгаажуулж өгсөн. Эрхээ эдэлж, сонгогч, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх л үлдсэн.
Хөдөө багаар явж байгаад танай тойргоос сонгогдсон төлөөлөгч хэн билээ гэхэд ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэрийг хэлээд дуусах тохиолдол бас л байдаг. Сонгосон иргэнийхээ сэтгэлд нэр нь ч үлдээгүй эрхэм төлөөлөгч өнөөдөр “Цасан дээр мөртэй, цаасан дээр нэртэй үлдэх юмсан гэж боддог болов уу? Угаас ертөнцийн жамаар мөнх настай мөнгөн шүдтэй хүн төрдөггүйн учир зарим чинхүү сэтгэл зүтгэлтэй цөөнх л үйл хэрэг, үйлс бүтээлээрээ мөнхрөн дурсагдах гавъяанд хүрдэг. Хүн болгон хошуучлагч болж чадахгүй нь үнэн ч өнөөдөр өөрт ногдсон ачааг үүрч дүүрээд аваад явах амьдралын хууль үйлчилдэг.
Намынхаа даалгавраар нэр дэвшсэн нэг суудал авсан, нам миний ачийг хэрхэн хариулах вэ? гэсэн шантаачлагчаас илүүгээр олон түмэн сонгогчдынхоо итгэл хүлээсэн нэр нөлөө бүхий манлайлагч билээ би гэж ухамсарласан төлөөлөгч хэд вэ?
Ухамсар ухаан боловсрол, бүтээлч сэтгэлгээ, бусдын төлөө зүтгэх хүсэл гэж ойлгож байна. Бүтээлч сэтгэлгээ, ажил хэрэгч хандлагын хэмжүүр дугаар гарах нь хувь хүнийг дүгнэх хүмүүсийн дүгнэлтээс үүддэг ч боловсролын түвшинг тодорхойлох боломж байгаа. Өнөөдөр Хөвсгөл аймгийн сумдаас сонгогдсон 508 төлөөлөгчийн 385 нь эрэгтэй, 123 нь эмэгтэй.


График 1. Жендерийн харьцаа                                                  График 2. Боловсролын байдал

Судалгаанаас харахад сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн 51.2% нь дээд, 14.2% нь тусгай дунд, 26.8% нь бүрэн дунд, 7% нь бүрэн бус дунд, 0.1% нь бага боловсролтой байна. Үүнд дүгнэлт хийсэн хэн боловч боловсролын түвшин муу байна гэхгүй байх. Гэтэл миний мэдэхээр 3 сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд “Нутгийн удирдлагын байгууллагын өнөөгийн түвшин цаашдын чиг хандлага”, “Чадвартай хариуцлагатай иргэдийн төлөөлөгчдийг төлөвшүүлэх арга зам” гэсэн маш ерөнхий сэдвийн хүрээнээс хальж гарсангүй. Уг нь боловсрол эзэмшихэд 1-11 дүгээр ангиудад ерөнхий эрдмийн хичээлийг үзэж, дээд сургуулийн 4 жилд мэргэжил эзэмшиж, магистр, докторын түвшинд нэг чиглэлээр мэргэшиж гаршдаг.
Монголчуудын “Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй”2 гэдгээр нутаг дэвсгэрийн хэмжээн дэх нийгэм, эдийн засгийн бүхий л асуудлын шийдлийг гар өргөн баталдаг бүрэлдэхүүний хувьд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын чиглэлээр мэргэших нь зайлшгүй юм.
Боловсролын түвшингээс гадна хүнд мэргэжлийн онцлого, харилцааны чадвар, мэдээлэл боловсруулах, мэдээллээ иргэдэд хүргэх хэл ярианы чадвар, шийдвэр гаргах чадварууд шаардагддаг.
Гэхдээ хамгийн чухал хүнд хэрэгтэй байх ёстой зан чанарын талаар эртний судар бичгүүд болоод эдүгээгийн эрдэмтэд судлаачдын судалгааны ажилд чухал байр суурьтайгаар дурдагдсаар ирсэн билээ. Тухайлбал эртний түүхэн шаштирт тэмдэглэгдсэн төр түшилцэж, түмний хэргийг шийддэг түшээ хүнд зуршмал байх есөн шинжийг тодорхойлсон.

Үүнд:

  1. Бусдын зовлонг биед эргэцүүлэх
  2. Буруу тэрслүүгээр хэрхэвч үл явах
  3. Булт хүнийг өргөн хүндэлж, хичээнгүйлэх
  4. Бодох, шинжих, бодлого ухааныг нарийвчлах
  5. Буцах, булчихыг үхэвч үл тэвчих
  6. Бузар ужидад согтууралд үл живэх
  7. Бусдын эдэд ховдоглон үл горилох
  8. Буруугаа эргэцүүлэн, ичих эмээхийг мэдэх
  9. Бусцарыг засахад зориг үл шантрах 3

Бусдын өмнөөс шийдвэр гаргах, олон түмний амьдралд нөлөө үзүүлэхүйц, нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөгдөх шийдвэрүүдийг гаргаж байдгаараа нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх сүр өндрийн хирээр хариуцлага ч мөн өндөр. Ачаалал даах чадвар гэдэг ухагдахуун ажлын байрны тодорхойлолтод нэн тэргүүнд тавигддагийн адилаар хувь хүний “хүн байх” чадвар чансааг чухалд үздэг байсан нь дээрх 9 шинжээс харагдаж байна.

Өнөөдөр сумын ИТХ-ын төлөөлөгчид сонгогдоход шүүхээр л шийтгүүлээгүй л байхад хангалттай, тэр гараад ажил хийнэ үү? байна уу? хэнд ч хамаагүй. Нэгэнтээ ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх боломжгүй байгаа цагт хариуцлага тооцох тухай ярих нь адгийн наад зах нь хүн чанарын цаашлаад хууль эрх зүйн үндэслэлгүй асуудал шүү дээ.

Аймгийн ИТХ-ын ажлын албаны сумдын ажил дүгнэх үзүүлэлтэд ИТХ-ын Тэргүүлэгчид, төлөөлөгчдийн хуралдаандаа оролцсон ирцийн байдал гэсэн үзүүлэлт байдаг нь сонгогдсон төлөөлөгчдийн идэвх оролцоог бас л нэг механик хөшүүргээр түлхэх шаардлагатай байдаг юм байна гэсэн ойлголт төрүүлдэг.

ИТХ-ын төлөөлөгчид улс төрийн сонголт хийх асуудал дээр 100% бүрэн цуглардаг. Намын бүлгүүдэд хуваагдсан байдаг бөгөөд намын бүлгүүд төлөөлөгчөө хардаж сэрдэнэ, урвагч шарвагч гэж дуудна, намаас хөөнө гэж айлган сүрдүүлнэ. Төлөөлөгчийг ингэж дарамтад оруулах байдал 2012 оны квотоор сонгогдох сонгуулийн тогтолцооноос бас шалтгаалж байна.

Нэгэнтээ бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн аль нэгэн намын өмнөөс эсхүл бие даан сонгогдсон төлөөлөгч үндсэн ажил болох хуралдаандаа сууж сумынхаа нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, иргэдийн өмнө тулгамдаад байгаа амьдрах орчны асуудлуудыг ойлгох дөр сууж байтал бүрэн эрхийн хугацаа дуусна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийсэн бүтээсэн зүйлгүй, сонгогч иргэддээ тавьсан тайлан, хүргэсэн тусгүйн улмаас ах дүү, найз нөхөд олонтой хуучин тойрогтоо нэр хүнд унасан, бусад тойрогт өрсөлдөх чадавхи хүрэхгүй учраас нэг удаагийн хэрэглээ болоод улс төрөөс гарах нь ч бий. Төрийн захиргааны албан хаагчийн сонгуульд нэр дэвших эрхийг хуулиар хориглосноос төлөөлөгчдийн чадавхи үлэмж буурсан.

Монгол улсад улс төрийн соёлыг суулгах оролдлого хүнийг хөгжүүлэх бодлогоос давуу байгаа. УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо, Нутгийн удирдлагын дэд хороо, Монголын нутгийн удирдлагын холбоо, ОУБ-уудаас төсөл хэрэгжүүлэх замаар хийгддэг сургалтууд хууль эрх зүйн орчинг тайлбарлан таниулахад чиглэгддэг. Ямартаа ч сумынхаа иргэдийн өмнө өөрийгөө танилцуулаад тодорхой хэмжээний өрсөлдөөн дундаас ялалт байгуулан гарч ирсэн нөхдийн хувьд урьд өмнө зарим нь огт бодож яваагүй, оролцохыг хүсч байгаагүй асуудалтайгаа нүүр тулсан учир мэддэггүйгээ мэдэх сайн талтай ч хувь хүний хөгжлийн талаар асуудал бас л дутагдаж байна.

Манай улсын боловсролын тогтолцоонд ч байхгүй хүний хувийн соёл, шударга зан чанар, асуудлыг хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр шийдвэрлэх чадамжтай байх нөхцөл бүрдүүлэх арга замыг эрэлхийлэх хэрэгцээ гарсаар байна.
“Хүний хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хөгжил гэдэг нь хүний сайн сайхан байдлыг бий болгох улмаар хүмүүсийн чадавхи, боломжийг өргөжүүлэх явдал юм”4.

Монгол улсын Үндсэн хуулинд иргэн хүний үндсэн үүрэг бусдын нэр төр, хууль ёсны алдар хүндийг хамгаалах гэсэн заалт байдаг. Нэг багийн сонгуулийн насны 300 иргэн төлөөлж гарч ирсэн хүн тэр 300 хүний ар гэрийн ахуй хангамж, нийгмийн харилцааны аюулгүй амар тайван орчин, хууль ёсны хэрэгцээг хангахын учир холбогдлыг дээдлэн хүндэтгэх ёс суртахуун болоод, нийгмийн үлгэрлэлтэй байх нь нэгэнтээ эрх, үүрэг хүлээсэн хүний ажил.

Нийгмийн хариуцлага гэдэг асуудал хүн бүрийн толгойд суусан өнөөдрийн нийгэмд нийгмийн харилцааг зохицуулж өгдөг хууль, эрх зүйн орчин бол үйл ажиллагаа хэрэгжих суурь үндэс байх ёстой. Гэтэл төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгаа, эрх хэмжээг хуулинд тусгасан ч, эрх хэмжээг хэрэгжүүлэх чадавх буюу боловсролын түвшин, үйл ажиллагаа хэрэгжүүлэх төсөв санхүүгийн үүсвэрийг зөвхөн батална гэсэн үгээр хязгаарлаад орхисон байгаа.
Олон түмний итгэл хүндэтгэлийг хүлээн сонгогдсоны тул тэрхүү иргэддээ мэдээлэл хүргэх, санал хүсэлтийг сонсож ажил хэрэг болгох, жил жилийн үндсэн чиглэл, сумын бодлогод тусгах шаардлага гардаг учраас мэдээллийг боловсруулах, шийдвэрлэх асуудлын төсөлд тусгах унших, бичих, цаг үеийн хэрэгцээ шаардлагыг мэдрэх зэрэг чадварууд шаардагдаж байна. Мэдээллийн технологийн дэвшилтийг цаг үеийн шаардлагаар сурч мэдэж болдог юм аа гэхэд сэтгэлгээний хурд, оюуны чадамж, асуудлыг шийдвэрлэх арга барилын шинэчлэлд суралцах үйл явц хувь хүн бүрийн онцлогоос хамаарах нь ойлгомжтой.

“Ухаалаг төр бол чадвартай хүн, технологийн дэвшил, судалгаа, хууль журмын цогц юм,” “Ухаалаг хүн ёс зүйтэй байдаг. Ухаалаг төр хариуцлагатай байдаг”, “Ухаалаг төрд ухаалаг албад хэрэгтэй” гэж “Том төрөөс ухаалаг төр лүү” сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалтыг нээж Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зүгээс хэлсэн үгэнд бий.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эс ширхэг болсон бидний хэрэгжүүлэх “Нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн” гээд хүлээж байна.
Цаашид сумын ИТХ-ын төлөөлөгчдийн чадавхийг сайжруулах арга замын талаар:

  • Төлөөлөгчөөр сонгогдох хүний ажил, амьдралын түвшин, төлөвшил, хүмүүжлийг харгалзахдаа зөвхөн цагдаагийн газраас бичгээр хязгаарлалгүйгээр хувийн үлгэрлэл, манлайлал, хүмүүнлэгийн үйл хэргийн оролцоог хамтруулах
  • Төлөөлөгчдийн ажиллах нөхцөл боломж, хариуцлага сахилга, эрх боломжийг тэгш ханган хууль эрх зүйн орчныг сайжруулах
  • Эдийн засгийн онолоор хязгааргүй өсөх хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангах асуудал яригддагтай адилаар хүн хэмээх шавхагдашгүй капиталын бэлэн нөөц болох хувь хүний хөгжлийн хөтөлбөртэй байх
  • Төлөөлөгчийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий ажилтны орон тоог ИТХ-ын бүтэцэд бий болгох
  • Төлөөллийнхөө хүн хэн байхыг иргэд өөрсдөө мэддэг, сонгодог нам эвслээс хараат бус байдлыг хангаж өгөх зэрэг асуудлууд тулгамдаж байна.

Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, орон нутгаа хөгжил дэвшилд хөтлөх чин хүслээр өргөн олноосоо сонгогдон гарч ирсэн төлөөлөгчдийн маань оюуны чадавхи, сэтгэлгээний хурд биднийг, манай сумыг, манай аймгийг, Монгол улсыг хөгжлийн гарц дээр хөтлөн гаргана. Яагаад гэхээр тэд ирээдүйг төлөвлөдөг, энэ цагийн эзэн байж гараа өргөдөг, үгээ хэлдэг, үйл хэргийг үүсгэдэг шүү дээ.

Тийм л учраас ард түмнийг төлөөлөл болсон энэ хэдийнхээ өмнө тулгамдаад байгаа хуруу дарам асуудлуудыг шийдэх гарц байгаа гэдэгт итгэнэ.



Сэтгэгдэл ачааллаж байна ..