Хөрөнгө оруулалт, санхүүжилтийг босгох 30:30:40 зарчим баримталж байгаа нь иргэдийн оролцоо, хяналтыг бодитой болгож байна.

2014-10-02 18:12

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г. Наранбаатартай хийсэн ярилцлага

2014 онд Баруун-Урт сумын ИТХ-аас ямар ажлууд зохион байгуулж байна ?
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Баруун-урт сумын ИТХ-аас “хоггүй хот болцгооё, соёлтой иргэн байя” гэсэн уриалга дэвшүүлэн, 2014 оныг “Хоггүй хотын-Соёлтой иргэн”  жил болгон баталсан. Энэхүү уриалгын хүрээнд дараах гол ажлуудыг хийхээр төлөвлөн, хэрэгжүүлж байна.
1. Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуй нэгж байгууллагыг 50 метрээс дотогш хогийн сав байршуулах
2. Нийтийн эзэмшлийн өмч хөрөнгийн тооллого явуулах журмыг баталж, өмч хөрөнгийг эзэнжүүлэх 
3. Хүний хийсэн бүтээлийг хайрлан хамгаалах, хоггүй цэвэр орчинд амьдрах нь биднээс хамаарна, амьдралын зөв хэвшилтэй болгох зэрэг хөтөлбөрүүдийг сургууль цэцэрлэгийн 2014-2015 оны хичээлийн жилийн программд оруулах 

Сүхбаатар аймаг маань иргэдээ ая тухтай орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлж,  хот төлөвлөлт ба тохижилт, гэр хорооллын төлөвлөлтийн ажлыг сайн хийж яваа тэргүүний аймаг. Тэгэхээр тантай хөрөнгө оруулалтын чиглэлээр, орон нутгийн хөгжлийн сангийн тухай дэлгэрэнгүй ярилцая. Орон нутагт бүтээн байгуулалтыг ийм сайн хийж байгаа нууц жор юу байна вэ? 
Суманд хийгдэх ажлыг иргэдээс санал авч эрэмбэлэн шат дараатай хийхэд зориулагдсан орон нутгийн хөгжлийн сан /Цаашид ОНХС гэх/  бол төсвийн хамгийн зөв хуваарилалт гэж бодож байна. Гэхдээ санал авах, эрэмбэлэх, хэлэлцэх хэрэгжүүлэхэд хамгийн гол нь “Иргэдийн оролцоо”-г өндөр байлгах, үүн дээр л гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мэдээж энэ тал дээр өөрчлөлт гарч байгаа.
Иргэдийн оролцоог сайн хангаж чадвал өмнө нь хэрэгжиж байснаас бодит давуу талууд бий болж байна. Иргэд хамтран хэлэлцэж, асуудлыг шийдэн, хийе гэсэн ажлаа бодит ажил болгож байгаа нь үнэхээр сайшаалтай байна. Жишээ нь: СӨХ-ийг хөдөө орон нутагт орлогоороо үйл ажиллагааныхаа зардлыг авч явдаг болгох, хамгийн гол нь нийтийн эзэмшлийн байрнуудын урсгал засварыг ээлж дараатайгаар сум, орон нутгийн төсөвт суулгадаг болгох гэж бид нар олон удаагийн судалгаа, хэлэлцүүлэг хийсний үр дүнд шинэ менежментийг боловсруулан хэрэгжүүлэх гэж байна. 
Мэдээж иргэдийн оролцоо ч чухал бөгөөд тодорхой хэсгийг иргэд хариуцан, иргэд 30%, сум 30%, аймаг 40% гэсэн харьцаатай хуваах зарчмаар хөрөнгө босгож ажиллаж байна. Иргэд аливаа ажилд өөрсдөө хөрөнгө оруулаад оролцоод эхлэхээр хяналт сайжирч, үр дүн сайтай байгаа нь өмнө хийгдсэн ажлуудаас харагдаж байгаа юм. 
Хөрөнгө санхүүжилт хуваарилж байгаа 30:30:40 харьцааны зарчмынхаа тухай тодруулбал? 
Жишээ нь нэг дээвэр дор 36 айл, 48 айл амьдардаг, 60 айл амьдардаг ийм хороолол байдаг, СӨХ гэдэг асуудал орон нутагт бодит утгаараа явж чадахгүй байгаа учраас олон жилийн насжилттай болсон байшингууд дээвэр болон шугам сүлжээний засварын ажил хийхгүй бол болохгүй байна гээд асуудал гардаг, иргэд өөрсдөө буюу төвийн 7-р багийн иргэд саналаа өгөөд ороод ирдэг. Тэгтэл хувийн нэг хашаа байшинтай айлын байшингийн дээвэр цоороход төр түүнийг янзалж өгөхгүй, хувь хүн өөрөө л засна. Мөн 30-40 айл нэг дээврийн дор амьдарч байгаа айлуудын дээврийг төр зүгээр л нэг удаа үнэгүй засч өгнө гэсэ зүйл байхгүй. Гэхдээ нэг дээвэр дор 1 айл байх, нэг дээвэр дор 60 айл байх ялгаатай. Тэгэхээр 60 айлуудад, та нар дээврийг засахад шаардагдах 35 сая төгрөгийн 30% буюу 10,5 сая төгрөгийг 60 айл дундаа хуваагаад гаргаж, хөрөнгө босгоод ир ээ, өөрөөр хэлбэл 60 айлын 1 айлаас 1,2 юм уу 1,3 сая төгрөг гаргах юм бол босоод ирнэ. 
20 жилийн хугацаатайгаар 1,3 төгрөгийг өөрийнхөө дээвэр дээр наана гэдэг чинь ямар ч хүн бол энэ бол болж байна гэж хүлээн зөвшөөрдөг. Ингээд иргэдээс 30% нь ороод ирэхээр, нөгөө 30% буюу 10,5 сая төгрөгийг нь ОНХС-д нь суулгаж өгдөг, үлдэж байгаа 12 сая төгрөг буюу 40%-ийг нь аймгийн төсөв дээр суулгаж өгөөч ээ гэж аймгийн иргэдийн хуралд төлөөлөл болон сонгогдсон төлөөлөгч нар болон аймгийн хурал, Засаг даргад асуудал тавьдаг. Ингээд энэ зарчим биелэнгүүт иргэд өөрсдөө мөнгөө гаргасан, сум нь мөнгөө гаргасан, аймаг нь мөнгөө гаргасан, тэгээд иргэдийг өөрсдийг нь үүнийг чинь шийдэж чадах компаниа сонгон шалгаруул аа, явцад нь хяналт аа тавь аа, тэгээд хүлээж ав аа гэхээр энэ ажил иргэдтэй нийлээд илүү үр дүнтэй, өгөөжтэй, оролцоотой, хяналттай явж байна. 
60 айл дундаа хурлаа хийгээд, нэг нэгнээ шахаж чадаж байна, дээрээс нь хэнээр гүйцэтгүүлэхээ нээлттэй ярьж чадаж байна, тэр компани үнэтэй байна, тэр компани хийж чадахгүй гэх мэт чиглэл чиглэлээрээ судалгаа гаргаад, гүйцэтгэгчээ шалгаруулж байна.Мөн дээрээс нь мөнгө шаардах том ажил дээр өөрсдөө цуг ордог, айлууд нь нэгдээд тодорхой хэмжээний ажлуудыг өөрсдөө цуг хийдэг байна. 
Их сайхан туршлага байна. Иргэд өөрсдөө  зардлын тодорхой хувийг гаргасан өөр ямар жишээ байна вэ?
2013 онд “Хотын хөгжилд-Иргэний оролцоо” сэдэвт санал асуулгаар иргэдийн маань саналыг хамгийн ихээр авсан санал бол  “Багийн хашаа гудамж цэгцлэх” байсан. 
Энэ нь  хуучин хашаа гудамжыг нэг стандарт буюу 12 м-ийн зайтай тэгш шугаманд оруулж, мухар нарийн гудамжгүй болгох, ингэснээр цаашид төвлөрсөн /ус дулаан, бохир/ шугаманд холбогдох боломжтой болгох, мөн гэрэлтүүлэг тавих, төрийн үйлчилгээг хүргэхэд ихээхэн дөхөмтэй болж, хаягжуулалт хийхэд хялбар болгох зорилготой юм. 
Энэхүү ажил гурван баг дээр маш амжилттай явж дуусах шатандаа орж  байгаа. Яагаад энэ ажил ийм үр дүнтэй явагдав гэхээр иргэд өөрсдөө нийт зардлын 60%-ийг гарган, өөрсдөө оролцон хамтран ажиллаж, хяналт тавьсан учраас.  
2014 онд ОНХС-аар ямар ажлууд хийгдэхээр санал гарч батлагдан, хэрэгжилт гүйцэтгэлийн явц ямар байна вэ? 
Баруун-Урт сум 2014 онд ОНХС-ийн 853 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар 24 ажлыг хийхээр төлөвлөн, сумын ИТХ-аар батлуулсан. Үүнээс заримыг дурдвал: гэр хорооллын хашаа гудмыг цэгцлэх,нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэх, хог зөөврийн менежментийг боловсронгуй болгох, нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах, багийн хөгжлийн төвийг байгуулах, СӨХ байгуулах, усан сан байгуулах гэх мэт ажлууд байгаа.
 Хуучин хашаа гудамж цэгцлэх ажил- 90%, нийтийн тээврийн зогсоол, үйл ажиллагаа-90% хогийн сав байршуулах, аж ахуй нэгж байгууллагууд гадаад орчин ногоон байгууламжаа бий болгох ажил-75% , Усан сан байгуулах-50%-тай явагдаж байна.
Иргэдээс ирсэн саналын дагуу эрэмбэлэгдсэн асуудлын дараагийн дугаарт байгаа Нийтийн тээвэр, СӨХ, Усан сан байгуулах ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж байна. Нийтийн тээвэр явах асуудлыг тохиролцон 13-н автобусны буудлыг шинээр барьж, хувийн хэвшлийнхэнтэй хамтран 5 чиглэлд үйлчилж эхлээд байна. / Том хүн 500төг, хүүхэд 200төг/
ОНХС-ийн хяналт үнэлгээний хувьд ИТХ-ын дэргэдэх хороод хэр сайн ажиллаж байна вэ? 
Хяналтын хувьд ИТХ-ын байнгын хороод чиглэл чиглэлээрээ хяналт тавин ажиллаж байгаа. Гэхдээ хийгдэж байгаа ажлуудад хяналт тавьж үнэлгээ өгөх нь манай иргэд өөрсдөө хийх нь илүү өгөөжтэй байна. Сайн муу хийгдэж байна гэдгийг өөрсдөө оролцож хамтран гүйцэтгэж байгаа тул явцын болон хөндлөнгийн хяналтыг байнга хийж байх нь зүйтэй. Одоогоор бидэнд үнэхээр муу хийсэн байна гэсэн шүүмжлэл ирээгүй байгаа ч ажлын явцад засах, сайжруулах зүйлийг хэлж хянаж байна. 
Төсвийн тухай хуулиар ОНХС-г бий болгон хөрөнгө хуваарилж байгаа. Энэ сан хэрэгжсэнээр ямар өөрчлөлт гарч байна вэ? 
Өөрчлөлтүүд байлгүй яахав. 1-рт орон нутагт төсвийн эрх мэдэл ирснээр дээд яам болон улсын төсөв хардаг байсан байдал байхгүй болсон. 2-рт хамгийн гол зүйл бол төсөв өөрөө хяналттай болж чадаж байна. Төсөв төлөвлөгөө нь өөрөө бодиттой гарч ирж чадаж байна. 
ОНХС гэсэн төсвийн шинэ энэ хэлбэр чинь иргэд тухайн орон нутаг сум суурин газраа өөрсдийнх нь амьдрал нэн түрүүнд тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхэд саналаа өгөөд, тэр санал нь нэгтгэгдээд, ингээд одоо Багийн иргэдийн нийтийн хурал, иргэдийн хурлаараа баталгаажаад, төсөв мөнгө нь батлагдаад, орон нутгийн төсөвт суугаад, иргэдийн бодитой амьдралд нөлөөлөхүйц өөрчлөлтийг өгч чадаж байна. 
Өнөөдөр тухайн нэг сумын баг дээр ундны усны асуудал хүнд байна гээд л яам, тамгын газар, Засаг дарга, том том дарга нарыг ирэхэд яриад л байдаг, тэр нь улсын төсвийн хөрөнгө хараад л ингээд л сууж байдаг. 
Орон нутагт төсвийн эрх мэдэл ирснээр орон нутгийн хурал нь өөрөө хуралдаад, иргэдийнхээ саналыг үндэслээд ундныхаа асуудлыг өөрсдөө шийдээд, хэнээр хийлгэх вэ гэдгээ сонгон шалгаруулаад, хийж байх явцад нь иргэд өөрсдөө хяналтаа тавиад, ингээд худгаа хүлээн авч, үр дүнгийн хүртэж байгаа нь хамгийн зөв хэлбэр байна л даа. Энэ чинь өөрөө маш том зүйлийг өөрчлөөд өгч байна гэсэн үг. Одоо 2015 оны төсөв дээр улсын төсвөөр хийгддэг, яаман дээр очиж сонгон шалгаруулалт хийгддэг энэ асуудлыг дахин багасгая, дахиж орон нутагт нь өгье гэж байгаа нь хамгийн зөв шийдэл байна. 
Тэгэхгүй бол тэнд яаманд сууж байгаа хэдэн мэргэжилтэнгүүд жишээ нь 10 жилийн сургуультай суманд сургууль дахин барина гэж орж ирдэг, эсвэл аймгийн төвөөсөө 45 км-ийн зайтай жижиг суман  дээр 4 давхар сургууль барина гээд тэр нь 2 сонгууль дамжигдаад баригдаад дуусдаг, нөгөө 960 хүүхдийн хүчин чадалтай сургуульд нь дөнгөн данган гуравны нэгт нь тэр сумын хүүхэд сурч байдаг. Ийм л төсвийн төлөвлөлт буруу, үр ашиггүй зүйлүүд байгаад байна.
Тэгвэл дороос гарсан санал санаачилгын дэмжин хөрөнгө оруулалт хийгдснээр үр дүнтэй, бодитой болж байна. Тэгэхгүй бол Монголын төсөв жил жил хямардаг, худлаа гардаг ийм байдал арилахгүй байгаа юм. 
Орон нутгийн хөгжлийн санд сул тал байна,  орон нутгийн хүн хүч багатай, техник хүчин чадал хүрэхгүй байна, жижиг жижиг юм хийхээр том төслийг дотор нь олон жижиг болгож байна гэсэн зүйл ярьдаг. Тэр бол тийм биш, иргэдэд хүртээмжийг өгч чадаж байвал хэд жижиглэх бол хамаагүй шүү дээ. 
Орон нутгийн хөгжлийн санд иргэдийн оролцоог хангах бас нэг  хөшүүрэг нь олон нийтийн оролцоотойгоор худалдан авалт хийж болно, иргэд бүл бүлэг болоод өөрсдийн хийж чадах ажлын санхүүжилтийг нь аваад хийх боломжтой байгаа. 2014 оны ОНХС-аар хийгдэж байгаа 24 ажилд иргэдийн бүлэгт хөрөнгө оруулалт хийж, жижиг ажил өгсөн тохиолдол байгаа юу
Хадлан тэжээл бэлтгэдэг нэг малчны бүлгийн хоршоонд бид нар ОНХС-аас биш, сум хөгжүүлэх сангаас зээл өгсөн. 20 малчин өрх нэгдээд, малчны бүлэг байгуулаад, хадлан тэжээлээ хадан бэлтгээд, илүү гарснаа сумынхаа малчдад худалдаж байгаа ийм нэг жишээ байгаа. 
Ер нь бол бид  хийж байгаа ажлуудаа бүгдийг нь л иргэдийн оролцоонд тулгуурлан явуулъя гэсэн ноён нуруу барьж байгаа. 
ОНХС-ийн хэрэгжилт, гүйцэтгэлийн явцад ямар бэрхшээл гарч байна вэ? 
Мэдээж төсөв цаг хугацаандаа орж ирэхгүй, оны төгсгөл рүү шахагдаж байгаа учир ажилд үнэхээр хүндрэлтэй байна. Мөн төсвийн зарлагатай холбоотойгоор ОНХС-ийн хөрөнгө хасагддаг байдал нь хийгдэж буй ажлууд зогсоход хүргэж байна. 

Ярилцлага өгсөн танд баярлалаа. 

Сэтгэгдэл ачааллаж байна ..