Төрийн захиргааны үзэл баримтлалын 4 үе шат

2014-11-05 17:39

Сүүлийн 50 жилд төрийн захиргааны үзэл баримтлал 4 үе шатыг туулан өөрчлөгдөж ирэв. Түүхийн үүднээс төрийн захиргааг төрийн бүтэц, байгуулал, үйл явцын нэгдэл гэж үздэг. Энэ нь шатлан захирах ёс, залгамж чанар, шударга байдал, стандарт тогтоох, хууль ёсны болон зохистой эрх мэдэл, мэргэжлийн чадавх зэрэг хэв шинжүүдээр тодорхойлогдож, хүний аюулгүй байдлыг хангах, өмч хамгаалах, нийгмийн хэвшмэл стандартуудыг тогтоож хэрэгжүүлэх, хууль сахиулах зэрэг үүрэгтэй байна.

Гэвч 1970-аад оны үеэс уламжлалт төрийн захиргаагхэтэрхий дүрэм журамд баригдсан, удаан эх үүсвэрийг үрэлгэнээр зарцуулдаг, үр дүнгээс илүү үйл явц, дүрэм журамд анхаардаг хэмээн ихээхэн шүүмжлэх болсон байна.

Хоёрдахь үе шатны төрийн менежмент эх үүсвэрийг үр ашигтай зарцуулах, үр нөлөөтэй ажиллах, хэрэглэгчдэд чиглүүлэх, зах зээлийн хүчин зүйлд тулгуурлах, нийтийн хэрэгцээнд мэдрэмжтэй хандах зэрэг зарчмуудыг авч хэрэглэхэд анхаарч иржээ. Энэ нь хувийн хэвшлийн үүргийг нэмэгдүүлэх, тэр хэмжээгээр төрийн хэвшлийн хэмжээ, уламжлалт төрийн захиргааны үйл ажиллагааны цар хүрээг хумих алхмуудыг санал болгож ирсэн хэрэг юм. Өөрөөр  хэлбэл төрийн салбарын байгууллагуудад хувийн хэвшлийн менежментийн зарчмыг хэрэглэхийг зорьж байсан байна.

Гурав дахь үе шатны төрийн шинэ менежмент өмнөх хандлагыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ иргэдэд үйлчилгээ үзүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн хооронд үр дүнд тулгуурласан түншлэл бий болгоход чиглэж ирсэн байна.

Гол зарчмууд нь:  

а/. үндэсний хэмжээнд болон гадаад ертөнцөд болж байгаа өөрчлөлтөнд зохицохын тулд удирдлагыг илүү уян хатан ажилллах бололцоогоор хангах;

б/. илүү үр ашигтай, бизнес сэтгэлгээтэй, үр дүнд чиглэсэн менежментийг хөхүүлэн дэмжих зорилгод нийцүүлэн иргэдийг хүчирхэгжүүлэх;

в/. заавал дагаж мөрдөх дүрэм журмаас эрс шинэчлэл, үйл ажиллагааны үр дүнг эрэлхийлэх хариуцлагын шинэ механизмд шилжих;

г/. төрийн ажил үйлчилгээнд гадны гүйцэтгэгчийг гэрээгээр ажиллуулах зэрэг бизнесийн зарчим нэвтрүүлэх;

д/. нийгмийн хүрээнд мэргэжлийн ёс зүйг хөхүүлэн дэмжих;

е/. үр дүнгийн менежмент ба төсөвт тулгуурлах зэрэг байв.

Дөрөв дэхь үе шат буюу засаглалыг төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хоорондын харилцаагаар дамжуулан улс орон өөрийн нийгэм, улс төр, эдийн засгийн харилцаагаа зохицуулах үнэт зүйлс, бодлого, байгууллын тогтолцоо  хэмээн тодорхойлжээ.

Засаглал нь иргэд, нийгмийн бүлгүүд ашиг сонирхол, өөр хоорондын ялгаатай байдлаа илэрхийлэх, хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлэх механизм, үйл явцаас бүрддэг.

Засаглалын 3 гол багана:

  • Төрд улс төр, эрх зүйн тааламжтай орчин бий болгох
  • Хувийн хэвшилд ажлын байр, орлого бий болгох
  • Иргэний нийгэмд нийгэм, улс төрийн харилцааг хөнгөвчлөх үүрэг ноогддог.

Засаглалын үндсэн үүрэг эдгээр гурван талын харилцааг хүнд чиглэсэн хөгжлийн зорилгод нийцүүлэн хөхүүлэн дэмжих явдал болно.

Хэдийгээр засаглал нь нэг бүхэл бүтэн цогц зүйл боловч үйл ажиллагаанд задлан шинжилгээ хийх, өөрчлөлт шинэчлэлтийн салбарыг тодорхойлох үүднээс түүнийг 3 хэсэгт хувааж үзэж болох юм.

Улс төрийн засаглал нийгэмд зөвшилцөл бий болгох, хууль дүрэм, журам боловсруулж батлах, мөрдүүлэх, хүний эрхийг хамгаалах, аливаа бодлогыг хэрэгжүүлэх үйл явцыг хамардаг.

Эдийн засгийн засаглал нь олон улсын болон үндэсний хэмжээнд эдийн засгийн харилцааг зохицуулах, үүний дотор бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх, байгалийн баялаг, санхүү, хүний нөөцийг бүрдүүлэх, хамгаалах үйл ажиллагааны цогцолбор юм.

Нийгмийн засаглал нь нийгэмд шийдвэр гаргах үйл явц, нийтлэг ёс суртахууныг тодорхойлох хэм хэмжээ, үнэт зүйлс, итгэл үнэмшлийн нэгдэл юм.

Засаглалын энэхүү 3 тал тус бүр бие биетэйгээ харилцан хамааралтай, бас нөлөөлөлтэй байдаг.

Сайн засаглал гэдэг нь иргэдэд тэгш боломж олгох, нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй байдал бий болгох талаар нийгэм өөрийгөө зөв зохион байгуулах тухай асуудал юм. Сайн засаглал нь өөрөө үнэт зүйл төдийгүй Мянганы хөгжлийн зорилтууд буюу ядуурлыг бууруулах, бүх нийтэд анхан шатны боловсрол эзэмшүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах, нялхсын эндэгдлийг бууруулах, эхийн эрүүл мэндийг сайжруулах, ДОХ болон бусад аюултай өвчинтэй тэмцэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангах, хөгжлийн төлөө дэлхий нийтийн түншлэлийг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хамгийн чухал арга хэрэгсэл юм.

Төрийн захиргааны дээр дурдсан үе шат бүр өөр өөрийн онцлогтой боловч төрийн гол чиг үүрэг болох хууль дүрэм сахиулах, нийгмийн стандарт, зорилтуудыг тодорхойлох, эмзэг бүлэг, хүрээлэн байгаа орчныг хамгаалах үүрэг аль ч үед хэвээр байсаар ирэв. Өөрчлөгдсөн зүйл нь гэвэл шинээр бий болсон нөхцөл байдлыг мэдэрч түүнд тохирсон үйл ажиллагаа явуулах явдал байв. Гадаад орчны өөрчлөлт нь төрийн захиргааны дотоод бүтэц, чиг үүргийг өөрчилдөг.

Сайн засаглалын үндсэн зарчмууд нь оролцоо, олон ургальч, ил тод, хариуцлагатай, тэгш байдал, хүртээмж, түншлэл, үр ашиг юм. Төрийн захиргааны ардчилсан байгуулал болж оршин тогтнох үндэс нь төрийн байгууллын бүтэц, тэдгээрийн дотоод үйл явц, механизм, зорилгыг тодорхойлохдоо сайн засаглалын зарчмуудыг мөрдлөг болгох явдал юм.

Эх сурвалж:

Төрийн захиргаа ба ардчилсан засаглал:
Иргэддээ үйлчилдэг засгийн газар,
УБ 2008 он, хуудас 30-32

Хянан тохиолдуусан:

Деннис Рондинэлэ,  Шабир Чийма, 
З.Саарал

Англи хэлнээс орчуулсан:  Ц.Даваадулам

Сэтгэгдэл ачааллаж байна ..