ИРГЭДДЭЭ ТАЙЛАГНАДАГ, ИРГЭД НЬ АСУУДАГ, ОРОЛЦДОГ, ХЯНАДАГ МЕХАНИЗМ АЖИЛЛАЖ БАЙНА

2016-04-08 05:54

Дундговь аймгийн Өлзийт сумын ИТХ-ын сайн туршлага

 

Дундговь аймгийн Өлзийт сум нь 2000 гаруй хүн амтай, Дундговь аймгийн  нийт газар нутгийн 1/5-тэй тэнцэх буюу 1,560,000 га өргөн уудам нутаг дэвсгэртэй, газар нутаг нь эрдэс баялгийн тодорхой нөөцтэй сум юм.

Өлзийт сумын ИТХ нь иргэдийнхээ санал, санаачилга дээр тулгуурлан 2015 оны 09-р сарын 29-ны өдрийн 05 тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтанд 6 байршилд нийт 919271,67 га газрыг авсан бөгөөд энэ нь  сумын нийт нутаг дэвсгэрийн 59,6% -ийг эзэлж байна.

Өлзийт сумын нутаг дэвсгэрийн 60 орчим хувийг тусгай хамгаалалтанд авч байгаагийн гол зорилго нь замбараагүй лиценз олголтыг хязгаарлах, дээж авах нэрийдлээр сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох явдлаас урьдчилан сэргийлэх, даац хэтэрсэн бэлчээрээ хамгаалах, ард иргэдийнхээ аятай тухтай амьдрах орчныг хамгаалан авч үлдэх явдал юм.

Орон нутагт өгөөжтэй, байгаль орчинд сөрөг нөлөө багатай, иргэдийн эрх ашигт нийцсэн үед ашигт малтмалын ордыг хайх, ашиглах бололцоотой газрыг орон нутгийн тусгай хамгаалалтнаас гаргаж, зөвшөөрөл өгөх боломжийг нь Өлзийт сумын удирдлагууд мөн компаниудад  нээлттэй үлдээсэн байна.

Баялгийн эзэд болох иргэд  тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа  уул уурхайн олборлох компаниуд сум орон нутагт хэдий хэмжээний татвар, төлбөр, хураамж төлж байгааг, нөгөө талаас энэхүү төлсөн татвар, хураамжийг орон нутаг өөрсдөө хэрхэн, юунд зарцуулж байгааг мэдэх эрхтэй.

Иймээс орон нутгийн удирдлагууд 2013 оноос хойш тухайн сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компани, аж ахуйн нэгжүүдийг жил бүр 1-р улиралд багтааж сумын нийт иргэдийн дунд багийн өдөрлөг дээр тайланг нь тавиулж, хэлэлцүүлдэг болсон байна.

Энэхүү нээлттэй олон талт хэлэлцүүлгээр уул уурхайн компаниуд  нь тухайн суманд ямар чиглэлээр уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг, тэдний явуулж байгаа үйл ажиллагаа тухайн орон нутагт хор хөнөөлтэй юм уу эсхүл ашигтай юм уу, сумын Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу тухайн жилд тухайн компани орон нутагт ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, ямар дэмжлэг туслалцаа үзүүлсэн, яаж хамтарч ажилласан, юу нь болсон, юу нь болоогүй талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, тайлангуудаа тавьдаг байна.

Тэгвэл нөгөө талаас, сумын Засаг дарга, түүний тамгын газар нь уул уурхайн компаниудаас орж ирсэн тодорхой хэмжээний орлогыг юу юунд зарцуулсан, орон нутагт юу бүтээсэн, ямар бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийсэн, ямар тулгамдсан асуудлаа шийдвэрлэсэн тухай тайлангаа мөн иргэддээ тавьдаг байна.

Мөн түүнчлэн, нээлттэй олон талт хэлэлцүүлэг дээрээ иргэдээсээ санал авч, уул уурхайн компаниудын сумын Засаг даргатай байгуулах тухайн жилийн гэрээнд иргэдээс авсан дээрх санал дээрээ тулгуурлан гол гол заалтуудыг оруулж өгдөг байна.

Ийнхүү гурвалсан олон талт хэлэлцүүлгүүдийг жил бүр тогтмол явуулж, олон нийтэд ил тод хэлэлцүүлж тайлагнадаг болсноор орон нутгийн удирдлага болон тухайн компаниудын хооронд ямар нэг сөрөг нөлөө, хардах сэрдэх үл ойлголцох байдал байхгүй болж, иргэдийн дундах уул уурхайн талаарх андуу ташаа мэдээлэл, ойлголт багасч, тухайн орон нутгийн уул уурхайн үйл ажиллагаа иргэдэд нээлттэй, ил тод болж байгаа ач холбогдолтой юм.

Хэлэлцүүлгүүдийг “Төлсөн авснаа нийтэл” эвслийн “Хил хязгааргүй алхам” ТББ-тай хамтран жил бүр явуулдаг бөгөөд энэхүү эвсэл нь  компаниудын төлсөн төлбөр, засгийн газрын хүлээн авсан орлогыг ил тод болгох зорилготойгоор уул уурхай ихтэй сум орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж, тэдний чадавхийг бэхжүүлэн улмаар төр засаг, компани, иргэний нийгмийн гурван талын хамтын ажиллагаа, эрх тэгш түншлэлд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг байна.

Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт ашиглалтын 3 компани, 20 гаруй хайгуулын зөвшөөрөл авсан компаниуд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд  энэхүү олон талт хэлэлцүүлгийг хөрш зэргэлдээ аймаг, сумдын төлөөллийг оролцуулан жил ирэх тутам улам өргөтгөн зохион байгуулж байна. Жишээ нь өнгөрсөн жилийн хэлэлцүүлгээ уул уурхай бүхий зэргэлдээ аймгийн сумдууд болон өөрийн аймгийн зарим сумдын удирдлагуудыг байгаль орчны мэргэжилтнүүд ба иргэдийн төлөөлөлтэй нь хамт урин, нэлээн өргөтгөсөн хэмжээгээр хийсэн нь аймгийн хэмжээнд бусад сумдуудад сайн туршлага болохуйц ажил болжээ.

Уул уурхайгаас хамаарал ихтэй сум орон нутгийн хувьд, иргэдийнхээ өмнө уул уурхайн олборлох салбарын үйл ажиллагаа болон төсөв мөнгөний талаар тайлагнадаг, иргэдээрээ хэлэлцүүлдэг, иргэд нь асуудаг, оролцдог, хянадаг механизм ажиллаж, тогтмолжиж байгаа нь өөрөө маш чухал юм.

Төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх зорилготой Төсвийн тухай хууль 2013 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж, түүний хүрээнд Орон нутгийн хөгжлийн сан бий болж, сум орон нутагт хөрөнгө оруулалтыг хуваарилж байгаа билээ. Тэгвэл энэхүү Төсвийн хуулинд “Орон нутагт олборлох салбарын орлого төвлөрүүлэх тухай” нэмэлт өөрчлөлтийг  2015 оны 5-р сарын 21-нд хийсэн. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр тухайн аймаг, сумын Орон нутгийн хөгжлийн санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос тодорхой хэмжээг төвлөрүүлэх, олгох болсон байна. /Доор хуулийн заалтуудыг хавсаргав/

Иймд иргэд нь асуудаг, оролцдог, хянадаг механизм бүрдсэнээр сум орон нутагт цаашид уул уурхайгаас болон бусад эх үүсвэрээс орж ирэх орлого, хөрөнгө оруулалтуудыг иргэдтэйгээ хамтран, иргэдийнхээ санал дээр үндэслэн, иргэдтэйгээ хамт хяналт тавин сум орон нутгийнхөө хөгжлийн төлөө илүү үр дүнтэй,  илүү үр ашигтай зарцуулах нөхцөл, суурь болж байгаа нь Дундговь аймгийн Өлзийт сумын жил бүр явуулж хэвшүүлсэн олон талт хэлэлцүүлгийн гол үр дүн, үр нөлөө юм.

Төсвийн тухай хуулийн

2015.05.21 ний өөрчлөлт.

/Орон нутагт олборлох салбарын орлого төвлөрүүлэх тухай /

 

60.2.6.ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг хассан зөрүүний 30 хувь;

/Энэ заалтыг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн бөгөөд үүнийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

 

60.2.7.ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувь.

/Энэ заалтыг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн бөгөөд үүнийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

 

60.5.Аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан нь энэ хуулийн 60.2.6-д заасан орлогын 33-аас доошгүй хувийг ашигт малтмалын олборлолт хийсэн сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн санд олгоно.

/Энэ хэсгийг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн бөгөөд үүнийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

 

60.6.Аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан нь энэ хуулийн 60.2.7-д заасан орлогын 50-аас доошгүй хувийг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай байрших сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн санд олгоно.

/Энэ хэсгийг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн бөгөөд үүнийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

 

60.7.Энэ хуулийн 60.2.6-д заасан эх үүсвэрийг ашигт малтмал ашигласан аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд, энэ хуулийн 60.2.7-д заасан эх үүсвэрийг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай байрших аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд улсын төсвөөс шилжүүлнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн бөгөөд үүнийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

 

60.8.Энэ хуулийн 60.2.6-д заасан улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн бөгөөд үүнийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

 

60.9.Энэ хуулийн 60.6, 60.7-д заасан нутаг дэвсгэр нь хоёр болон түүнээс дээш тооны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг хамрах бол хувь тэнцүүлэх замаар орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгийг хийнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн бөгөөд үүнийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

 


Сэтгэгдэл ачааллаж байна ..