Аймгийн ИТХ-ын дарга нар Филиппин Улсад туршлага судлахаар ажиллаж байна

2018-07-03 12:43

Аймгийн ИТХ-ын дарга нар Филиппин Улсад туршлага судлахаар ажиллаж байна
Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар Бүгд Найрамдах Филиппин Улсад туршлага судлахаар Баянхонгор, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өмнөговь, Ховд, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга нар Манила хотод ажиллаж байна.
Төлөөлөгчдийг НҮБХХ-ийн зохицуулагч ноён Жейм Антонио Филиппин Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын байранд угтан авч, уулзалтын эхэнд орон нутаг дахь НҮБХХ-ийн дэд дарга ноён Энрико Гавеглиагийн мэндчилгээг уламжлав. Тэрээр, Монгол Улсаас хүрэлцэн ирсэн зочдод талархал илэрхийлэхийн сацуу Филиппин Улс Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаагаа хэрхэн хөгжүүлсэн, мөн орон нутагт тулгарч буй бэрхшээлийн талаарх туршлага судлуулахаар хүлээн авагч орон болсонд баяртай буйгаа уулзалтын үеэр онцолж байв.
Туршлага судлах өнөөдрийн /2018.07.02/ арга хэмжээ дөрвөн хэсгээс бүрдсэн ба эхний хэсэг болох Филиппин Улсын Засаг захиргааны тогтолцоо, засаглал болон хөгжлийн талаарх танилцуулгыг Дотоод хэрэг, нутгийн удирдлагын яамны Макати хот дахь нэгжийн захирал хатагтай Чэрри Канда Мелодиас хийв. Тэрээр, Филиппин Улсын Үндсэн хуульд нутгийн удирдлага нь ард түмэндээ үйлчилнэ гэж заасан байдаг. Гэсэн хэдий ч хариуцлагын механизм гэсэн томоохон  тогтолцоо бүх нийтээр тэгш үйлчилдэг болохыг танилцуулгын эхэнд тодотгож байв. Үүнийг тайлбарлаж жишээ дурдахдаа, нэгэнтээ сонгогдсон хурлын Төлөөлөгчдөд хариуцлага тооцох үед түүнийг шууд эгүүлэн татах эрх зүйн орчин бүрддэг ба энэ нь хариуцлагын зарчим гэж томьёологддог гэв. Түүнчлэн Филиппин Улс нь шат шатны бүсэд хуваагддаг ба хамгийн бага Засаг захиргааны нэгж бол Барангая юм. Барангая нь Монгол Улсын Засаг захиргааны нэгж болох хороо, багтай ижил боловч өөрийн гэсэн удирдлагын бүтэцтэй мөн улстөрийн хамгийн жижиг нэгж, тогтолцоотой гэв. Бас нэгэн жишээ дурдахад, Барангаягийн Засаг захиргаа нь татвар хураах эрхтэй /гагцхүү зөвхөн ус, цахилгааны төлбөрийг хувийн аж ахуйн нэгжүүдэд төлөвлөрүүлдэг/ мөн цагдаагийн байгууллага нь орон нутагтаа шийдвэр, журам гаргах бүрэн эрхтэй гэлээ. Тухайлбал, Үндсэн хуульд харшлахааргүй бол хурд болон том оврын автотээврийн хэрэгслийг тодорхой хугацаанд орон нутгийнхаа бүсэд үл нэвтрүүлэх бүрэн эрхтэй байдаг хэмээн танилцуулж байв.
Дараа нь Орон нутгийн хөгжлийн төлөвлөлт сэдвийн дор ноён Арсе Фажардо танилцуулга хийв. Үргэлжлүүлэн Филиппин Улсын аймгуудын Лигийн Гүйцэтгэх захирал хатагтай Сандра Паредес “Нутгийн өөрөө удирдах байгууллага дахь Лигийн үүрэг” гэсэн сэдвийн дор илтгэл тавьсан бол Филиппин Улс дахь Орон нутгийн сэргээн босголтын хөдөлгөөний дэд тэргүүн хатагтай Беки Малай орон нутгийн хөгжлийн талаарх илтгэл тавьсан болно.
Уулзалтын үеэр талууд санал бодлоо солилцохын зэрэгцээ сонирхсон асуултаа асууж, тодруулга авч байлаа. Тухайлбал, Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Барангая нэгжийн Засаг даргыг хэн сонгодог болох мөн хүн амын тоо нь хэд байж Барангаяг үүсгэж болох эрх зүйн талаар тодруулахад хатагтай Чэрри Канда Мелодиас, Засаг даргыг иргэд өөрсдөө сонгодог ба хүн ам нь 20,000-аас дээш байж болдог гэсэн тайлбар хийж байв.
Филиппин Улсын Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааг судлахаар Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Завхан аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс хамрагдаж, туршлага судалсан бол маргааш Малолос хотын удирдлагуудтай уулзаж, хоёр талын уулзалтуудыг үргэлжлүүлэх болно хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Манила хотоос мэдээлэв.





Сэтгэгдэл ачааллаж байна ..