Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага ба Иргэдийн оролцоо

2014-11-19 17:06

*Ачааны хүндийг өөрөө үүрье* гэсэн латин үгнээс гаралтай НӨУЁ нь хүн төрөлхтөний хувьд эртний ойлголт хэдий ч манай улсын хувьд харьцангуй залуу  ойлголт юм. Учир нь  ардчилсан чиг баримжаат  өөрөө удирдах  ёс нь монголд  ардчилсан хувьсгалтай хамт  бий болсон түүхтэй.
Тодорхой нутаг дэвсгэрт аж төрөн суугаа хүмүүс өөрсдийн амьдрал аж ахуйд хамаатай бүхий л асуудлыг өөрсдийн санхүү эдийн засгийн боломжид тулгуурлан хууль тогтоомжийн хүрээнд хамтран шийдвэрлэх эрх мэдлийг НӨУЁ гэнэ гэсэн тодорхойлолтоос харахад НӨУЁс ыг хэрэгжүүлэхэд иргэдийн идэвхи, оролцоо,  ойлголт мэдлэг хамгийн чухал гэдэг нь харагдаж байгаа юм.   Бүүр тодруулбал   НӨУЁ ыг хэрэгжүүлэгчид нь  иргэд,  бүх шатны ИТХ  юм.
Манай улсын хувьд НӨУЁсны байгууллагыг чадавхижуулах бэхжүүлэх талаар олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг талархан дэмжих нь зүйтэй юм.
Миний бие  10 гаруй жил иргэдэд зориулж хүний эрх, ардчилал, НӨУЁсний талаар сургалт  зохион байгуулж,  иргэдэд хичээл зааж, орон нутгийн бүүр тодруулбал  багийн түвшинд иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсох ажлыг хийж байгаа бөгөөд НӨУЁБ –ыг бэхжүүлж чадавхижуулахын тулд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлуудыг өргөнөөр   хийх хэрэгтэй гэж бодож байна.
ИТХ-ын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд:

  • Хуралдааныг нээлттэй, явуулын хэлбэртэй хийх
  • Шийдвэрийн хувилбарыг өргөн хэлэлцүүлдэг байх
  • Шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих хэсэгт сонирхогч талуудын төлөөллийг оруулж хэвших
  • Орон нутагт олон талт түншлэлийн үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг ажлууд  чухал ач холбогдолтой.

НӨУЁсыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхэд иргэдийн оролцоо чухал гэдэг нь дараахь зүйлээс тодорхой харагдана. Иргэд аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор:

  • Бодлогод нөлөөлөх боломжийг бий болгоно
  • Шийдвэр гаргах үйл явцын тухай илүү их мэдээлэлтэй болно: оролцогчид, нутаг дэвсгэр г.м
  • Нийгмийн харилцаа, хариуцлагыг бий болгож хамтын хүчин чармайлтыг хөгжүүлнэ

  • Шийдвэр гаргахад орон нутгийн хэрэгцээг илүү сайн тусгана
  • Иргэд өөрсдөө орон нутгийнхаа хөгжилд оролцож, түүнийхээ  үр өгөөжийг хүртэнэ

       НӨУЁсны Байгууллага нь ардчилсан зарчмын дагуу ил тод нэлттэй ажиллаж чадахгүй бол иргэдийг төлөөлөх үндсэн үүргээ биелүүлж чадахгүй, иргэдийн оролцоо хангагдах боломжгүй байна гэсэн үг юм.
Нутгийн өөрөө удирдах ёс /НӨУЁ/ бол орон нутгийн хүн амын хамтын нийгэмлэг болж ардчилсан нийгмийн байгууллагын нэг үндсэн бүрдүүлбэр байж, иргэдээс засгийн эрхийг барилцаж, нийгмийн хэргийг удирдахад оролцох улс төрийн суурь эрхээ шууд хэрэгжүүлдэг гол боломж юм. Шийдвэр гаргах нь иргэдийн шууд ба төлөөлөх оролцооны дээд түвшин юм.
Шийдвэр гаргах үйл явцад иргэдийг оролцуулснаар:

  • Гаргаж буй шийдвэрийн хэрэгжилт болон төрийн үйлчилгээ сайжирах
  • Шийдвэр гаргах үйл явцын ил тод, нээлттэй байдал нэмэгдэх
  • Төрийн байгууллагын авилгал багасах
  • Төр, ИНБ, бизнесийн байгууллагууд болон иргэдийн хооронд итгэлцэл бий болох
  • Орон нутгийн төсөв дэх санхүүгийн нөөц, цаг хугацаа хэмнэгдэх
  • Нийгмийн харилцаа, хариуцлагыг бий болгож хамтын хүчин чармайлтыг хөгжүүлэх
  • Шийдвэр гаргахад орон нутгийн хэрэгцээ илүү сайн тусгагдах
  • Иргэд илүү хариуцлагыг хүлээх  зэрэг олон ач холбогдолтой.

       НӨУЁсны Байгууллага нь:

  • Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагтай хослуулах
  • Нутаг дэвсгэрийнхээ асуудлыг бие даан зохион байгуулах
  • Ардчилсан ёсыг хангах
  • Шударга ёсыг дээдлэх
  • Эрх чөлөө, тэгш байдлыг хангах
  • Үндэсний эв нэгдлийг хангах  зэрэг үйл ажилагааныхаа зарчмуудынхаа дагуу ажиллахад иргэдийн оролцоо зайлшгүй хэрэгтэйгээс гадна тэдний оролцоо та бүхний ажилд чухал үүрэг гүйцэтгэх болно. Учир нь иргэдийн оролцоо нь ардчиллын тулгуур үндэс бөгөөд иргэдийн зүгээс улс төрийн системийн бүх түвшинд  шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх үйл ажиллагаа юм.  Мөн түүнчлэн иргэд ашиг сонирхолоо хамгаалах, нийтлэг сонирхлын үүднээс эвлэлдпэн нэгдэж, дэвшүүлсэн зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм.

         Иргэдийн оролцооны олон арга байдгаас дараахь аргуудыг онцлон үзэх хэрэгтэй.

Үүнд:

  • Иргэдэд мэдээлэл түгээх
  • Иргэдийн хэлэлцүүлэг
  • Иргэдийн хяналт
  • Иргэдийн зүгээс тавих шаардлага буюу нөлөөлөл

       Энэ бүхнээс иргэдийн идэвхтэй шууд оролцоо нь тун чухал юм. Бодлого боловсруулах явцад иргэдийг оролцуулна гэдэг бол түншлэлийн зарчимд тулгуурласан төр иргэдийн хос урсгалтай харилцааны хөгжиж гүнзгийрсэн хэлбэр юм. Хамтарсан ажлын хэсэг байгуулах, цуглаан, хэлэлцүүлэг, форум зохион байгуулах гэх мэт хэлбэрийг  энд хэлж болно

Хөдөө орон нутагт нэг талаас НӨУЁсны байгууллагын боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, дадлага туршлага хуримтлуулах, нөгөө талаас иргэдийг мэдлэг мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах  нь  зайлшгүй хэрэгтэй байна.Орон нутгийн хөгжил нь тухайн орон нутагт амьдарч ажиллаж буй иргэдийн  санаа бодол, санаачлага, түүнийг дэмжин хамтран ажиллах нь НӨУЁсны байгууллагаас  шууд хамааралтай гэдгийг энд онцлоё.

Хөвсгөл аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Цогтоо



Сэтгэгдэл ачааллаж байна ..