Швейцарийн Холбооны Улс

2016-01-11 14:31

Швейцарийн холбооны улс нь дараах 3 түвшинтэй байна.

  • Холбооны буюу үндэсний Засгийн газар

  • 26 кантон буюу муж

  • 2700 орчим хот

Түвшин бүрийн гүйцэтгэх чиг үүргийг ялгаатай тодорхойлж өгсөн байдаг. Тухайлбал, үндэсний парламентаас улсын хэмжээнд мөрдөх хууль, журмыг баталдаг бол мужууд өөр өөрсдийн нутаг дэвсгэр дээр мөрдөх хууль тогтоомжийг баталдаг байна.

 

Кантон нь төрийн байгуулалд маш чухал байр суурь эзэлнэ. Ер нь Швейцарийн холбооны улс нь анх кантонууд өөр хоорондоо нэгдсэнээр үүсэн бий болсон бөгөөд төв Засгийн газраас кантоны эрх мэдлийг тодорхойлох бус харин кантонууд ямар чиг үүргийг үндэсний засгийн газарт шилжүүлэх нв гэдгийг шйидэж ирсэн. Чиг үүргийг хуваарилахдаа аль болох хүн амд ойр, доод шатны нэгж гүйцэтгэх зарчмыг баримтлана гэж Үндсэн хуулиндаа заасан байдаг.

 

Кантон тус бүр парламенттай, засгийн газартай, шүүхтэй. Үндэсний парламентаас гаргасан хууль тогтоомжоос гадна өөрийн парламентаас баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэ ажилладаг. Гэхдээ кантоны хэмжээ, хүн амын тоо харилцан адилгүй тул бүтэц, орон тоо харилцан адилгүй.

 

Татварийн тогтолцоо нь төвлөрсөн бус:

 

Кантон, хотууд чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтын хувьд харьцангуй бие дааж ажиллах санхүүгийн үндэс суурь нь татварын төвлөрсөн бус тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл, үндэсний засгийн газраас гадна кантон, хотууд өөрийн гэсэн татварын орлоготой.

 

Кантонууд санхүү, төсөв болон дотоод зохион байгуулалтын асуудлыг шийдэхдээ төвөөс хараат бус, бие даасан байдал нь өндөр байна. Нийт улсын татварын орлого, зарлагын 30 орчим хувийг кантонууд бүрдүүлдэг.  

Гэхдээ кантонуудын хүн ам, газар зүйн байршил, орлого олох чадвар нь мэдээж харилцан адилгүй. Иймээс санхүүгийн хувьд орлого багатай кантонуудад орлого сайтай кантон болон төвөөс тодорхой томъёоны дагуу татаас олгох тэнцвэржүүлэх механизмс ашигладаг.

 

Кантонууд салбарын бодлогыг ихэнхдээ өөрсдөө тодорхойлж, хэрэгжүүлдэг:

 

26 кантон тус бүрдээ ямар үйлчилгээг ямар түвшинд явуулахаа өөрсдөө шийднэ. Цагдаа, сургууль, эмнэлэг, кантоны түвшний зам ба бусад дэд бүтэц, газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэх мэт чиглэлээр кантонууд дангаараа бодлогоо тодорхойлж, хэрэгжүүлдэг. Харин эрчим хүч, дээд сургууль, байгаль орчны хамгаалал зэрэг чиглэлээр Холбооны засгийн газартай хамтран бодлогоо тодорхойлж, хэрэгжүүлнэ. Мөн нарийн мэргэжлийн төрөлжсөн эмнэлэг зэрэг зарим салбарт бусад кантонтой хамтарч үйлчилгээ хүргэдэг.

 

Нэгэнт салбарын бодлогыг кантон өөрсдөө тодорхойлж байгаа тул бодлогын зохицуулалт, хүн амд тусах үр нөлөө зэргийг мөн өөрсдөө хариуцна. Үүний нэг жишээ нь Обвалден кантон эрүүл мэндийн даатгалын хураамжаа тогтоохдоо орлого багатай иргэдийг бүрэн харуулж, ядуурлаас урьдчилан сэргийлэхийн тулд даатгалын хураамжийн төлбөрийг тодорхой хувиар хөнгөлж буй явдал юм. Монгол улсад эрүүл мэндийн даатгалын бодлогыг үндэсний түвшинд буюу Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас шийдэж байгаа тул аймаг, сумд бодлого боловсруулахад оролцохгүй, зөвхөн хэрэгжүүлэх л үүрэг хүлээдэг билээ.

 

Намуудын нөлөө бага:

 

Улс төрийн намууд гишүүнчлэлгүй. Парламентад намуудын суудал сонгуулийн үр дүнгээс хамаарч харилцан адилгүй байдаг ч засгийн газартаа олон суудал авсан бүх намын төлөөллийг оруулж бүрдүүлдэг. Ялсан нам нь засгийн газраа бүрдүүлдэг Их Британи зэрэг орны тогтолцооноос өөр, консенсус буюу намуудын харилцан зөвшилцлийн зарчим маш сайн үйлчилдэг. Парламентийн гишүүд бүгд орон тооны бус, дор дороо мэргэжлийн ажлаа хийхийн зэрэгцээ хууль тогтоох ажиллагаанд оролцдог.


Кантон бүрийн парламент үйл ажиллагааны дэгээ өөрсдөө тогтоох тул нэгдсэн дүгнэлт хийх боломжгүй. Гэхдээ тухайлбал, Обвалден кантон гэхэд парламентийн ерөнхийлөг буюу спикерийн ажлыг сонгуульт хугацаанд зөвлөлийн гишүүд жил жилээр ээлжлэн гүйцэтгэдэг.

 

Иргэдийн оролцоо:

 

Холбооны, кантоны, хотын гэсэн 3 түвшингийн аль алинд нь улс төрийн гол асуудлаар иргэд эцсийн шийдвэр гаргадаг. Үүнд дараах гурван хэлбэрийн аргыг ашигладаг байна

  • иргэдийн заавал оролцох санал асуулга

  • сонголтоор оролцох санал асуулга

  • иргэний санаачилга  

 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зэрэг асуудлаар бүх нийтийн санал асуулга заавал явуулна. Парламентын бусад шийдвэрийн хувьд иргэдээс санаанд нь нийцэхгүй байгаа зүйл дээр тодорхой тооны гарын үсэг \100,000\ цуглуулбал тухайн асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулдаг байна. Харин иргэний санаачилга гэдэг нь үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсвэл шинэ хууль батлах асуудлаар тодорхой тооны иргэн санаачилга гаргавал түүнийг парламент авч хэлэлцээд бүх нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийддэг.

 

Холбооны, кантоны, хотын түвшний парламентаас оруулж буй иргэдээс авах санал асуулгыг улиралд нэг удаас хамтатган явуулдаг тул зардал, чирэгдэл багатай байдаг. Төр, орон нутгаа удирдах үйл хэрэгт иргэд саналаа өгөхөөс гадна янз бүрийн сонгуульд идэвхтэй нэр дэвшин сонгогдох байдлаар оролцдог. Нийт хүн амын 50 хүн тутмын 1 нь сонгуульт ажил хашдаг гэсэн дүн бий. Орон тооны биш, сонгуульт ажлын цалин нь бага байдаг тул сайн дураараа буюу иргэний идэвхээрээ л эдгээр ажлыг хийдэг.

 

 

Үйлчилгээ хүргэлт:

 

Засаг захиргааны хамгийн жижиг нэгж болох хотын түвшин иргэддээ үйлчилгээг яаж хүргэдэг талаар усан хангамжийн жишээтэй танилцая. Гол зарчим нь усан хангамжийг ашиг олох ёсгүй нийтийн үйлчилгээ гэж үздэг, гэхдээ тус үйлчилгээг хотын захиргаа хариуцдаг ч өөрөө хүргэдэггүй, харин Ус хэрэглэгчдийн бүлгүүд айлуудаас төлбөрөө авч, усаа тухайн тухайн бүлэгтээ өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар хүргэдэг. Швейцарь улс нь уулс уулархаг, уулын цэвэр усны нөөц сайтай бөгөөд өндрөөс буух усыг тосч голдуу хэрэглэдэг, мөн гүний худгийг ч ашигладаг байна. Усны хоолойн төхөөрөмж зэргийг солих хэрэгтэй тохиолдолд урьдчилан танилцуулаад тухайн бүсийн айлууд уг хөрөнгө оруулалтыг гаргахын тулд усны төлбөр нэмэхийг зөвшөөрсний үндсэн дээр хийгддэг байна. Ашиг олох, мөн урт хугацааны өр тавихыг хориглодог байна.

 

Берний кантоны Хотуудын холбоо:

 

Тус холбоо нь бусад нийгэмлэг, холбоотой эрх зүйн хувьд яг адил буюу хувийн эрх зүйн хүрээнд байгуулагдсан. Берний кантоны бараг бүх хот гишүүн нь болж нэгдсэн байдаг. Намуудын нөлөө байхгүй, цэвэр хотын ашиг сонирхлыг хамгаалж ажилладаг. Кантоны түвшинд яригдаж буй аливаа бодлогын асуудал хотуудын нийтлэг ашиг сонирхлыг хөндөж байгаа тохиолдолд л оролцдог. Хотуудын холбоотой зөвлөлдөлгүйгээр Берний кантон хоттой холбоотой чухал шийдвэр гаргадаггүй.

 

Бусад:

  • Аль ч түвшний парламент Тэргүүлэгч гэж тусдаа хуралддагггүй, хурлаа сар бүр хийж, бүх гишүүдийн оролцоотойгоор асуудлаа хуралдаанаараа шийддэг.

  • Тухайн кантон, хот бүр аль болох өөртөө хүн амын суурьшил, бизнесийг татах зорилготой ажилладаг нь анхаарал татаж байна. Тэгж чадахгүй бол санхүүгийн хувьд бололцоогүй болж, өөр хоттой нэгдэхээс өөр аргагүй болох ба ийнхүү нэгдэх үйл явц нь дээрээс биш, хотуудын өөрсдийн санаачилгаар явагддаг байна. Олон намаас хотын удирдлага нь “ энэ хотод л ирж амьдрах юмсан гэсэн хүсэлт тэмүүлэл төрүүлэх” гэсэн нэгдмэл зорилготой ажиллаж, нутгийн удирдлагын тогтолцоог жинхэн утгаар нь хэрэгжүүлж байна.

  • Аливаа асуудлаар заавал иргэдийн саналыг судалдаг, тухайлбал, шинээр газар авч, байшин барих өргөдөл авч, зөвшөөрөл өгөхийн өмнө барих байшингийнхаа өндөр, эзлэх зай зэргийг харуулсан шон босгон бусдын эрх ашиг хөндөгдөх эсэхийг судалдаг байна.

  • Улс төрчид олон боловч эрх мэдэл нь хумигдмал, шийдэх асуудлыг нь тухайн тухайн түвшинд л хуваарилсан тул эрх мэдлийн төвлөрөл сул, нөгөө талаар, иргэд болон бусад холбогдох талын оролцоо, хяналт өндөр байна.

  • Иргэдээс татварыг нь суутгаж авахгүй, харин өөрсдөө жилд нэг удаа орлогоо мэдүүлж, татвараа төлдөг нь сонирхолтой байв.

 


Сэтгэгдэл ачааллаж байна ..