НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ НИЙГМИЙН ШААРДЛАГАД НИЙЦҮҮЛЭН БОЛОВСРОНГУЙ БОЛГОЁ.

2014-08-29 11:29

Нутгийн өөрөө удирдах ёс хэмээх энэхүү ойлголт Монгол түмний амьдралын гүнд өөрийн биелэлээ олж бодитойгоор оршсоор ирсэн хэдий боловч, Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөгдөж нутгийн удирдлагын зарчим болон засаглалын утга агуулгыг олж аваад дөнгөж хорь гаруйхан жил болж байна. Манай  улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орж, энэхүү түүхэн сонголтоо шинэ Үндсэн хуулиараа хуульчлан баталгаажуулсан билээ.  Монгол улсын шинэ Үндсэн хуулиар нутгийн удирдлагын тогтолцоог зарчмын  өөр байр сууринаас томъёолон “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” гэж хуульчилсан бөгөөд  Монгол улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлогод “Нутгийн өөрөө удирдах ёс нь ардчилсан нийгмийн гол үндэс мөн” хэмээн тодорхойлжээ. Ийнхүү НӨУЁ-ны зарчим нь эдүгээ манай улсад Үндсэн хуулиар  баталгаажиж, практик амьдрал дээр түүний бүхэл бүтэн тогтолцоо бий болж Бүрэн эрхээ хэрэгжүүлж байна.

Нутгийн өөрөө удирдах байгууллагыг орон нутгийн бие даасан байдлын илэрхийлэл, тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн ашиг сонирхлыг илэрхийлэгч, нутаг дэвсгэртээ “ эзэн ” нь байхыг НӨУЁ-ыг хэрэгжүүлж байгаагийн шалгуур гэж үздэг. Орон нутгаас хөгжил эхэлдэг хэмээн олон удаа бид ярьж хэлдэг. Тэгвэл тодорхой нутгийн иргэдээс сонгогдсон Хурлыг  тухайн нутгийг удирдах эрх мэдлийг хэрэгжүүлэх институтийнх нь хувьд бэхжүүлж, Үндсэн хуулиар баталгаажуулсан үзэл баримтлалынх нь  дагуу ажиллуулах шаардлагатай байна. Ингэж гэмээн яах аргагүй л орон нутгаас хөгжил эхлэх суурь нөхцлийг бүрдүүлэх болно. Өнөөдөр дэлхий нийтийн хэмжээнд оролцоог хангах хөгжлийн чиг хандлагад ихээхэн ач холбогдол өгч,  энэхүү хандлага нь иргэдийн оролцооны чанарыг дээшлүүлэх замаар өөрөө өөрийгөө тэтгэх, тогтвортой хөгжлийг хангаж,  нийгмийн шударга ёсыг тогтоох арга зам  хэмээн үзэх боллоо. НӨУЁ-ны онолын үндэслэл, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, Үндсэн хуулийн үзэл баримтлал, түүний хүрээнд бүрэлдэн бий болсон эрх зүйн орчин, хурлын байгууллагын практик үйл ажиллагааны төлөвшилтийн явцыг цогц байдлаар авч үзэж түүний эрх зүйн орчныг  боловсронгуй болгохыг цаг үе шаардаж байна. Бүрэлдэн бий болсон НӨУБ-ын эрх зүйн орчин нь “Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн” гэсэн  Монгол улсын Үндсэн хуулийн заалтын утга агуулгыг бүрэн цогцлоосон байх  ёстой бөгөөд энэ байр сууринаас харахад тэр түвшинд хүрсэн эрх зүйн орчин  хараахан бүрэлдэж амжаагүй байна.

Нутгийн өөрийн удирдлага нь  нутаг дэвсгэр, хүн ам, эдийн засаг, зохион байгуулалт, эрх зүйн гэсэн таван үндсэн суурин дээр төлөвшин хөгждөг болохыг эрдэмтэн судлаачид цохон тэмдэглэсээр, практик үйл ажиллагаа нотлосоор байна. Аливаа эрх мэдэл хэрэгжих үндсэн нөхцөл нь төсөв, санхүүгийн баталгаа байдаг. Сүүлийн хэдэн жил улсын хэмжээнд төсвийн шинэтгэл хийх талаар их  ярьж,  судалж, өргөн хүрээтэй хэлэлцүүлэг явуулж түүний үр дүн нь болон 2011 онд Төсвийн тухай хууль батлагдсан.  Энэхүү хуулиар НӨУ байгууллага болох ИТХ орон нутгийн төсвийн эрхийн хүрээнд өөрийн мөн чанарт нийцсэн байр сууриа эзэлж бас л чадсангүй. Өөрөөр хэлбэл Хуралд орон нутгийн төсвөө баталдаг эрх мэдлийг олгосон хэдий ч түүний цаана асуудал бас багагүй бий. Төсвийн төслийн боловсруулалтын шатанд Хурлаас оролцох оролцоо байхгүй, төсөв хэлэлцэн батлах явцад төсөв өргөн мэдүүлсэн этгээдийн санал дүгнэлтгүйгээр хөрөнгө оруулалтын чанартай асуудлыг нэмж тусгах  боломжгүй болов. НӨУБ бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд үндэсний эдийн засгийн бодлогын хүрээнд чөлөөтэй зарцуулах өөрийн гэсэн зохих хэмжээний хөрөнгөтэй байх үүрэг нөхцлийг биелүүлсэн байх шаардлага тавигддаг боловч төсвийн тухай хуульд тухайн шатны төсвийн ерөнхийлөн захирагч нь орон нутгийн хөгжлийг дэмжих зорилго бүхий ОНХС-тай байхаар хуульчилжээ. Аймаг орон нутгийн нийгмийн гол гол салбаруудын санхүүжилт болох тусгай зориулалтын шилжүүлгийг нэр төдий батлах болсон гээд олон асуудлыг дурьдаж болохоор байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх  хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний талаар олон нийтийн нээлттэй санал асуулга явуулах болсон боловч БИНХ хэлэлцэж тэргүүлэх ач холбогдлоор эрэмблээд гаргасан шийдвэрийг сум, дүүргийн ЗДТГ дахин эрэмбэлэхээр хуульд тусгасанаар нутгийн өөрөө удирдах  шууд ардчиллын байгууллагын шийвэрийг сум, дүүргийн ЗДТГ өөрчлөх эрхтэй болов. Нөгөө талаас орон нутгийн өмчийн зүйлийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байдаг Хуралд орон нутгийн өмч хөрөнгийг шинээр олж авах үндсэн арга хэлбэр болж буй бараа, үйлчилгээ худалдан авах ажиллагааны явцад хяналт тавьж оролцох бүрэн эрх олгогдоогүй байх жишээтэй.

Тэгвэл хурлын зохион байгуулалтын үндэс  талаас нь зарим нэг жишээ татая. НӨУЁ хэрэгжиж байгаа нутаг дэвсгэрт орон нутгийн өмчин дээр суурилан иргэдэд нь үйлчилгээ үзүүлж байгаа Төрийн албаны хүний нөөцийн асуудалд оролцох ямар ч эрх мэдэл Хуралд байхгүй. Үндсэн хуулийн  талаас нь авч үзвэл хурлын шийдвэрийг хэрэгжүүлж, түүний биелэлтийг Хурлын өмнө тухайн шатны Засаг дарга хариуцах ёстой. Гэтэл практик дээр Хурлаас гаргасан шийдвэр тэр бүр шаардлагын түвшинд хэрэгжихгүй байгаа тохиолдол байсаар... Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэгчийн хувьд  Засаг даргатай  хариуцлага тооцох механизм нь хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй зэрэг үндэслэлээр  Засаг даргыг огцруулах. Амьдрал дээр тэр болгон Засаг даргыг огцруулах асуудлыг тавиад байх боломжгүй. Нутгийн удирдлагын тогтвортой байдлыг хангах зэрэг томоохон эрх ашиг бас түүний цаана бий. Аймгийн Засаг даргын дэргэдэх нэртэй хэдий ч удирдлага нь төвөөс томилогддог босоо удирдлагатай агентлагууд олширсоор. Гэтэл иргэдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэгч болох Хурлаас дээрх агентлагуудтай харилцах арга хэлбэр эрх зүйн хүрээнд бий болоогүй байна. Энэ нөхцөлд тухайн шатны Засаг дарга болон агентлагийн даргад үйл ажиллагаатай нь  холбогдуулан иргэдийн нийтлэг эрх ашгийн үүднээс  “Итгэл хүлээлгэх эсэх” асуудлаар санал хураалт явуулах бүрэн эрхийг Хурлын байгууллагад олгох нь зүйд нийцнэ.

Мөн нутгийн өөрөө удирдах байгууллагын өөрийнх нь үйл ажиллагааны бие даасан байдал гэдэг нэн чухал асуудал  бий. Үүний дотроос онцгойлж үзэх асуудал бол Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн эзэмшиж байгаа мандат нь чөлөөтэй байдаг нийтлэг туршлагыг үндэслэж, Төлөөлөгчийн сонгуульт ажлаа хийх бүх талын боломж нөхцлийг бүрдүүлэн  “статусыг” нь тодорхой болгох  явдал юм. НӨУЁ-ны байгууллагуудын эрх зүйн орчны болон практик үйл ажиллагааны төлөвшлийг улсын хэмжээнд нэгтгэн судалж, мэргэшил-арга зүйн зохицуулалтаар хангаж, дэмжлэг үзүүлж  буй өнөөгийн тогтолцоо, арга хэлбэрийг ч эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд авч үзэх асуудлын нэг мөн.

Монгол улсын Үндсэн хуулийн зарим нэг заалтад ч тодорхой бус санаанууд байна. Тухайлбал  НӨУЁ-ны заавал биелүүлсэн байх үүрэг шаардлагын  дотор  хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд өөрийн санаачлагаар бүх зүйлийг хийх, хуулийн хүрээнд ажиллах ба гагцхүү хуулиар төрөөс тусгаарлагдана гэсэн дэлхий нийтэд тогтсон хэм, хэмжээ бий. Монгол улсын Үндсэн хуульд ...хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол ... гэдэг ойлголт орж ирсэн нь “төрийн дээд шатны байгууллага” гэж  чухам ямар байгууллагыг ойлгох, “шийдвэр” гэдэгт ямар хэм хэмжээний акт багтаж байгаа вэ гээд  тодорхойгүй асуудлуудыг  үүсгэдэг. Тэгвэл НӨУБ Үндсэн хуулийн энэхүү эрхээ хэрэгжүүлэх явцад аль нэг субьекттэй эрх зүйн зөрчилд орж маргаан үүслээ гэхэд эрхээ хамгаалуулах шаардлага зайлшгүй гарах учраас  Хурлын байгууллагаас Үндсэн Хуулийн Цэцээр хүсэлтээ тавьж шийдвэрлүүлэх эрх зүйн хамгаалалт бий болгох нь чухал байна. Манай улсад бүрэлдэн тогтсон нутгийн өөрөө удирдах байгууллагын тулгуур зарим нэг асуудлын эрх зүйн орчны талаар товч тоймлоход ийм байна.

Төрийн ажлын үр дүн, үр ашиг, үр нөлөө нь түүний байгууллагын тогтолцооны “эрэг шураг” нь таарч тохирсон эсэх,  онолын үндэслэл болон практик амьдралыг зөв баримжаалсан эрх зүйн орчин бүрдэж чадсан эсэх,  үйл ажиллагаа нь зөв,  оновчтой явж байгаа эсэх зэрэг олон нөхцөл байдалтай  шууд хамааралтай. Энэ нь холбогдох хууль, эрх зүйн орчин бүрдэж байж шийдвэрлэгдэх асуудал юм. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг   Үндсэн хуулиар хуульчилсан тэр агуулгаар нь цогц байдлаар бүрдүүлэх нь  орон нутгийн төдийгүй улс орны хэмжээний хөгжлийн нийтлэг эрх ашигт нийцсэн суурь алхам байх болно.

Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга С.Цэгмэд


Сэтгэгдэл ачааллаж байна ..

  • ӨНӨӨДӨР:
  • 582
  • НИЙТ:
  • 39 057