Хөгжилд нэмэр болох эргэцүүлэл

2014-11-12 14:18

Шинэ цагийн төрийн албанд 18 жил зүтгэж байгаад одоо хувийн хөдөлмөр эрхэлж байгаа би 24 настай шинэ цагийн нутгийн өөрөө удирдах байгууллагыг яаж төлөвшүүлэх вэ?, чадавхижуулах вэ?, нутгийн өөрөө удирдах байгууллагын цаашдын хөгжлийн чиг хандлага, өөрчлөлт, шинэчлэл хийх нийгмийн шаардлага байгаа эсэх талаарх саналаа, бодож санаж байгаагаа  нэгтгэн бичихээр зориглов.

Миний бие төрийн албанд гурван үеэрээ “нарийн бичгийн дарга” хийсэн, төрд 18 дахь жилдээ зүтгэж байгаад нөгөө орчин үеийн төрийн албаны өвчин болсон “уг гарвал”-ын шалтгаанаар цомхотголд орсон нэгэн.

4 жил багшилж, 8 жил сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаад, дэвшин Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд  6 дахь жилдээ төрийн албанд ажиллаж олсон мэдлэг, чадвараа зориулж явсан жирийн нэг төрийн жинхэнэ албан хаагч.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгчээр 3 удаа сонгогдон олны итгэлийг зүтгэлээр хариулахыг хичээж ажилласан бөгөөд цаашдаа энэ биеийг дайчлан улсын хэмжээнд, тэгэхдээ мөн л төрийн жинхэнэ албанд дэвшин ажиллана гэж мөрөөддөг Монгол өрхийн тэргүүн.

Нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны хурлуудын хувьд Монгол улсын Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, холбогдох бусад хуульд тухайлан зааж өгсөн эрх зүйн зохицуулалт талаасаа нилээд “боломж”-ийн гэж би дүгнэдэг. Зохицуулалт шаардагдсан зүйл, асуудал байгаа юу гэвэл байгаа хэдий ч томоор, алсаас харвал хуулиар зохицуулсан зүйл, заалтууд хангалттай байгаа.

Хурлын байгууллагуудад олгогдсон “эрх” багагүй, боломж гэдэг талаас авч үзвэл тийм.

Хэт эртдсэн дүгнэлт байхыг үгүйсгэхгүй ч тухайн хурлын байгууллагын чадамж, хүчтэй байдал нь Төлөөлөгчдийн санаачлага, иргэдийн оролцооноос шууд хамаатай байгаа нь өнгөрсөн хориод жилийн түүхээр нэгэнт нотлогдсон зүйл. Товчдоо иргэдийн оролцоо, “сонголт”-ыг бодитой “үнэлэх”, Хурлыг бүрдүүлэгч Төлөөлөгчдийн эрх үүрэг, хариуцлага, санаачлага, хурлын шийдвэрийг ягштал биелүүлвэл зохих, тэдэнд үйлчлэх үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага, албан хаагчдын “хоёргүй” сэтгэл, ажилдаа эзний ёсоор хандаж байгаа эсэхтэй холбоотойгоор хурлын байгууллагын цаашдын хандлага, төлөвшлийг харж болох юм байна гэж үзсэн.

Монгол улсын Үндсэн хуульд “нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно”, “... тухайн аймаг, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэх...”, “...Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно” гээд тодорхой зааж өгчээ. Шууд утгаараа нутгийн өөрөө удирдах байгууллага эдэлж сурвал мөн ч их эрхтэй бөгөөд Үндсэн хуулийн байгууллага болох  нь эндээс харагдаж байна.

Ардчилсан шинэ Үндсэн хуулийн “эх баригч” Бираагийн Чимэд “Нутгийн өөрөө удирдах ёс бол орон нутгийн хүн ам ардчилсан төр-нийгмийн байгууллын үндсэн бүрдүүлбэр байж, иргэдээс засгийн эрхийг барилцаж, нийгмийн хэргийг удирдахад оролцох улс төрийн суурь эрхээ шууд хэрэгжүүлдэг гол боломж” гэж тодорхойлсон байдаг. Хэрэглэж чадвал хурал хийх ажил ихтэй гэж энэ эрхэм нэг цагт хэлснийг үнэн гэж бодож явдгийн хувьд ингэж зоригтой хэлж чадав.

Гол асуудал, зүйлдээ оръё!

Нэгдүгээр хүчин зүйл бол мэдээж нутгийн өөрөө удирдах байгууллагын хөдөлгөгч хүч нь иргэд юм.

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь иргэдийн оролцоог үнэлж, бодитой хангаснаар иргэд өөрсдийнхөө санаа бодлыг чөлөөтөй илэрхийлэх, төрийн бодлого шийдвэрт тусгуулах боломжийг олж авах учиртай бөгөөд энэ утгаараа төрийн удирдлагын уян хатан үйлчилгээг өөртөө бий болгож, орон нутагт төлөөллийн бас шууд ардчиллын хэлбэрүүдийг эрчимтэй хөгжүүлж чадах бөгөөд тухайн нэгжийн оршин суугчид асуудлаа бие даан шийдвэрлэх нөхцөл бололцоо бүрдүүлж, хурлын байгууллага төр, засгийг иргэдтэй холбох гүүр болж байна.

Энэ нь хурлын байгууллага, нутгийн өөрөө удирдах ёс иргэдэд ямар их чухал хэрэгтэй байгааг нотолж байгаа ч манай хурлын байгууллагууд иргэдийн хүссэн хэмжээнд ажиллах нь итгэлийг нь авч сонгогдсон Төлөөлөгчдийн идэвх санаачлага, мэдлэг мэдрэмжээс шууд шалтгаалж байгааг ойлгох ёстой. Энэ нь тухайн цагийн, 4 жилийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа хурлын байгууллагын хүчтэй хүчгүй, ажилладаг, ажилладаггүйг харуулж байгаа нэг үзүүлэлт бөгөөд амьд байгаа, саналыг нь гуйсан ИРГЭН-ТӨЛӨӨЛӨГЧ-ийн анх танигдсан тэр хэвээр нь иргэд үнэлэхийн эхлэл нь болж байна.

Иргэд зарим сум, газарт Иргэдийн Төлөөлөгчөө сонгоод л мартаж байна. Хэнийг сонгосноо ч мэдэхгүй болох тохиолдол байна. Сонгогдсон хурал нь тэдэнд ач холбогдолтой биш, хэрэг болохгүй дээ гэсэн ойлголт төрөх нь угтаа ямар их эмгэнэл билээ. “Хийх хүнд арга олдоно, хийхгүй хүнд шалтаг олдоно” гэдэг шиг “цалинтай сонин уншигчид” гэж иргэдэд нэрлэгдсэн хүмүүс зарим сумдад одоо ч байгаа нь нууц биш.

Гэхдээ нэг сайн зүйл байгаа нь иргэд сонгосон төлөөллөөрөө өөрсдийн өмнө тулгамдсан нийгмийн бүх асуудлаа шийдвэрлүүлэх, иргэний эрх ашиг ямар нэг хэмжээгээр хөндөгдсөн үед нутгийн өөрөө удирдах байгууллагатай харьцах, хандах нь сүүлийн үед илт нэмэгдэж байна.

Энэ нь орон нутгаас олон жилийн турш нилээд хүчтэй санал тавьж, зарим төрийн бус байгууллагууд иргэдийн өмнөөс уйгагүй гүйсний үр дүнд шинээр батлагдсан “Төсвийн тухай” хууль бага боловч ач холбогдлоо өгч, оролцоог дэмжих хөшүүргийг бий болгоод байгаатай холбоотой.

Улс орны хөгжил өрх гэр, өрх гэрийн гишүүдийн хөгжлөөс шалтгаална гэж үздэг, тэгвэл нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжил нь иргэдийн оролцооны үндсэн хэлбэр болох баг хорооны Иргэдийн Нийтийн Хурлын ажил хэрэгч байдлаас, төр засгийн шийдвэрт иргэдийн гаргасан санал, санаачлагыг шууд тусгах ач холбогдолтой учраас шууд шалтгаална. Харин Баг, хорооны Иргэдийн Хурлын анхдугаар хуралдаан, ялангуяа хүн амын суурьшил ихтэй төв суурин газрын хуралдааныг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг нь асуудал дагуулж ирснийг нэг мөр болгох ёстой. Мөн иргэдийн дундаас "Иргэдийн оролцоог идэвхжүүлэгч"-ийг бий болгох, багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга нарыг багийн Засаг дарга нарын нэгэн адил төсөв, цалин үйл ажиллагааны зардалтай болгох, хуулиар өгсөн эрхийг нь жинхэнэ утгаар нь эдлүүлэх шаардлага байгаа юм.

Орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Идэвхтэй иргэд Иргэдийн нийтийн хуралд оролцож, өөрт хэрэгтэй мэдээллээ олж авах, тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд, төрийн ажил үйлчилгээ, албан хаагчдын хариуцлагатай холбоотой санал, шүүмжлэлээ хэлэх, төлөөллийн эрхээ баталгаажуулах, сонгуулийн үед зөв сонголт хийж, сонгох сонгогдох эрхээ эдлэхийн тулд, баг хороондоо зориулагдах хөрөнгийг зарцуулахад өөрийн саналаа тусгах, заримдаа иргэд хамтрах, хорших саналаа гаргаж байгаагаар иргэдийн оролцоо нь илэрч байна.

4 жилд нэг удаа идэвхждэг байсан Багийн Иргэдийн Хурал шинээр батлагдсан төсвийн хуулийн дагуу орон нутгийн хөгжлийг түргэтгэхэд зориулсан сангийн хөрөнгийг эрэмбэлүүлэх болсноор идэвхжив. Төсвийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2-т заасан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг эрэмбэлэх зохицуулалт иргэдийн оролцоог дэмжих хөдөлгүүр болж байгаа боловч хуульд нэг саад болсон заалт байна аа, бас журмаар зохицуулчихаж. Иргэдийн эрэмбэлсэн, санал гаргасан ажлын жагсаалтыг сумын тухайн жилийн хөгжлийн төлөвлөлттэй уялдуулах, Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрээр сумдын Тамгын газар, Засаг даргын томилсон ажлын хэсэг өөрчлөх байдлаар иргэдийн санал үнэгүйдэх, хэрэгжихгүй байх тохиолдол их байна /Төсвийн тухай хуулийн 63.3,/ гэж гомдоллох болов. Нэг гараараа гар өргөж дэмжээд, нөгөө гараараа баллуурдаж байна гэж хатуухан хэлчихэж болно. Ингэж иргэдийн оролцоог төрийн алба өөрөө бүдгэрүүлж, урам зоригийг нь мохоож байгаа жишээ элбэг байна.

Сүүлийн жилүүдэд “Иргэний танхим”, иргэдийн оролцоо гэсэн нэр томъёо Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжил, хандлагад цаашилбал бүтцэд хүртэл нөлөөлөх хэмжээнд очив. Үүнийг сайн гэж харж байгаа ч бас дутагдал гэж тооцож байгаа.

Иргэдийн дуу хоолойг сонсож, тэднээс асууж, өөрсдөөр нь шийдвэрлүүлдэг, хууль, батлан гаргасан тогтоол шийдвэрүүдийг сурталчилдаг иргэдийн оролцоог бодитой хангасан “Иргэний танхим”-уудыг Хэнтий аймгийн Хурал бүх сум, тосгонд байгуулсан. Ер нь ч улс даяараа л юм болж байна. Сумдыг “Иргэний танхим”-тай болгочихвол Иргэдийн Төлөөлөгчдийн хурлуудын төлөвшил чадамж нэмэгдэнэ гэж үзсэн. Одоо бүр явдаг танхим гээд машин хүртэл авч байна. Энэ нь иргэний танхим байх ёстой “Тийм” гэдэгтэй санал нэг байгаа ч жинхэнэ утгаараа биш байна гэж би бодсон.

Учир нь иргэний танхим бол угтаа иргэний үг хэлэх индэр, дуу хоолойгоо илэрхийлэх талбар мөн үү гэвэл мөнөөсөө мөн. Агуулгын хувьд өөрөөр бодож байсан иргэд байшин, машин, нэг албан хаагч гээд хараад эхлэлээ. Бас бөөн хүлээлт.  Хэлэлцүүлэг, хэлэлцүүлэг, хэлэлцүүлэг... Иргэдийн гаргасан санаачлага, төр засгийн шийдвэрт тусгуулахаар гаргасан санал, дуу хоолой ажил хэрэг болохдоо хойрогдуу... Ялангуяа хөрөнгө мөнгө шаардагдсан асуудлын хэлэлцэж яригдсан санал санаачлагууд нь ихэнхдээ төрийн захиргааны нэг албан хаагчийн ширээний нүдэнд үлдэх болов. Хэрэгцээ их, хөрөнгө бага байгаагаас хэлэлцүүлгийг олон хийвэл эргээд төрийн байгуулагад асуудал үүсч, хэлэлцүүлгийн үнэ цэнэ нь иргэдийн дунд унах магадлал их болсон. Тийм ч учраас  “Иргэний танхим” иргэдэд байшин, байр биш, хаана асуудал байна, хаанаас иргэдийн дуу хоолой, асуудал дагуулсан яриа сонсогдов тэнд хүрч очих, тэднээс асуудлаа олж, шийдвэртээ тусгах, хамгийн гол нь хэлэлцсэн тохиролцсон, иргэдийн олонх хийе, хэрэгжүүлье, бүтээе гэж гараа өргөж зөвшөөрсөн бол заавал биелэгдэж байдаг байвал хурал тэр чинээгээрээ чадавхжина, захиргааны байгууллага ч адил шийдвэр нь зөв болж, ажил хийсэн гэж үнэлэгдэхээр байгаа юм.

Бор-Өндөр сумын Засаг дарга Г.Ганхуяг “Иргэдийн хэлэлцүүлгийг зохион байгуулахдаа хэн оролцох вэ, хэнийг оролцуулах вэ?, хэн зохион байгуулах вэ?, хугацаа нь хэдий хэмжээнд үргэлжлэх, хэлэлцүүлэгт албан тушаалтан байх ёстой эсэх, гаргасан шийдвэрийг ямар хэлбэрээр холбогдох газарт хүргэх, иргэд хэлэлцсэн асуудлаа өөрсдөө шийдвэрлэж болох боломж байгаа эсэх зэрэг тооцох нь иргэдийн оролцоог үнэлэх, хэлэлцүүлгийг үр дүнтэй байлгах” саналыг олон нийтэд дэвшүүлж байсан. Бодох л ёстой зүйл.

Эндээс үзвэл иргэдийн саналд тулгуурлан тэдний оролцоог дэмжих хөтөлбөрийг орон нутгийн онцлог цаг хугацаа, орон зайн хамаарлыг сайтар тооцон тусгайлан боловсруулж, хэрэгжилтийг хангуулах, сонгуульт Төлөөлөгчдийг иргэдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагыг дээшлүүлэх, тэдний үйл ажиллагаа иргэдэд ил тод зарчмыг хэрэгжүүлэх, иргэний оролцоог хангасан “сайн туршлага” байгааг дэмжих, хурлын бүх түвшинд дэлгэрүүлэх, иргэдийн идэвхтэй оролцоо бүхий хурлын байгууллагын шийдвэрээр дамжуулан нэр хүнд муу байгаа гүйцэтгэх засаглалын алдааг залруулах, нийгмийн амьдралд оролцох боломж багатай, идэвхгүй бүлгүүдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийг  тосч үйлчилдэг үйлчилгээний зарчмыг төрийн албанд нэг бүрчлэн хэвшүүлэх зэргийг санал болгож, иргэдээс хүчтэй шаардаж байна.

Дараагийн заавал нэг бодох ёстой зүйл бол Хурлын байгууллагын төлөвшил, чадамжийг сайжруулахдаа өөртөө үйлчилдэг бүтцээ өргөтгөн, бүх шатны Засаг даргын Тамгын газрыг дууриан ажилтнаа, орон тоогоо нэмснээр бий болгож байгаа гэвэл тэрэн шиг эндүүрэл үгүй.

Ховд аймаг хорь илүү орон тоотой, олон хэлтэстэй болж гээд төв, орон нутгийн хурал цуглаан дээр ярьдаг, сайн жишээнд тооцож байгааг сонссон. Ер нь бол энэ цагийн хурлууд ярилцан жаахан олуулаа болъё гэж тохирсон гэж томоохон зөвлөгөөн дээр нэгэн хариуцлагатай эрхэм хэлсэн. Манай аймгийн Хурал энэ зорилтынхоо хүрээнд ажлын албаа өргөтгөн 7 байсныг 2 дахин олон болгож байх шиг, сумд ч “иргэний танхим”-ын ажилтантай болж, нөгөө иргэдийн ярьдаг хоёр хүнийг 3 болгож нэмэгдүүлж байна. Тооноос чанар гэдэг зарчим яасан билээ.

Тооноос үл шалтгаалан аймагт ажил адилхан л байх болов уу. Сайн мэдэхгүй юм, би жилийн дараа асууна, ахиц дэвшил гарсан эсэхийг.

Учир нь хурлыг итгэж байгуулсан үндсэн бүрэлдэхүүн иргэд. Бүтэц байна уу гэвэл байна. Аймгийн хэмжээнд нутгийн удирдлагынхан гээд тоолбол 800 илүү гарна. Мөн  тэр хэмжээний тухайн аймаг, сумын бүх иргэд. Хөдлөх л хэрэгтэй тэр том хүч.

Харин дэмжүүштэй, авч ашиглах ёстой улсын хэмжээнд туршлага болохуйц нэг ажлыг Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эхлүүлсэн нь Хурлын дэргэдэх хороодын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, байгууллагын тухайн жилийн төсвийн төлөвлөлтийг үүнтэй уялдуулж баталсан, Төлөөлөгчдийг хуралдааны өмнө ирүүлж, хэлэлцэх асуудлыг хурлын хороодын болон намын бүлгүүдийн хуралдаанаар урьдчилан хэлэлцүүлж, дүгнэлт гаргах, хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэгдэх асуудалд хорооны санал, дүгнэлтийг оруулах, хамгийн авууштай нь хурлын хуралдаан иргэдийг шууд оролцуулан үг хэлүүлэх, шийдвэрт тусгах гэж чармайж байгааг онцолж байна.

Хоёрдугаар хүчин зүйл нь Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагуудад байгаа нийтлэг дутагдал бол хийх ажлаа зарлах, иргэдэд мэдэгдэх, хийсэн ажлаа тайлагнахад байна. Иргэдийн сэтгэл ханамж “бидний нийтлэг эрх ашгийг яаж хамгаалах нь вэ?, иргэдийн оролцоог хэрхэн ашиглах нь вэ?” гэсэн тухайн хурлын байгууллагаас хийгдэх ажлын зараар, мэдээллээр хэмжигдэж байгааг харж болно. Төсвийн эрх мэдлийг зохистой ашиглахад хариуцлагын үр нөлөөтэй тогтолцоо шаардлагатай бөгөөд нутгийн өөрөө удирдах байгууллагын хувьд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дээд шатны тайлагнах байгууллага байхгүй онцлогтой ч Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал иргэдийн өмнө хариуцлага хүлээх дотоод механизм, хөшүүргийг бий болгох нь хэрэгтэй юм. Иргэдэд сонголт хийх боломж л чухал байна.

Нутгийн өөрөө удирдах байгууллага болох аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь үйл ажиллагаагаа нутгийн иргэдэд ил тод байлгах, сонгуульт Төлөөлөгчид иргэдийнхээ өмнө хариуцан тайлагнаж ажиллах шаардлагатай байдаг. Иргэдийн хувьд ямар нэг асуудлыг шийддэг, бодит үр дүнд хүргэдэг гэсэн итгэл үнэмшилтэй байвал оролцох сонирхол, хүсэл эрмэлзэл бий болдог. Товчдоо хурлын байгууллагын талаарх мэдээллээ боломжит бүх түвшинд ил тод байх нь хурлын байгууллагын төлөвшил, чадавхийн илэрхийлэл болох юм.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын амьд байгаагийн үндсэн илрэл нь Хурлын хуралдаанууд. Энэ нь хурлын, хороодын, Тэргүүлэгчдийн, намын бүлгүүдийн хуралдаан ажил хэрэгч байх нь тухайн хурлын байгууллагын хүчтэй чадамжтай байгааг илэрхийлдэг.

Хурлын хуралдаан, хэлэлцүүлгүүдийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр шууд дамжуулан үзүүлэх санал бодлыг нь авах боломжийг бүрдүүлж ажиллах нь иргэдийг, Төлөөлөгчдийг чадавхжуулах, эрх ашгийн зөрчилд оруулахгүй байхад чухал нөлөө үзүүлдэг болох нь өнгөрсөн хугацаанд манай аймгийн хуралд хэрэгжүүлсэн төслийн хүрээнд ажиглагдсан. Намын бүлэг гэдэг хуралдааны хэлбэрт орон нутгийн хурлууд нилээд болгоомжтой хандахгүй бол хэт улс төржилт, эрх ашиг, бодлогын “хайрцаглалт” тэнд байгаа юм. Нутгийн өөрөө удирдах байгууллага “улс төрийн харилцааны асуудлыг шийдвэрлэхгүй” гэсэн зарчмын ойлголт, “улс төржихгүй” гэсэн хязгаарлалт байдаг бөгөөд энэ нь нутгийн өөрөө удирдах ёсны төлөвшилд тээг саад болох магадлалтай, ямартаа ч сайн үр дүнг бол авчрахгүй.

Хурлын байгууллага, нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэхэд дараах цөөн хэдэн зүйлийн зохицуулалт зүй ёсоор урган гарч байгаа. Яагаад гэвэл төрийн ажил, төрийн бодлого сэтгэл хөдлөлөөр яагаад ч явахгүй. Аливаа бодлого шийдвэрийг гаргахад иргэдийн оролцоо санал чухал ч хүссэн, эс хүссэн ч тухайн орон нутгийн удирдлагын хүсэл эрмэлзэл, хандлагаас ихээхэн хамаатай. Нийтлэг дутагдал манай бүх шатны хурлуудад байна. Тэр нь хэт улс төрших, бүлэглэлд хуваагдах байдал. Хэдийгээр хуралд олонх болж, амласан бодлого чиглэлээ төлөвлөсний дагуу хэрэгжүүлэх учиртай ч нийтлэг эрх ашгийг хамгаална гэж суугаа хурлын Төлөөлөгч энэ мэт аашлах нь ялангуяа сумын түвшинд хүчтэй илэрч байна. Тэр нь алдаа болж, хөгжилд садаа, саад болж байгааг би нуухгүй.

Хуулийн зохицуулалтын хувьд Хотын статус, асуудлыг үндсэн голидролд нь оруулах, аймаг, сумын Засаг даргыг сонгож нэр дэвшүүлсний хувьд Засаг даргын орлогчийг томилуулахад оролцох, сумын Засаг даргыг иргэд шууд сонголт хийх боломжийг олгох, сонгуулийг олон мандаттай томсгосон нэг тойргоор зохион байгуулах зэргийг санал болгож байгаа юм иргэд.

Би энэ жил 39 настай. Төрийн албанд олон жил болсон, туршлага суусан гэж зоригтой хэлэхгүй ч нутгийн өөрөө удирдах байгууллагатай ажил, амьдрал холбон ажиллсаны хувьд гажуу байж магадгүй ч зарчимын санал надад нэг байдаг.

Сумдын хурлыг томосгох хэлбэрээр буулгаж, тухайн бүс нутагт нь, тодруулбал байгаль, цаг агаар, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан 3-4 сумын дунд хуралтай болгох нь ихээхэн ач холбогдол өгөх бөгөөд төсвийн үр ашиг, өгөөжийн хувьд, бодлого шийдвэрийн оновчтой байдлын хувьд, төлөөлөл хэрэгжүүлэхийн хувьд хурлын байгууллагыг илүү ажил хэрэгч болгохын хувьд, илүү чадамжтай байлгахын хувьд зөв голдирол, зөв зохицуулалт болно гэж харж байна. Мэдээж хэрэгжүүлэхэд цаг хугацааны асуудал байгаа ч хөгжлийг бүс нутгийн хэмжээнд томоор харж, хэт жалга довны үзлийг хурлын байгууллагад өөгшүүлэхгүй байлгах гэсэн санаа юм. Үүнтэй холбоотойгоор сонгуулийн хуулинд нэг өөрчлөлт оруулж өгөх ёстой нь иргэний төлөөллийг жинхэнэ утгаар хангах тийм зохицуулалт.

Намын төлөөлөл, намын суудал, мандатаар Төлөөлөгчдийг Хуралд оруулах нь тийм ч оновчтой, шилдэг зохицуулалт болсон гэж үзэхгүй байна. Тэгэж сонгогдсон Төлөөлөгч лав л хэнд ажлаа тайлагнахаа, иргэдтэйгээ хэрхэн уулзахаа, хуралдаанд суухаас өөрөөр ямар ажил хийхээ нэг сайн ойлгохгүй л байх шиг.

Дараагийн нэг зүйл бол Хурлын байгууллагын үндсэн чиг үүргүүдийн нэг болох хяналтын ажил сул байна. Хуулиар олгогдсон энэ эрхээ бүх шатны хурлууд бага хэрэглэж, тэр утгаараа иргэдийн эрх ашиг хохирох, гаргасан шийдвэрийн хэрэгжилт үнэгүйдэж, эргэн тооцож, төрийн байгууллага хурлаас гаргасан шийдвэрийн хэрэгжилт, хийсэн ажлын тайланг ор төдий хийхэд хүрч байна. Хяналт шалгалтын энэ чиг үүргээ бодитой хэрэгжүүлж, Төлөөлөгчдийг бас төрийн бус байгууллага, өөрийн идэвхитэй хөдөлгөгч хүч болсон иргэдийг татан оролцуулах, тэдэнтэй хамтарч ажиллах шаардлага, хэрэгцээ их байна.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх төлөвшүүлэх нэг арга байгаа нь энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, олон улсын туслагч дэмжигч байгууллагуудын ажлын арга барилтай холбоотой. Улсын хэмжээнд бүх шатны хурлын байгууллагуудад тодорхой төсөв бүхий хөгжлийг түргэтгэх, ажлын саналын уралдаан, төслийн санал бичүүлэхээр хүргүүлэх, түүнд хурал, захиргааны байгууллага өөрийн онцлогийг тусган боловсруулж, хүргүүлэх, санхүүжилтээ өөрсдийн хүчээ дайчлан, амлалт авч авах ёстойг амьдрал харуулж байна. Орон нутгийн хурлуудыг дэмжихээр, чадавхжуулахаар томоохон төслүүд өнгөрсөн хугацаанд олон хэрэгжсэн, хэрэгжиж байгаа, цаашид ч хэрэгжих байх. Тэр төслүүдийг төрийн төв, дээд байгууллагууд нь төвлөрүүлээд авчих юм. Дахин хуваарилалт хийчих юм. Үнэн чанартаа бол хөгжлийг, дэвшлийг өөрөө өөртөө бүрдүүлдэг зарчим үйлчлэх учиртай. Өөрөө хүсэхгүй, өөрт нь зориулсныг хүн дундаас нь аваад байвал ямар байх вэ.

Төсөл хөтөлбөрийн байгууллагууд ч хурлыг, нутгийн өөрөө удирдах ёсыг, иргэдийн оролцоог хөхиүлэн дэмжихээр бодсон ажил, зориулах хөрөнгөө нэгтгэж, давхардуулан олон зүйл цацалгүйгээр нэг мөр нэгдсэн хүчээр урагшлах ёстой байх.

Хурлын байгууллагын нэг чиг үүрэг бол орон нутгийн өмчид эзэн байх асуудал. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр барилга байшин, нийтийн эзэмшлийн байгууламжууд, худаг, халуун ус, эд хогшил ихээр бий болж, түүнийг даган урсгал зардлууд нэмэгдэж, төсөвт төлөвлөөгүй хөрөнгө мөнгиөний асуудал босч байна. Ер нь орон нутаг өмчийн хадгалалт хамгаалалт, бүртгэлээр тавих хяналт, өмчийн ашиглалт, зөв менежментийг нэгдсэн бодлогоор сайжруулахгүй бол бас л асуудал дагуулах янзтай боллоо.

Дараагийн хүчин зүйлийг нилээд дэлгэрэнгүй өгүүлэхийг хичээв. Санаа нь бүх шатны хурлын хамгийн ойр хамтран ажиллах түнш бол захиргааны байгууллага /Засаг даргын Тамгын газар/, түүгээр дамжин иргэдэд үйлчлэх үүрэг бүхий бүх төрийн албан хаагчид. Хурлын байгууллагын төлөвшил, цаашдын чиг хандлагад голлох нөлөөлж байгаа хүчин зүйлийн нэг мөн гэж үзэж, засаж чадвал ач холбогдол өгнө гэж үзэж, орон нутгийн төрийн захиргааны албан хаагчдын дунд ажил болгож хэрэгжүүлбэл зохих асуудлыг гаргаж тавилаа.

Хурлын Төлөөлөгчид сонгогдсон даруйдаа иргэдийнхээ саналыг авч сонгогдсоноо “түр”, “бүр” мартаж, нилээдгүй улс төр, бүлгийн эрх ашгийг илэрхийлцгээн анхдугаар хуралдаа ирдэг. Нутгийн өөрөө удирдах байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч буюу аймаг, сумын хурлын нарийн бичгийн дарга нар, ажлын албаны ажилтнууд тэдний нүдэнд урьд засаглалын, бодлого хэрэгжүүлэгчдийн гар, хөл, үнэнч туслагчид нь байснаар төсөөлөгддөг. Тэгэж төсөөлөгдөх учиртайг ч өөрсдөө ойлгодоггүй, хурлын удирдлагад хэн байхаас үл хамааран, хоёргүй сэтгэлээр үйлчлэх учиртай хүмүүс нь тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагчид.

Энэ нь нэг талаас хурлын байгууллагын давтагдашгүй үндсэн шинж, агуулгын талаар тодорхой ойлголтгүйгээсээ, нөгөө талаас тухайн байгууллагын удирдлага буюу Хурлын дарга нь орон нутагт хэлж заншснаар “улс төрч” байдагтай холбогдож ийм байдлыг үүсгэдэг. Гол шалтаг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20  дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Хурлын Тэргүүлэгчид ажлын албатай байх бөгөөд түүний орон тоо, цалингийн санг Тэргүүлэгчид өөрөө тогтооно.” гэснээр тайлбарладаг.

Нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх, тодорхой хэлбэл тухай аймаг, сумын урт хугацааны алсын хараатай бодлого үйл ажиллагаа бол хурлын байгууллага түүн дотроо аймаг, сумын нарийн бичгийн дарга, ажлын албаны ажилтуудаас шууд хамаардаг. Тэд мэргэшсэн,  аливаад шударга, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, эдийн засаг, нийгмийн амьдралын бүхий л талын гүн гүнзгий ойлголттой, мэргэжил, мэдлэгийн хувьд хэнд ч гологдохооргүй шууд утгаараа төрийн жинхэнэ албан хаагчдын манлайлагч нь байх учиртай. Яагаад гэвэл тэр хурлын Төлөөлөгчдийн, захиргааны байгууллагын судалгаа, нөхцөл байдлыг үнэлж, дүгнэх, иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах чиглэлээр гаргасан санал, ажил хэргийн саналыг хөгжлийн бодлого үйл ажиллагааны баримтын бичигт агуулгын алдаагүйгээр, албан бичгийн хэм хэмжээнд нийцүүлэн эцсийн шатанд батлуулагч, буулгагч юм. Бодлогын баримт бичиг алдаатайгаар олон нийтэд хүрч болохгүй.

Би өндөр уулын оройд гараад бууж ирье гэж сэтгэлээ.

Ууланд мацахад амьдрал дээр өгсөхөд өвдгөө, уруудахад ууцаа гэмтээх магадлал ихтэй. Үүнийг уншигч бээр та ууланд гараад буухын хооронд заавал яагаад гэмтэх ёстой гэж гайхаж юуны магад. Яг үнэндээ төрийн мэргэшсэн албыг уул, уулын бэл, уулын оргилтой зүйрлэвэл гэмтэж, бэртсэн ийм байдалтай байна гэж үзэхээс аргагүй байна.

Тэр уулын оргилд ихэнх тохиолдолд мэдээж залуу халуу цагтаа өгсөхөөр гарсан хэрэг болно. Монгол улсын төрийн жинхэнэ алба яг одоогийн нөхцөл байдал дээр авч үзвэл өвдгөө шалбалж, ууцаа хугалахад бэлэн байна. Улс төрийг чи оролцохгүй бол улс төр чамаар хүссэн, эс хүссэн ч оролдоно гэсэн байдаг. Энэ нь нэг талын ойлголт ч заавал улс төр, улс төрийн албан хаагчид төрийн захиргааны албаны мэргэшсэн тогтвортой байдал руу хэт шунан дайрах, эвдэх, үнэгүй байлгах учиртай юу гэдэг дээр би санал зөрдөг. Нэг талаас байдал ийм байгаа ч төрийн албан хаагчдын ажил гүйцэтгэх, ажилдаа чин сэтгэлээсээ хандах байдалд санаа зовдог.

Бодлогын “Хар хайрцаг” гэж байдаг тухай төрийн онол, судалгаанд бий. Тэгвэл хурлын байгууллагын бодлого үйл ажиллагааны “хар хайрцаг” бол тогтвортой, захиргааны байгууллагаас ялгаатай нь нээлттэй, ил тод, хэнд ч ойлгогдохоор, нийтлэг эрх ашгийг тодорхойлогч байх ёстой юм. Гэтэл арай биш. Том дүгнэхэд Монгол төрийн, хуучин цагийнхаар бол боловсон хүчний бодлого алдагдаж, одоогийнхоор бол хүний нөөцөөр чадамжгүй болчихов. Хэн дуртай нь л алив шалгуургүйгэйр ямар ч албанд томилогддог, ямар ч алба руу буудаг, аль эсвэл гудамжинд таваргадаг. Энэ байдал улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, хандлагад ч нөлөөлж байгаа гэж би харж байна.

Дээрээ ч тэр дороо ч тэр төрийн байгууллагуудын ажлын давхцал, хэт нүсэр байдал, байгууллага хоорондын ажил хэргийн уялдаа, хамаарал, байгууллага хооронд явуулж байгаа албан бичгийн найруулга, чадамж, албан харилцааны үнэ цэнэтэй байдал, ажлын цагт санаачлан хэрэгжүүлвэл зохих ажлын бүтээмж, тосч үйлчлэх шуурхай үйлчилгээний хурд, цар хүрээ, зарим төрийн албан хаагчид олны дунд ёс зүйн үлгэргүй байдал, ажил гүйцэтгэх чадвар зэрэг нь үнэндээ дээрх нөхцөл байдлыг үүсгэж, иргэдийн сэтгэлд хүрэхгүй, гологдоход хүргэж байгааг үгүйсгэхгүй.

Оролцоог би зөвхөн иргэд оролцох ёстой, иргэдийн очдог танхимд иргэд, төрийн бус байгууллагынхан цуглах ёстой гэж боддоггүй. Оролцооны гол субьект бол төрийн албан хаагчид. Төрийн албан хаагчдийн нийтлэг алдаа бол сонгогдож, томилогдсоныхоо дараа “би багийн иргэн”, “иргэн хүн” гэдгээ мартддагт байгаа юм. Багийн хурал цуглаанд очиж оролцдоггүй төрийн жинхэнэ албан хаагч 100-ны 99 хувь гэвэл хэтрүүлсэн болохгүй. Ажил хэргийн шаардлагаар очвол жилдээ нэг удаа.

Энд эрх зүйн зохицуулалт шаардлагатай. Орон нутгийн төр, захиргааны албан хаагч нэг бүр тухайн жилийн гүйцэтгэсэн ажлын хэмжүүрээр иргэдээс сэтгэл ханамжийн сайн үнэлгээ авч чадсан нь албан тушаалаа цаашид үргэлжлүүлэхээр, бууруулах, дэвшүүлэхийг зохицуулах. Төрийн жинхэнэ албан хаагчдын зохион байгуулсан, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүрэг, ажлыг сум, багийн Иргэдийн Хурлуудад, иргэд олон нийтэд өөрөөр нь тайлагнуулах, үнэлж дүгнүүлж эхлэх асуудлыг бүх шатны хурлууд шийдвэрлээд явах боломж бий. Хатуу ч энэ нь манайд тохирно.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг бүх шатанд хуулиар зохицуулсан горимоор явуулна гэвэл түүн шиг их боломж алга. Монгол улсын Ерөнхийлөгчөөс “Судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хуулиа дээдэлсэн ухаантай төр рүү улсаараа шилжье!” гэсэн уриалга гарган ухаалаг төрийг бий болгох талаар шинэ санаачлага өрнүүлсэн. Энэ саналыг төрийн энгийн нэг төрийн албан хаагч миний хувьд талархан хүлээн авч дэмжиж байгаа ч төрийн албанд ажиллаж, үүрэг гүйцэтгэж байгаа зарим албан хаагчид дахин тодотгоход “сэтгэл” дутаж байна. Асуудлын гол зангилаа үүнд байна.            

Ажилдаа сэтгэлээсээ ханддаг, иргэн хүн гэдгээ мартаагүй төрийн туршлагатай, мэргэшсэн олон албан хаагч байгааг үгүйсгэхгүй ч нийтээр нь нэгтгэж харвал байдал бүрхэг байна.

Засгийн газрын “шинэчлэл бол санаачлага гарган хэрэгжүүлэх ажил” гэж төрийн албаны чигийг мөн зааж өгсөн. Энэ мэт одоогийн тавигдаж байгаа зорилт, шаардлагын хэмжээнд нутгийн өөрөө удидлагын хийгээд захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг бүрэн гүйцэд биелүүлж чадахгүй санаанд нь хүрэхгүй байна гэсэн санал шүүмжлэлүүд иргэд, олон нийтийн дунд байсаар байгаа. Даргын үүрэг чиглэл, өгөгдөх даалгаврыг харцгаасан, тэдний сэтгэл нийцэхийн тулд чимээгүй байх, санаачлагагүй байх тийм төрийн жинхэнэ алба бодитой бий болчихлоо. Шууд утгаараа даргадаа л таалагдвал үйлчлүүлэгч иргэн нэг сонирхолтой биш.

Хэтрүүлсэн бол SORRY. Энэ байдал нутгийн өөрөө удирдах байгууллагыг илүү эрч хүчтэй, асуудлын голыг олсон шийдвэр шийдэл гаргахыг хүлээх байдалд оруулж, заримдаа засаглалын байр суурь солигдох, иргэдийн эрх ашгийн үүднээс захиргааны байгууллагын хийх ажлыг шүүрэн авч хурал гүйхэд хүргэж байна. Энэ нь хааяа байх ёстой үзэгдэл мэт болж байгаа ч түүнд хурлын байгууллага өөрийгөө батлагдсан хууль тогтоомж, эрх мэдлийнхээ хүрээнд бэлтгэх шаардлага байсаар байгаа юм.

Дэлхий даяар томъёолон дэвшүүлсэн 7 зарчим бүхий “Сайн засаглал”-ын  зарчмуудыг орон нутгийн хурал, захиргаа, үйлчилгээний байгууллагуудад илүү өргөн хүрээтэй, олон нийтийн сэтгэл ханамжид нийцэхүйцээр зохион байгуулж, төрийн үйлчилгээг шинэ түвшинд гаргах чиглэлээр төрийн албан хаагч нэг бүр анхаарлаа хандуулж ажиллах нь юу юунаас чухал байна. Товчдоо хариуцлагаа ухамсарласан, сэтгэлтэй байдал манай төрийн албанд илт дутагдах болов.

Төрийн албан хаагчдын энэ мэт зохисгүй байдал нь орон нутгийн хурал, захиргааны байгууллагын чадавхи, төлөвшилд шууд нөлөөлж байгаа гэж үзэж байна.

Дараагийн нэг зүйл бол төрийн бүх шатны байгууллага албан хаагчдынхаа ажлын цагийн ашиглалт, ирц, ажлын бүтээмж, албан хаагчийн ёс зүй, хариуцлага, санаачлагатай байдал зэрэгт үнэлэлт дүгнэлт өгч, ирцийг төхөөрөмж ашиглан бүртгэх талаар ажил зохион байгуулах хэрэгтэй болсон байна. Иргэд төрийн албан хаагчдын ажлын цаг ашиглалтад муу дүн тавьж байгаа.

Төрийн алба албан хаагчдаа дунд, богино хугацааны сургалт болон ажлын байран дээр сургаж дадлагажуулах, зарим ижил төрлийн салбар, байгууллагад туршлага судлуулах, шаардлагатай тохиолдолд бүтэц, орон тооны өөрчлөлт хийх замаар үйл ажиллагаа, зохион байгуулалтын хувьд ажлаа оновчтой, олон нийтийн сэтгэл ханамжид нийцсэн, үр дүн ил байхаар төлөвлөж, салбарын бодлогын хэрэгжилтийг илт сайжруулж ажиллахад бүхий л анхаарлаа хандуулах нь ялангуяа аймгийн хурлууд энэ талд дээр бодлогын хэмжээнд анхаарч ажиллах ёстой нь маргашгүй үнэн. Төрийн албанд хүний нөөцийн төлөвлөлт, бэлтгэл ажил тогтоосон горим алга гэхэд хилсдүүлсэн болохгүй. Суманд сайн ажиллаж байгаа албан хаагчийг аймагт, аймагт сайн ажиллаж байгааг нь улсын салбарт дэвшүүлэн ажилуулах нь тухайн төрийн албан хаагчийн мэдлэг, оюуны цараа, сэтгэлгээнд чухлаар нөлөөлөхийн сацуу хөгжил тэр хэмжээгээр урагшлана. Төрийн албан хаагчдад хандлагын өөрчлөлт маш их хэрэгтэй байна. Журам, дүрмүүд их байгаа ч албан хаагчдын санал бодол түүнд тусгагдахгүй байгааг анхаарах цаг болжээ.

Дарга нар ажилчиддаа бодлого, чиглэлийнх нь ажил, сургалт, судалгааны ажилд оролцуулдаг, нөгөө нэрд гарсан нэгдлийн даргын аргаар “хонь цохох” эрхийг нь өгмөөр байна. Бүү утсан хүүхэлдэй болго. Жаахан явуул, өрөө контор сахих, хүлээн авч уулздаг аргаасаа татгалзаж, гудамжинд айлын гэрт очооч. Сүүлийн үеийн дарга нар нэг л их томилолтоор ажилласан хүмүүс болчихож.

Монгол улсын Засгийн газрын 2012  оны 8 дугаар  сарын  25-ны өдрийн “Төрийн албаны интернетийн зохистой хэрэглээг бий болгох тухай” 5 дугаар тогтоолд зааснаар байгууллагын ажиллагсадын ажлын цагт ашиглаж байгаа цахим хэрэглээний талаар дотоодын хяналт хийж, шаардлагатай ажлыг зохион байгуулах, ажлын цагийг facebook, twitter зэрэг социал энтертаймент төлөвт зарцуулж байгаа төрийн албан хаагчидтай хатуу хариуцлага тооцож ажиллах шаардлага ч байна. Яг үнэндээ төр, төрийн захиргааны байранд өрөө л байвал албан хаагчдаар дүүргэх хандлагатай болчихов.

Мөн төрийн албаны ажлын байрны тодорхойлолтод  монгол хэлбичгийн мэдлэгийн түвшинг харгалзах ур чадварын шаардлагад нэмж тусгасан нь сайн хэрэг ч төрийн албан хэрэг хөтлөлтийн хэм хэмжээг бүх шатанд мөрдлөг болгож, энэ талын төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авч, албан бичгийн найруулга, монгол хэл, бичгийн сургалтыг сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш нарын оролцоотойгоор зохион байгуулах нь зүйтэй.

Дараагийн нэг асуудал бол төрийн албан хаагчид өөрийн салбарын хууль тогтоомж, дүрэм, журам зааврыг сайтар уншиж судлах, хуулийн зүйл заалт, зохицуулалтын талаарх хэлэлцүүлгийг байгууллага хамт олны дунд өрнүүлэх, иргэд олон нийтэд таниулах, сурталчлах ажлыг төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх нь юу юунаас чухал байгаа юм. Иргэд ярьдаг, хуулийн хэрэгжилтийг амьдралд ажил хэрэг болгох учиртай хүмүүс хуулиа мэдэхгүй юм гэсэн цөөн биш гомдол ирдэг.

Төрийн албан хаагчид иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, үнэлэх, ач холбогдлыг нь бууруулахгүй байх, ирүүлсэн саналыг хүлээн авах, иргэний гаргасан саналыг ажил хэрэг болгуулахаар холбогдох албан тушаалтанд хүргүүлэх, зөв зам руу нь чиглүүлэх үндсэн үүрэгтэй.             Яг үнэндээ иргэдийн гаргасан саналыг “саналын сан” бүрдүүлж, шийдвэрлэгдсэн эсэхэд хяналт шинэжилгээ хийж, аль болох төвөггүй хэлбэрээр магадгүй цахим орчин ашиглаж тайлагнаж байх нь ажлын зөв гарцын нэг мөнөөсөө мөн.

Өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэж, барагдуулж байгаагаа олон нийтэд төсөвт хүндрэл учруулахгүйгээр тайлагнах, сурталчлах ажлыг тасралтгүй зохион байгуулах шаардлага ч байгаа юм. Иргэд үүнийг л хүлээж, “хэлсэн ярьсныг маань хэрхэн шийдвэрлэх нь вэ” гээд хараад суудаг, дараагийн удаа хулихдуулахгүйгээ мэддэг болсоныг эрх биш ойлгомоор байна Иргэдийн Төлөөлөгчид. Үүнд бүх шатны хурлын байгууллагын анхаарал чиглэгдэх ёстой.

Мөн Хурлын байгууллагаас гаргаж байгаа шийдвэр тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэлбэрэлтгүй, заавал биелэж байх учиртайг төрийн гүйцэтгэх алба, албан хаагчид “мэдэхгүй байгаа бол” мэдэж, хурлын байгууллага ч “мэдрүүлж”, хүчтэй байх, иргэдийг төлөөлж, эрх ашгийг нь хамгаална гэсэн үүргээ чанд ухамсарлах учиртай болж байна.

Хурлын байгууллагын төлөвшил, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хоёр ч удаагийн томоохон зөвлөгөөнд би хамрагдсан. Төр засгийн томчууд дөнгөж орж ирж нээчихээд л гараад чявчихдаг юм билээ. Ер нь бүх л том цуглаан зөвлөгөөн, чуулган, хурал, цуглаан тиймс болсон. Эцэст нь ямар арга хэрэглэдэг вэ гэвэл орон нутгийн Хурлын байгууллагад сонгогдсон Төлөөлөгч, томилогдон ажиллаж байгаа ажилтнууд, оролцсон оролцогчид араас нь  төр засаг, төв байгууллагадаа саналаа нэгтгэн хүргүүлж байгааг нүдээр үзсэн. Тэр болгон ажил болгож, ойшоохгүй байгааг ч би мэдэрсэн. Үнэндээ Үндсэн хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд эрхээ эдлэхгүй байгаад тэд дуртай байх шиг. Тийм учраас бүх шатны хурал өөрөө өөртөө илүү найдаж, тулгамдаж байгаа асуудлаа бие дааж шийдвэрлэх л үлдэж байна. Тийм боломж байгаа.

Ойрын хугацаанд улс орон даяар аймаг, сумын хурал санаачлан “Иргэдийн оролцоо-Иргэний дуу хоолой” аяныг зохион байгуулж, энэ ажлыг нь Улсын Их Хурал, Засгийн газар дэмжиж, иргэдийн саналыг авч болох бүхий л сувгийг ажиллуулж ажиллах ёстой шиг. Харин давтан тодотгоход иргэдийн оролцоог бодитой үнэлэх, “хариуг барих” буюу авсан, тэдний гаргасан саналыг ажил хэрэг болгох, болгодоггүй, болгох боломжгүй бол эргэн хариу өгч ажиллахад гол утга нь оршиж байгааг л эрхбиш бүгд ухамсарлах учиртай.

Эцэстээ хурлын байгууллага хуулиар олсон, өгсөн эрхээ эдэлсэн шиг “эдлэж”, иргэдийг төлөөлөх үүргээ нэр төртэй биелүүлэх, төрийн албаны тогтвортой мэргэшсэн, гэхдээ цомхон чадварлаг байдал, иргэдийн итгэлийг зүтгэлээр хариулна гэж сонгогдсон хурлын Төлөөлөгчид санаачлага, хариуцлагатай,  хурлаас гаргасан шийдвэрийг ажил болгож, тодорхой тогтоосон хугацаанд тайлагнах, хурлын байгууллагад үйлчлэх, иргэдийн оролцоог бодитой үнэлж, бодлого, үйл ажиллагааны сэтгэл ханамжаар урамшуулах учиртай төрийн захиргааны алба, албан хаагчид ажилдаа эзний ёсоор хандаж, “сэтгэл” гарган ажиллах нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төлөвшил чадавхид шууд нөлөөлөхийг хэлж чадах байна.


Хэнтий аймгийн иргэн Сэдэдийн БАТ-ЭРДЭНЭ

Эрэгтэй, 39 настай,
Монгол хэл, уран зохиолын багш,
төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй,


Сэтгэгдэл ачааллаж байна ..