Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага ба Иргэдийн оролцоо

2014-11-17 17:33

*Ачааны хүндийг өөрөө үүрье* гэсэн латин үгнээс гаралтай Нутгийн Өөрөө Удирдах Ёс ( Цаашид НӨУЁ гэх ) нь хүн төрөлхтөний хувьд эртний ойлголт хэдий ч манай улсын хувьд харьцангуй залуу  ойлголт юм. Учир нь  ардчилсан чиг баримжаат  өөрөө удирдах  ёс нь монголд  ардчилсан хувьсгалтай хамт  бий болсон түүхтэй.

Тодорхой нутаг дэвсгэрт аж төрөн суугаа хүмүүс өөрсдийн амьдрал аж ахуйд хамаатай бүхий л асуудлыг өөрсдийн санхүү эдийн засгийн боломжид тулгуурлан хууль тогтоомжийн хүрээнд хамтран шийдвэрлэх эрх мэдлийг НӨУЁ гэнэ.

Дээрхи тодорхойлолтоос харахад НӨУЁ-ыг хэрэгжүүлэхэд иргэдийн идэвхи, оролцоо,  ойлголт мэдлэг хамгийн чухал гэдэг нь харагдаж байгаа юм.   Бүүр тодруулбал   НӨУЁ ыг хэрэгжүүлэгчид нь  иргэд,  бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (Цаашид ИТХ гэх ) юм.

Манай улсын хувьд НӨУЁ-ны байгууллагыг чадавхижуулах бэхжүүлэх талаар олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг талархан дэмжих нь зүйтэй юм.

Миний бие  10 гаруй жил иргэдэд зориулж хүний эрх, ардчилал, НӨУЁ-ны талаар сургалт  зохион байгуулж,  иргэдэд хичээл зааж, орон нутгийн бүүр тодруулбал багийн түвшинд иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсох ажлыг хийж байгаа бөгөөд НӨУЁБ –ыг бэхжүүлж чадавхижуулахын тулд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлуудыг өргөнөөр   хийх хэрэгтэй гэж бодож байна.

Үүнд: ИТХ-ын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зарим арга замууд:

  • Хуралдааныг нээлттэй, явуулын хэлбэртэй хийх
  • Шийдвэрийн хувилбарыг өргөн хэлэлцүүлдэг байх
  • Шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих хэсэгт сонирхогч талуудын төлөөллийг оруулж хэвших
  • Орон нутагт олон талт түншлэлийн үйл ажиллагааг зохион байгуулах

Хөдөө орон нутагт нэг талаас НӨУЁ-ны байгууллагын боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, дадлага туршлага хуримтлуулах, нөгөө талаас иргэдийг мэдлэг мэдээллээр хангах нь зайлшгүй хэрэгтэй байна.   

 Орон нутгийн хөгжил нь тухайн орон нутагт амьдарч ажиллаж буй иргэдийн  санаа бодол, санаачлага, түүнийг дэмжин хамтран ажиллах  НӨУЁ-ны байгууллагаас  шууд хамааралтай гэдгийг онцлоё.           

Иймд  НӨУЁ-ыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхэд иргэдийн оролцоо чухал юм. Иргэд үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор:

  • Шийдвэр гаргах үйл явцад оролцсоноор бодлогод нөлөөлөх боломжийг бий болгоно
  • Шийдвэр гаргах үйл явцын тухай илүү их мэдээлэлтэй болно: оролцогчид, нутаг дэвсгэр г.м
  • Нийгмийн харилцаа, хариуцлагыг бий болгож хамтын хүчин чармайлтыг хөгжүүлнэ
  • Шийдвэр гаргахад орон нутгийн хэрэгцээг илүү сайн тусгана
  • Иргэд өөрсдөө орон нутгийнхаа хөгжилд оролцож, түүнийхээ  үр өгөөжийг хүртэнэ гэдгийг иргэдэд сайтар ойлгуулах хэрэгтэй.

НӨУЁ-ны Байгууллага нь ардчилсан зарчмын дагуу ил тод нээлттэй ажиллаж чадахгүй бол иргэдийг төлөөлөх үндсэн үүргээ биелүүлж чадахгүй,иргэдийн оролцоо хангагдах боломжгүй байна гэсэн үг юм.

Улс төрийн боловсролын академийн Хөвсгөл аймаг дахь сарбарын эрхлэгч. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь " төслийн сургагч багш. Ц.Дагийсүрэн   


Сэтгэгдэл ачааллаж байна ..

  • ӨНӨӨДӨР:
  • 218
  • НИЙТ:
  • 122 121