Дорноговьчууд иргэдийн оролцоо хувь хүний хөгжлөөс шалтгаална гэж үзэж байна.

2014-09-17 15:23

Дорноговь аймгийн ИТХ,  Иргэний оролцооны хэлтсээс  Боловсрол хөгжлийн сарын хүрээнд Хувь хүний хөгжлийн институттэй хамтран, 2014 оны 9-р сарын 12-нд төрийн болон төрийн бус байгууллагуудын дарга нарт зориулан "Үйлчлэн манлайлахуй" удирдлага хөгжлийн сургалтыг, иргэдэд “Иргэдийн оролцоо- Нутгийн хөгжилд” сургалтыг  үнэ төлбөргүй зохион байгууллаа.
 Дорноговь аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг:
-Энэхүү сургалтыг зохион байгуулах болсон үндсэн шалтгаан нь  иргэдийн оролцоог яг яаж хангах вэ  гэдэг арга замыг бид эрэлхийлээд байна. Манайхан иргэний оролцоог хангаж байна, иргэдийн нийтийн хурал хийгдэж байна гэж яриад байдаг, гэтэл олонхи нь хуралдаа оролцохгүй, хэдэн иргэн төр засгийн байгууллагуудын мэдээлэлтэй танилцаж, хэд нь вэб сайт руу орж, мэдээлэл авдаг нь тодорхойгүй байдаг. Иймээс л иргэд рүү чиглэсэн сургалт лекцүүдийг хүргэж, мэдээллээр хангах, идэвхижүүлэх, хандлагыг өөрчлөх, зорилгоор зохион байгуулж байна. Мөн нөгөө талаас иргэдийн оролцоог хангах  асуудалд иргэдээ идэвхитэй байлгая гэвэл  нэн тэргүүнд төрийн байгууллагуудын удирдлагын харьцаа хандлагыг өөрчлөх хэрэгтэй гэж үзэж  энэ сургалтыг зохион байгуулж байгаа юм. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа албан хаагчид зөв боловсон харьцаатай, иргэддээ үйлчлэх гэсэн хүсэл эрмэлзэлтэй, түргэн шуурхай чирэгдэлгүй үйлчилдэг байх нь чухал. Иймээс удирдах албан тушаалтнуудад зориулсан “Үйлчлэн манлайлахуй” сургалтыг зохион байгуулж байгаа юм.  
Сургалтын тухай Иргэний оролцооны хэлтсийн дарга Э.Энхжаргалаас тодруулахад – Манай иргэний оролцооны хэлтэс байгуулагдсан цагаасаа эхлэн иргэдэд чиглэсэн  тодорхой ажлуудыг зохион байгуулж ирлээ. Хэлтсийн гол зорилго нь иргэдэд оролцооны ач тусыг ойлгуулах, зөв мэдээллээр хангаж,  иргэн бүрийн оролцоо хандлагаас орон нутгийн хөгжил шалтгаалахыг ойлгуулж, орон нутгийн бодлогод саналыг нь тусгуулах,  шийдвэр гаргах түвшинд тэдний дуу хоолойг хүргэхээр  зорьж байна. Иймээс боловсрол хөгжлийн сарын хүрээнд 3 өдрийн сургалтыг зорилтот бүлгүүдийг хамруулан, явуулж байна. Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэх үүрэгтэй төрийн байгууллагын дарга удирдлагуудад зориулсан “Үйлчлэн манлайлахуй”, иргэдэд зориулсан “ Иргэдийн оролцоо- Нутгийн хөгжилд” сурагчдад зориулсан “ Мөрөөдлийн хөтөч ” сургалт лекцүүд, мөн сургагч багш нар бэлтгэх “ Амьдрах ухаан- Амжилтын хөтөч” сургалтуудыг зохион явуулж байна гэлээ.
Дорноговь аймагт  “Иргэдийн Оролцоо- Нутгийн хөгжил ”  сэдвийн дор зохиогдсон энэхүү сургалтаар иргэдийн оролцоог хангахад хамгийн чухал нь  хувь хүний хөгжил гэж  үзсэний үндсэн дээр иргэддээ санхүүгийн мэдлэг олгож,  олсон мөнгө төгрөгөө хэрхэн үр ашигтай зарцуулж, хуримтлал бий болгох тухай мэдээллийг хүргэлээ.


Сэтгэгдэл ачааллаж байна ..