Аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд эмэгтэйчүүдийн квотыг хуулиар тогтоож өгөх хэрэгтэй.

2014-10-22 14:14

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Т.Нансалмаатай хийсэн ярилцлага


question Та аймгийн ИТХ-д анх удаа сонгогдсон юм байна. Хурлын төлөөлөгчөөр сонгогдох болсон шалтгаан юу байв?

answerМиний бие нь Буянт сумын уугуул. Баян-Өлгий аймаг дах нутгийн зөвлөлийн даргаар 5 жил ажилласан. Ажиллаж байхдаа сумынхаа ойг зохион байгуулахад идэвхитэй оролцсон. Нутгийн ард олон маань намайг хурлын төлөөлөгчөөр нэрээ дэвшүүлээч гэсэн санал тавьсны дагуу нэрээ дэвшүүлж, олонхийн дэмжлэгээр аймгийн хурлын төлөөлөгч болсон юм. Иргэд маань эмэгтэй хүн амьдрал илүү ойлгожнийгмийн сайн сайхны төлөө зүтгэл гарган ажиллана гэсэн итгэлээр сонгосон гэж бодож явдаг.

question Хувийн бизнес эрхэлж байгаад төлөөлөгчөөр сонгогдон ажиллахад ямар өөрчлөлт мэдрэгдэж байна вэ?

answerБи урьд нь хувийн хэвшилд өөрийн бизнес эрхлэн, олон жил ажиллаж ирсэн. Энэ хугацаандаа цөөн тооны хүмүүсийн дунд ажиллаж амьдарч байсан бол одоо бүтэн нэг сумынхныг төлөөлж үүрэг хүлээж, олон хүмүүстэй харьцаж, хүмүүсийн амьдрал ахуйтай танилцаж, санал бодлыг нь сонсож явна. Энэ бүхэн надад хариуцлагатай байх, иргэдийн эрх ашгийн төлөө, тэр дундаа эхчүүд эмэгтэйчүүдийн нийгмийн  асуудлаар аймгийн хурлаас гаргаж байгаа бодлого шийдвэрт дуу хоолой болох боломжийг нээсэн хэрэг. Нөгөө талаасаа хувь хүний хувьд маш их нийгэмшиж байна. Би худалдаа, үйлчилгээний чиглэлээр 10 гаруй  жил хувийн бизнес эрхэлж байна. Дэлгүүр, худалдаа эрхэлж, 20 гаруй хүнийг удирдан, ажил олгож, амьдрал ахуйг нь дэмжин ажиллаж байсан хүний хувьд сумынхаа  нийт иргэдийг төлөөлөн, аймгийн төлөөлөгч болоход мэдээж өөр байна л даа. Жишээ нь хувийн эрх ашиг, ашиг орлогын төлөө үйл ажиллагаа явуулж байсан бол одоо өөрийн сумын хөгжил дэвшлийн төлөө, иргэдийнхээ ая тухтай амьдралын төлөө, эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө гэх мэт нийтлэг эрх ашгийн төлөө дуу хоолой болж үг хэлж, үйлдэл үйл ажиллагаагаа чиглүүлдэг болж байна.

Энэ нь Нансалмаа гэдэг хувь хүний хувьд сум орон нутгийн эрх ашгийн төлөө илүү өргөн цар хүрээтэй сэтгэдэг, хардаг байх,  ажил хэрэгтээ илүү хариуцлагатай, ажил хэрэгч байх, нийгэмдээ илүү иргэнлэг, хүмүүнлэг байх, эмэгтэйчүүддээ үлгэр жишээч, манлайлагч байх үүрэг хариуцлага ирж, өөрийгөө дайчилж, өөрийгөө ялж, өөртээ итгэлтэй болж байна л даа.

question Эмэгтэйчүүдийн дуу хоолой болно гэж байна. Энэ тухайгаа тодруулан яриач?

answerМанай  Баян-Өлгий аймгийн 33 төлөөлөгчөөс 2 эмэгтэй бий. Миний хувьд эмэгтэйчүүд бид өөрсдөө идэвхи санаачлагатай, нийгмийн идэвхитэй  байж, өөрсдөдөө тулгамдаад байгаа асуудлуудаа тодорхойлон, түүнийхээ төлөө тэмцдэг байх хэрэгтэй. Аймгийн хурал дээр эхчүүд эмэгтэйчүүдтэй холбоотой асуудлыг байнга ярихаар эрэгтэй төлөөлөгчдийн зүгээс үл ойлгох, дэмжихгүй байх байдал гарч ирдэг.

Иймээс ИТХ-д эмэгтэйчүүдийн квотыг хуулиар оруулж өгөх нь зүйтэй гэж боддог. Мөн квот гэдэг дээр бас миний хувьд нэг бодол байдаг. Баян-Өлгий аймаг гэхээр хүмүүс дан  казах үндэстэн амьдардаг мэтээр ойлгодог.Энэ  нь буруу ойлголт манай аймаг олон ястны өлгий нутаг. Урианхай, дөрвөд, өөлд, тува гээд олон бий эдгээр ястнуудын төлөөлөл хуралд байх ёстой гэж боддог.

question Танд төлөөлөгчийн хувьд ямар хүсэлт саналууд ирж байна вэ?

answer2013онд Төсвийн тухай шинэ хуулиар орон нутагт санхүүгийн эрх мэдэл бий болж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хуваарилдаг болсон нь сайшаалтай зүйл болоод байгаа. Сумд маань орон нутагтаа, багууддаа тулгарч байгаа асуудлуудыг иргэдийнхээ санал оролцоонд тулгуурлан гаргаж ирээд, тус сангийнхаа хөрөнгөөр шийддэг болсон. Ийм болохоор аймгийн хурлын төлөөлөгчид сумын зүгээс тавиад байгаа хүсэлт бол гайгүй. Иргэдийн зүгээс амьдралын гачигдлаас шалтгаалан тусламж, оюутны төлбөр хүссэн  хувийн саналууд бол гардаг.

question Та сонгогдсон сумандаа очиж,  иргэдтэйгээ хэр уулздаг вэ?

answerЕр нь очно шүү. Аймгийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэж байгаа асуудлууд, орон нутгийн бодлого шийдвэрийг танилцуулах, мөн иргэдийнхээ санал бодлыг сонсох уулзалт тойролтуудыг хийнэ. Хэд хоногоор тойрогтоо ажилласан тохиолдол ч бий. Дан ганц өөрийн тойрог гэлтгүйгээр хүмүүст хэрэгтэй цагт нь багахан ч гэсэн  туслач гэж бодож явдаг. 2013 онд манай аймгийн хараагүй иргэд Улаанбаатар хот руу тэмцээнд оролцохоор иргэдийн хурлаас санхүүгийн дэмжлэг  хүсэхэд нь би аймгийнхаа нэг төлөөлөгчийн хамт зардлыг нь дааж тэмцээнд оролцуулж байсан.

question Эмэгтэй төлөөлөгчийн хувьд эмэгтэйчүүддээ хандан юу хэлмээр байна?

answerХөдөө суманд эрхлэн явуулж байгаа бизнесийн ихэнх нь  буюу бараг 60-70% нь дэлгүүр, худалдааны чиглэл, цайны газар байдаг бөгөөд голдуу эмэгтэйчүүд л үүнийг эрхлэн явуулдаг. Тэд данс тооцоогоо барьж, бараа материалаа татаж, зөөж, өөрсдөө худалдагчаа хийж байж л хөл дээрээ босч ирдэг. Дараа нь хэд гурван ажилтантай болдог, тэднийг цалинжуулдаг.  Би ч тийм л замаар бизнес эрхэлж ирсэн.

Тийм болохоор эмэгтэйчүүд бидэнд боломж байна, бид чадна гэсэн сэтгэлээр асуудалд хандаж нутгийн өөрөө удирдах байгууллага болох хурлуудад олноор сонгогдох болтугай гэж ерөөе.


Сэтгэгдэл ачааллаж байна ..

  • ӨНӨӨДӨР:
  • 140
  • НИЙТ:
  • 97 748