Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын уулзалт, семинар Хөвсгөл аймгийн Хатгал суманд боллоо

2016-06-13 10:42

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 2013-2016 онд хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /ИТХ/-уудын уулзалт, семинар 2016 оны 06 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал суманд боллоо.

Уулзалтыг Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн Үндэсний захирал Б.Болдбаатар нээж, үг хэлсэн юм. Тэрээр, “Нутгийн удирдлага: Сорилт ба шийдэл” үндэсний чуулганыг Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр хамтран 2015 оны 12 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Тус чуулганаар нутгийн удирдлагад тулгамдаад байгаа нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлууд буюу нутгийн удирдлагад засаглалын эрх мэдлийн тэнцвэрийг хангах, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах замаар нутгийн удирдлагын хариуцлагыг дээшлүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг шинэчлэх, нутгийн удирдлагын өмчлөлийг шийдвэрлэх замаар бие даасан байдлыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэх хэрэгцээ шаардлагын талаар судлаачдын тавьсан илтгэл, шийдлийн хувилбаруудыг авч хэлэлцсэн юм. Улмаар “Нутгийн удирдлагын тогтолцоо”, “Чиг үүргийн хуваарилалт”, “Нутгийн удирдлагын эрх зүйн шинэтгэл” гэсэн гурван салбар хуралдааныг хийж, орон нутгийн удирдлагад тулгарч буй асуудлууд, чуулганаас гарах завлөмжийг дэлгэрэнгүй авч хэлэлцлээ. Чингээд тус чуулганд тавигдсан нээлтийн болон үндсэн илтгэлүүд, салбар хуралдааны тэмдэглэл, чуулганаас гарсан зөвлөмжийг нэгтгэн “Нутгийн удирдлага: Сорилт ба шийдэл” хэмээх эмхэтгэлийг бүрэн эхээр нь толилуулж байгаадаа баяртай байна. Энэхүү эмхэтгэл нь хууль тогтоогчид, бодлого боловсруулагчид, судлаачид ашиглах чухал эх сурвалж болно гэдэгт найдаж байна” гэлээ.

Мөн тэрээр нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж буй ИТХ-уудын төлөөлөгчдөд амжилт хүсч, харилцан туршлага судлахын зэрэгцээ нутгийн удирдлагад иргэний оролцоог нэмэгдүүлж сайн туршлагыг дэлгэрүүлэхэд энэхүү уулзалт, семинар чухал ач холбогдолтой болохыг онцолсон юм.

Үүний дараа Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны Дэд захирал хатагтай Габриэлла Спирли энэхүү уулзалтад оролцож буй Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын төлөөлөгчдөд хандаж, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан системтэй сургалт зохион байгуулдаггүй байсан. Харин өнөөдөр үндэсний хэмжээнд 8000 гаруй хурлын төлөөлөгчид суурь сургалтын хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчин, хурлын хэлэлцүүлэг, төсөв, төлөвлөлт, ашиг сонирхлын зөрчлийн зохицуулалт, байгаль орчны менежмент зэрэг чухал асуудлаар мэдлэг, чадвараа дээшлүүлээд байна. Эдгээр сургалтууд хурлын үйл ажиллагааг идэвхжүүлэх, энэ хүрээнд дотоод үйл ажиллагааг нь сайжруулах, иргэдэд илүү нээлттэй, тэдний өмнө хариуцлагатай байх явдлыг сайжруулахад чухал нөлөө үзүүлсэн болохыг тэмдэглэсэн юм.

Төслөөс хэвлэсэн “Нутгийн удирдлага: Сорилт ба шийдэл чуулганы илтгэлийн эмхэтгэл”, “ИТХ-ыг дэмжих тэтгэлгийн сайн туршлага” мөн “ИТХ-ын сайн туршлага” номуудын нээлтийн ажиллагааны дараа “Нутгийн удирдлагад иргэний оролцоо” сургалтын агуулга, хөтөлбөрийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, төлөөлөгчид харилцан туршлага судалсан юм.

Ийнхүү хоёр өдөр үргэлжилсэн энэхүү уулзалтаар төлөөлөгчид харилцан туршлага солилцож, нутгийн удирдлагын талаарх иргэний боловсролын сургалтын хөтөлбөрийн танилцуулга хийхийн сацуу Хөвсгөл аймгийн ИТХ-ын туршлагыг судалсан юм.

Энэхүү уулзалт, семинарыг төслийн зохицуулагч П.Лхам зохион байгуулж, УИХ-ын Тамгын газрын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Э.Түвшинжаргал, УИХ-ын Тамгын газрын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны референт Б.Төгсцэнгэл, УИХ-ын Тамгын газрын ерөнхий аудитор Ц.Лхагвагэрэл, УИХ-ын Тамгын газрын ахлах референт С.Тэрбиш, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, Хөвсгөл аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Цогтоо, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Төв, Өвөрхангай аймгийн ИТХ-уудын төлөөлөгчид, “Тунгаамал төв” ТББ, “Иргэний боловсролын төв” ТББ, Орон нутгийн хөгжлийн хүрээлэн болон албаны бусад хүмүүс оролцлоо.










Сэтгэгдэл ачааллаж байна ..