Төлөөлөгчид хишиг өдрөөрөө мэргэжлээ солилоо

2014-12-24 15:25

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (ИТХ) тэргүүлэгчдээс удирдамж гарган төлөөлөгчдийн идэвхи санаачилгыг нэмэгдүүлэх, иргэдэд хурлын байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, тэд ажил үйлчилгээг хэрхэн явуулж байгаатай газар дээр нь танилцаж, судлах зорилгоор “Төлөөлөгчийн нэг өдөр –Хишиг өдөр”-ийг нийгмийн хөгжлийн хорооноос зохион байгуулжээ.

Энэхүү өдрөөр 24 төлөөлөгч ЕБС, цэцэрлэг, хүн эмнэлэг, сургуулийн дотуур байр, Алтан дуулга компани, нийтийн аж ахуйн газруудад багш, галч, тогооч, асрагч, гурилын үйлдвэрт ажилласан байна.  Энэ үеэр төлөөлөгчдөд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн аюулгүй байдлын журам заавар, ажлын байрны үүрэг даалгавар зэргийг сайтар танилцуулан холбогдох албан тушаалтан хариуцан заавар зөвлөгөө өгч хамтран ажилласан байна.

Төлөөлөгчид ажиллах явцдаа тухайн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, ололт дутагдал, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлохын зэрэгцээ тэдний санал хүсэлтийг ИТХ-д уламжлан ажиллажээ. Мөн хишиг өдрөөр төлөөлөгчид 7 бүлэг болон, нэг бүлэг 10 өрх айлыг сонгон зочилж, сумын ИТХ-аас барьж буй бодлого шийдвэрийг танилцуулан тэдний санал бодлыг сонсон, гарсан санал хүсэлтүүдийг холбогдох албан тушаалтанд хүргүүлэн ажилласан нь иргэдийн сэтгэлд нийцсэн сайхан ажил болж, цаашдаа энэхүү арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж байхыг иргэдийн зүгээс хүсчээ.

Хурлын байгууллагын зүгээс иргэдийг мэдээллээр хангаж, тэдний санал дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулах нь тухайн орон нутагт нийцсэн хөгжлийн бодлого гарах суурь нөхцөл болж өгөх юм. Энэ үүднээс Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна 

 


Сэтгэгдэл ачааллаж байна ..