Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр “Лобби бүлэг” байгуулан ажиллаж байна

2016-03-07 11:25

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ-ын төлөөлөгч Э.Оюунчимэгтэй хийсэн ярилцлага


Асуулт: Та ИТХ-ын төлөөлөгчөөр хэдэн удаа сонгогдсон бэ?
      
Хариулт: Би 2 удаа ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. 

Асуулт: Нутгийн өөрөө удирдах байгууллагатай хэрхэн холбогдсон тухайгаа тодруулбал?

Хариулт: Нийгмийн гол хурдасгагч хүч болох төр, иргэн хоёрыг хооронд нь холбож гүүр болж  байдаг нийгэмд үйлчилдэг ТББ-д ажиллаж бөгөөд төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран орон нутгийнхаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр талуудын идэвх оролцоог хангах талаар туршлага хуримтлуулсан юм. 

Ийнхүү мэдэж байгаа зүйлээ бусад төлөөлөгчидтэй хуваалцаж, илүү ихийг бүтээж хийхийн тулд дотор нь орвол илүү үр дүнтэй санагдаж, сонголтоо хийн, 8 жилийн өмнө төлөөлөгч болсон. Ард түмний төлөөлөл болж иргэдтэйгээ хамтарч ажиллахад урамтай байдаг. Иргэд маань маш их зүйл мэддэг, тэднийхээ оролцоог ханган, тэднээсээ үргэлж суралцан хамтран ажиллах тусам сайхан байдаг юм.

Асуулт: Эмэгтэй төлөөлөгчийн хувьд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх болон жендерийн асуудлын талаар таны бодол? 

Хариулт: Манай сумын ИТХ-д 31 төлөөлөгч суудгаас 11 төлөөлөгч нь эмэгтэй.
Бид хамтарч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах “Лобби бүлэг” байгуулан, ЗДТГ-т жендерийн тэгш байдлыг хангах төлөвлөгөөг жил бүр батлан хэрэгжүүлж байна. 
  Жил бүрийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 3 сарын 8-нд шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдтэй хэлэлцүүлэг зохион байгуулж, гарсан санал, зөвлөмжийг төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэн ажилласнаар жендерийн тухай ойлголттой болсон иргэдийн тоо нэмэгдэж байна. 
Тэрээр улс төр, эрх зүй, нийгэм, эдийн засаг, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага,тэдний нийгэмд эзлэх байр суурийн талаар уламжлагдан тогтсон ойлголт, үзэл хандлага нь түүхэн явцад хувьсан өөрчлөгддөг болохыг ойлгуулах эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэн ажиллаж байна. Манлайлагч эмэгтэйчүүдийн зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулж, орон нутгийн хүн амыг хөгжүүлэх жендерийн дэд хөтөлбөр боловсруулан, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх,орон нутгийн хөгжилд хувь нэмрээ хэрхэн оруулах талаар санал санаачлагыг дэмжин ажиллаж байна. 
Асуулт: Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхжуулах талаар бүрэн эрхийн хугацаанд хэрхэн ажиллав, онцлог ажлууд юу байв?

Хариулт: Нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн чиг үүрэг болох төлөөлөх, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоох, хянах зэрэг өөрөө удирдах ёсны зарчмыг баримтлан ажиллаж байна. 

Иргэний танхим байгуулж тулгамдсан асуудлаар талуудын оролцоог хангасан хэлэлцүүлгүүдийг амжилттай зохион байгуулж, хэлэлцүүлэг тус бүрийн мөрөөр үйл ажиллагаа зохион байгуулж,  үр дүн гарган ажиллаж байна.

  Жишээ нь: СӨХ-ийн / сууц өмчлөгчдийн холбоо/ оршин суугчдын дунд 2-3 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, оршин суугчдад СӨХ-н талаар болон иргэн хүний эрх, үүргийн талаар мэдлэг олгосон. Үүний үр дүнд СӨХ нь “Өрнөх”, ”Дэлгэрэх” 2 болж, өрсөлдөх чадвар нь нэмэгдэн,үйлчилгээний хүртээмж сайжирсан. 
Хамгийн гол нь 9 орон тоо бий болж, төрөөс цалин авдаг хот тохижилт үйлчилгээний газрын үйлчлэгч нар байр, орон сууцыг өөрөөр хэлбэл хувийн орон сууцыг төр цэвэрлэж өгдөг гаж тогтолцоог халж, оршин суугчдын холбоо ажиллах боломж бий болсон. Мөн дөнгөж 30 % СӨХ-д мөнгөө төлдөг байсан бол одоо 70% үүрэг, хариуцлагаа ухамсарладаг болж, дундын өмчлөлийн мөнгөө төлдөг болсон. Энэ мэтчлэн иргэдэд мэдээлэл, мэдлэг олгож, эргээд хамтран асуудлыг нь шийдэх замаар ажлыг явуулахаар илүү үр дүн бий болгож, ажиллах тусам суралцаж чадавхжиж байна.


Асуулт: ИТХ-ын Төлөөлөгчийн хувиар сумандаа ямархуу ажлуудыг санаачлан хийж хэрэгжүүлээд байна вэ?

Хариулт: 
Төрийн зарим чиг үүргийг ТББ-уудаар гэрээлэн гүйцэтгүүлэн Засаг даргын нөөц сангаас мөнгийг шийдвэрлүүлж, 2013 оны 1сарын 03 –наас 08-ныг дуустал 6 багийн нийгмийн бүлгүүдийн оролцоотойгоор асуудлаа гарган, багийн иргэдийн нийтийн хурлаар эрэмбэлэн, 2013-2016 онуудад хийгдэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулж, 6 багийн 670 гаруй ард иргэдийг оролцуулж үнэтэй санал бодлыг уралдуулсан төлөвлөлтийг анх удаа хөндлөнгийн хяналттай, төрийн оролцоогүйгээр зохион байгуулсан. 
Орон нутгийн иргэд, олон нийтийн байгууллага, ТББ-ууд, хувийн хэвшлийнхэний оролцоог хангаж Цэцэрлэг хотын болон Эрдэнэбулган сумынхаа SWOTшинжилгээг хийж хотынхоо нийгэм,эдийн засгийг хөгжүүлэх алсын хараа, эрхэм зорилгыг тодорхойлж, талуудын оролцоонд тулгуурласан 10 жилийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан, ИТХ-аар батлуулан хэрэгжүүлэхэд хяналт тавин ажиллаж байна. 
Иргэдийн шууд оролцоог хангасан “Иргэний танхим”-аар 21 удаагийн хэлэлцүүлэг,уулзалт, ярилцлагыг зохион байгуулж давхардсан тоогоор 20 гаруй мянган иргэнийг хамруулж, хууль эрх зүйн мэдлэг, экологийн болон иргэний боловсролыг дээшлүүлэн иргэд өөрсдийн эрүүл аюулгүй орчиноо бүрдүүлэн ая тухтай амар амгалан амьдрах боломж бүрдүүлэн ажиллаж байна. 
2015 оныг “Иргэн таны төлөө” жил болгон сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой хүүхдүүдийг 100% цэцэрлэгт хамруулсан анхны аймаг, анхны хот болж чадлаа. Цэцэрлэг хотод 13 цэцэрлэг байдаг ба хүүхдүүдээ 100% хамруулаад зогсохгүйгээр сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа байгууллагуудын сургах орчин, сургалтын чанар, багш ажилчдын үйлчилгээний чанар хүртээмжийг” Иргэдийн онооны карт”-аар үнэлэх аргачлалыг нэвтрүүлэн, үйлчилгээ хүртэгч хүүхэд, эцэг,эх,үйлчилгээ үзүүлэгч багш ажилчдын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны ил тод байдал,үйлчилгээний хүртээмжийг иргэд дүгнэдэг нийгмийн хариуцлагын тогтолцоог бий болгон хяналт тавин ажиллаж байна. 
Хотын төвд болон гэр хорооллын айл өрх, хүн амын оролцоотойгоор загвар гудамж, хорооллыг үүсгэн орчин үеийн хотын стандартад нийцсэн нэгэн ижил загварын хашаа бариулах ажлыг зохион байгуулж,орон нутгийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог ханган хяналт тавин ажиллаж байна. 

Асуулт: Сум, багийнхаа иргэдийн амьдралд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

Хариулт: Багийн иргэдийн нийтийн хуралд оролцож, иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудыг сонсож, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, ТББ-ууд болон төртэй хамтран зохих хэмжээнд шийдвэрлэдэг. Жишээн нь: гэр бүлийн хэрэгцээний газар олголтын асуудал иргэдийн бухимдал, цаг завыг үрсэн ажил байсныг ИТХ-аар журам боловсруулан батлуулж, багийн иргэдэд эрхийг шилжүүлснээр газрын асуудал иргэдэд ил тод нээлттэй болсон.

Асуулт: Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд төлөөлөгчийн зүгээс хэрхэн ажиллаж байна вэ?

Хариулт: Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай,Төсвийн тухай болон иргэдийн нийтийн эрх ашигт хамааралтай хуулийн талаар мэдлэг олгох сургалтуудыг ТББ-уудтай хамтран зохион байгуулж байна. Иргэний танхим байгуулж, иргэдэд тулгамдсан асуудлуудаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцогч талуудын оролцоотойгоор асуудлыг шийдвэрлэж байна.
ОНХС-аар хийгдэх ажлын саналыг иргэд, ААН –үүдийн оролцоотойгоор төлөвлөн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

Нийгмийн тэргүүлэх салбар болох сургууль, цэцэрлэгүүдийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр эцэг, эх, хүүхэд, багш нарын оролцоотойгоор сургалтын орчин нөхцлийг сайжруулах,үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд иргэдийн онооны карт / ИОК /-аар дүгнэх аргачлалыг нэвтрүүлж нийгмийн хариуцлагын тогтолцоог бий болгоход оролцогч талуудтай хамтран ажиллаж байна.  

Асуулт: Иргэдийн оролцоотой төсвийг хэрхэн зохистой хэрэгжүүлж байна вэ. Тухайлбал иргэдийн санаачлагаар ямар ажлуудыг хийсэн бэ?

Хариулт: Бид 56 га-д тархсан хогоороо зочдоо угтаж, үддэг хур хогны асуудлыг олон хэлэлцүүлэг,уулзалт зохион байгуулж, иргэдийн оролцоотойгоор аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас хөрөнгө гарган шийдвэрлэж, 5 га дээр хотын доторхи хогны  менежментийг сайжруулан, 10 ажлын байр бий болгосон.

Цэцэрлэг хотын хогийг зайлуулж, ангилан ялгадаг, хогийг тээвэрлэн хотоос хогийн нэгдсэн цэгт хүргэдэг парк шинэчлэлтийг бүрэн шийдвэрлэснээр асуудал цэгцэрч хот өнөөгийн өнгө төрхөөр хөгжих нэг том боломж бүрдсэн.

Ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулахад иргэд, мэргэжлийн байгууллагуудын оролцоог дэмжин хамтарч,ундны усны эх үүсвэр, усан сан,гүнийн худгийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотойгоор хайслан хамгаалалтанд авч, усан сан, худгуудыг камержуулж эрүүл аюулгүй,цэвэр ус уух боломжийг бий болгосон. 

Асуулт: Ер нь орон нутагт хийгдэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлыг эхлээд баг дээр яригдаж дээшээ явж батлагддаг болж байгаа. Баг өөрөө биеэ дааж зөв сонголт хийж чадаж байгаа юу? Яг танай сумын хувьд юу хийгдэж байна вэ?

Хариулт: Төсвийн тухай хуулиар 2013 оноос  орон нутгийн хөгжлийг дэмжсэн  “Орон нутгийн хөгжлийн сан”-тай болж,сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт,хөтөлбөр,төсөл арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал,арга замын талаар багийн иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг,санал асуулга явуулж тухайн багийн иргэд бие даан асуудлаа гарган эрэмбэлж шийдвэрлэхэд оролцож, хэрэгжилтэнд хяналт тавьдаг болсноор орон нутаг хөгжиж байна. 
2013 онд хүндрэлтэй хаа хаанаа шинэ байсан учраас бэрхшээл тулгардаг байсан. Багийн иргэд өөр өөрсдийн бэрхшээл зовлонгоо тоочоод байдаг байсан. Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам, юу хийж болох вэ, юуг хийж болохгүй талаар иргэдийг мэдээлэл арга зүйгээр хангасны үндсэн дээр одоо нийтийн эрх ашгийн төлөө тулгамдаж буй зүйлээ ярьдаг болсон.

2013 онд 6 багийн 670 гаруй иргэдээс гарсан саналыг эрэмбэлэн нэн тулгамдаж буй 6 ажлыг 619.0 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Бурхан багшийн сэрэг дүр цогцолборын засвар,тохижилт,Төв замын дагуух хайс шинэчлэх,Цахиур төвийн зүүн талын талбайг засварлах,”Бөх билэгт” цэцэрлэгийн тохижилт, 1,3,4-р багийн гэрэлтүүлгийг хийсэн.

2014-2015 онуудад 6 багийн1500 гаруй иргэд 10 төрлийн ажлыг 934.9 сая төгрөгөөр хийхээр санал гаргасан. Үүнд хог тээврийн зориулалтын машин, нийтийн бие засах газар, сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2015-2024 оны сумын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр, халуун усны газар, ахуй үйлчилгээний төвийн барилгын засвар, 2р багийн гэрэлтүүлэг, 3р багт шилмэл омгийн хуц,ухна худалдан авах, 4р багт муу усны цооног ухах зөөврийн компероссер, 6 багт мал тарилгын хашаа, сумын соёлын төвд морин хуур худалдан авах, хүүхдийн цэцэрлэгийн засвар үйлчилгээ гэх мэт асуудлаа шийдэж орон нутгаа иргэдийн оролцоотойгоор хөгжүүлээд байна. 

“Гудамж” төсөл хэрэгжээд манай хот 7 уулзварыг шинээр өргөтгөн, 17,5 км хатуу хучилттай зам, 30 гаруй м2 явган зам, 9000 м2 ногоон байгууламж, 2,9 км дугуйн зам ,1300 гаруй гэрэлтүүлэгтэй болж хотын иргэд аюулгүй амар амгалан орчинд амьдрах нөхцөл бий болж орчин үеийн хот болох үндэс сууриа тавьж чадлаа.

Асуулт: Одоогоор тойрогт тань ямар асуудал тулгамдаж байна? Түүнийгээ эрэмбэвэл эхний ээлжинд ямар асуудал шийдвэрлэх шаардлагатай байна вэ?

Хариулт: Багийн нийт өрхийн дийлэнх хувийг гэр хороололд амьдарч байгаа айл өрхүүд эзэлдэг ба хашаандаа олон жил амьдарч байгаагийн улмаас муу усны цооног,стандартын ОО  барих газар хомс байдаг асуудал нэн тулгамдаж байна. Мөн багийн иргэд нэгдэн газраа чөлөөлөн, дахин төлөвлөлт хийж, инженерийн шугам сүлжээнд холбогдсон нийтийн орон сууцнуудыг хүүхдийн тоглоомын талбай,ногоон байгууламж, амрах сүүдрэвчийн хамт шийдвэрлэхэд нь дэмжин туслах, мэдээллээр хангах,зээл хөтөлбөрт хамруулах тал дээр ажиллаж байна. 

Асуулт: Төлөөлөгчдийг чадавхижуулах талаар ямар ажлууд хийгдэж байна?

Хариулт: ИТХ-ын тэргүүлэгчид сумын нийгэм,эдийн засгийг хөгжүүлэхэд төлөөлөгч бүрийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор жилийн төлөвлөлт хийн ажилладаг. 
Сургалт мэдээллээр хангах, зорилго нэгтэй зэргэлдээ аймаг,сумуудын ИТХ-тай туршлага солилцох аялал,урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулж, сайн ажилласан төлөөлөгч нарыг урамшуулдаг боловч хөрөнгө санхүүгийн хүртээмж муугаас давтан сургалт зохион байгуулж чаддаггүй. 

Хурлын дэргэдэх хороодуудын үйл ажиллагааг тогтвортой болгох, гүйцэтгэх засаглал,Засаг даргын тамгын газрын  үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийдэг.   

Асуулт: НӨУБ-ыг бэхжүүлэх талаар таны санал?

Хариулт: НӨУБ-ыг цаашид бэхжүүлэхэд дараах хэдэн саналыг хэлмээр байна. 
Үндсэн хуулиар тогтоосон нутгийн өөрөө удирдах ёсны зарчмууд, НӨУБ-ын мөн чанар,чиг үүргийг хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад бэрхшээл байх ёсгүй.

Цэвэр иргэдийн эрх ашгийг хамгаалдаг байгууллагын хувьд өөрийн эрх мэдлийн хүрээнд чөлөөтэй захиран зарцуулах санхүүгийн нөөцтэй байх ба нөөцийн тодорхой хэсгийг өөрсдөө хувь хэмжээг нь тогтоосон орон нутгийн татвар,хураамжаас бүрдэж байх ёстой. 

НӨУБ-нь үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхийн тулд хуульд нийцүүлэн орон нутгийн онцлогт тохирсон журам боловсруулан хэрэгжүүлдэг нь орон нутагтаа хууль болдог байвал зохилтой байна. 

Төлөөлөгч нэг бүрийн идэвх оролцоо, хууль эрх зүйн мэдлэг,хандлагыг тасралтгүй дээшлүүлэх, аливаа асуудалд хандахдаа нийтийн эрх ашгийн үүднээс бодитойгоор ханддаг байх 

Асуулт: Нутгийн өөрөө удирдах байгууллагын жаргал, зовлон энэ салбарт тулгамдаж байгаа асуудлыг төлөөлөгч хүний тухайд юу гэж дүгнэж байна вэ?
 
Хариулт: Нутгийн өөрөө удирдах байгууллага нь Монгол улсын үндсэн хууль,Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан чиг үүргийн дагуу ажиллахад давуу болон сул талууд байдаг. Төлөөлөгч тухайн баг, суманд олон жил ажиллаж, амьдарч байгаа учраас орон нутгийнхаа онцлог, нөхцөл байдлыг сайн мэддэг. 

Орон нутгийн иргэдээ таньдаг, байнга уулзаж саналыг нь сонсох боломжтой. Мөн засаг захиргааны анхан шатны нэгж багийн иргэдийн нийтийн хуралд оролцох боломжоор бүрэн хангагдсан. 
Иргэдтэйгээ илүү дотно байж,  тэдгээрийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтрах, дэмжих бүрэн боломжтой. 
Ингэснээр орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг иргэдийнхээ тулгамдсан асуудал оролцоон дээр үндэслэн хамтран хэрэгжүүлснээр орон нутаг сүүлийн 3 жилд танигдахгүй болтлоо хөгжиж байна.
  
Нутгийн өөрөө удирдах байгууллага бүрэн утгаараа үйл ажиллагаагаа зохион байгуулахад тохиолддог нэлээдгүй бэрхшээлүүд байдаг. Баг, хороо өрхүүдээс, өрхүүд иргэнээс бүрддэг учраас орон нутаг хөгжихийн үндэс нь өрх бүр, иргэн бүрийн хөгжил,ухамсар, мэдлэг хандлага, дадал хэвшил, ажил хөдөлмөр, бүтээлч оролцооноос шалтгаална.

  ИТХ-ын төлөөлөгч нарыг чадвахижуулах, мэдээ, мэдээллээр хангах,идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр сумын хурлын төсөвт хөрөнгө мөнгө суудаггүй, тэр тусмаа төлөөлөгч иргэдтэй ажиллаж мэдээлэл, мэдлэгээр хангах олон талт арга хэмжээ зохион байгуулах зардал хөрөнгө байдаггүй. 
Шат шатны хурал, гүйцэтгэх засаглалын төсөвт иргэдийнхээ иргэний болон экологийн боловсролыг дээшлүүлэх, нийтийн биеийн тамир, спорт урлагийн арга хэмжээ гэх мэт эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэх хөрөнгө мөнгө суугддаггүй. Хурлын байнгын хороод суугаад ажил төлөвлөгөө боловсруулах, төлөвлөгөөний биелэлтэнд хяналт тавих  ажлын байр байдаггүйгээс тогтвортой үйл ажиллагаа явуулж чаддаггүй.

Орон нутгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төлөөлөгчийн оролцоо сул, төлөөлөгчийн чадвахийг бэхжүүлэхэд хүндрэлтэй байдаг, учир нь сонгуулийн дараа төлөөлөгч нар олноороо солигдож байдаг ба тэдэнд зориулсан сургалт,дэмжлэг бараг байдаггүй. Орон нутгийн ИТХ-ын төлөөлөгч,  Засгийн газар, улс төрчидтэй харьцах орон зай, хамтын ажиллагаа хязгаарлагдмал

Асуулт: Аймгийн ИТХ-аас цаашид ямар ажил асуудалд анхаарч ажиллах вэ?

Хариулт: Аймаг орон нутгийн нийгэм,эдийн засгийг хөгжүүлэхэд төлөөлөгч нэг бүрийн оролцоо, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх системтэй арга зүйгээр хангах,ёс зүйн зөв зан үйлийг дэмжсэн орчин, нөхцлийг бүрдүүлэхэд ИТХ-ын төлөөлөгчид санаачлан ёс зүйн хэм хэмжээг баримтлах ёс зүйн дүрэм гарган мөрдүүлдэг байвал зохилтой байна. 
    

                                 Ярилцлага өгсөн Танд баярлалаа 

Сэтгэгдэл ачааллаж байна ..

  • ӨНӨӨДӨР:
  • 2 919
  • НИЙТ:
  • 123 628