ОРОН НУТГИЙГ ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫГ НАМЫН САВРААС ЧӨЛӨӨЛӨХ ЁСТОЙ

2016-09-27 12:01

-ИТХ-ын сонгууль болох гэж буйтай холбогдуулан орон нутагт санхүүгийн эрх мэдлийг нь өгөх ёстой тухай ярьж байна л даа. Ингэвэл аймаг, дүүргүүд төсвөөс хараат бусаар хөгжих ёстой гэдэгт таны байр суурийг сонсъё?
 
-Орон нутгийн өөрөө удирдах байгууллага 1992 оны Үндсэн хуулийн нэг том бүлэг. Өнөөдрийн байдлаар энэ байгууллага эрх чөлөөгөө эдлэх нь чухал. Санхүүгийн хувьд 1992 оноос хойш орон нутгийн өөрөө удирдах байгууллагад ямар ч эрх чөлөө өгөөгүй. 2006 оноос арай гайгүй болсон ч удирдлагын хувьд намууд очоод ааглаад суучихсан. Тийм учраас улс төрийн талаасаа орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг намын савраас чөлөөлөх ёстой. Иргэд нь өөрсдийнхөө төлөөллийг ажиллуулах учиртай юм.
 
Нөгөө талаар 2006 оны аравдугаар сарын 19-нд Татварын хуулиудыг өөрчлөхдөө орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн санхүүгийн эх үүсвэр нь хувь хүний орлогын албан татвар болж орж ирсэн. Өнөөдөр ч гэсэн төсвийнх нь гол орлого болчихоод байгаа. Гэтэл үүн дээр ажиллах механизм нь дэлгэрэнгүй биш. Жишээлбэл, Засгийн газар хувь хүний орлогын албан татварыг гэнэт өсгөсөн. Гэтэл Засгийн газар орон нутгийн өөрөө удирдах байгууллагын санхүүгийн эх сурвалж буюу хууль эрх зүйн орчинд нь халдсан халдлага болсон.
 
Эндээс харахад төвлөрөл хэцүү. Нөгөө талаас 2006 оны хуулийг хэрэгжүүлэхдээ нэг алдаа хийсэн нь дүүргүүдээс цугласан хувь хүний орлогын албан татварыг нийслэлд төвлөрүүлсэн. Аймаг, суманд цугласан мөнгийг аймагт төвлөрүүлээд аймаг бүх мөнгийг дахин хуваарилдаг болсон. Энэ бол хуучин буюу социалист арга юм л даа. Нэг ёсондоо нийтийн цугласан мөнгөнд дахин хуваарилалт хийхээр шог хуваарилалт, авлига, хээл хахууль гарч ирдэг. Иймэрхүү байдлаас харахад 1992 онд баталсан Үндсэн хуулийнхаа орон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүлэгт ерөөсөө анхаарал тавьж чадахгүй байна. Өнөөдөр ч нийслэл нь дүүргээ, дүүрэг нь хороогоо мэддэг.
 
Хөдөөд аймаг, сум, баг гээд явчихдаг. Засгийн газрын тодорхой нэг бодлогыг хэрэгжүүлэхэд л босоо удирдлагыг хэрэглэдэг болохоос орон нутгийн өөрөө удирдах байгууллага уг нь хэвтээ юм шүү дээ. Үүний мөн чанарыг өнөөдрийг хүртэл буюу сүүлийн 23 жил бид олж чадаагүй. Нөгөө талаас Үндсэн хуулийн энэ бүлэг өнөөдөр хүртэл “унтаж” байгаа. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгууль болох гэж байна. Энэ сонгуулиар иргэдэд нь удирдлагаа өгөөч гэдгийг хэлмээр байна. Ядаж төрийн бус байгууллагуудад эрх өгөөч гээд байгаа юм. Цаад утгаараа орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг намын дарангуйллаас чөлөөл гэсэн үг л дээ.
 
М.Өнөржаргал
Эх сурвалж:"Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ачааллаж байна ..