ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ДАРГА НАРЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ МАНАЙ ДҮҮРГИЙН БАС НЭГ ОНЦЛОГ

2014-12-01 18:14

Хан-уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч,
6-р хорооны ИНХ-ын дарга О.Батхуягтай хийсэн ярилцлага

question Та сайн байна уу? Та өөрийгөө товчхон танилцуулаач. Нутгийн өөрөө удирдах байгууллага (НӨУБ)-тай хэрхэн холбогдсон тухайгаа тодруулбал?

answer Миний бие нь хуульч мэргэжилтэй, өмгөөлөгч, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн. 2008 оноос эхлэн 2 удаагийн орон нутгийн сонгуулиар Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (ИТХ) төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. 2010 оноос эхлэн дүүргийн 6 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын (ИНХ) дарга, ИНХ-ын дарга нарын зөвлөлийн дарга, ИТХ-д Хууль, сахилга дэг журмын хорооны даргаар тус тус ажиллаж байна.

question Та 2 удаагийн Орон нутгийн сонгуулиар улиран сонгогдож ажиллаж байгаагийн тухайд НӨУБ-ын жаргал зовлон энэ салбарт тулгамдаж байгаа асуудлыг төлөөлөгч хүний тухайд юу гэж дүгнэж байна вэ?

answer НӨУЁ гэдэг бол тухайн орон нутагтаа бие даан эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдралын асуудлыг шийдвэрлэх боломж байдаг. Энэхүү боломжийн хүрээнд иргэдийнхээ оролцоонд тулгуурлан тухайн орон нутгаа хөгжүүлэх иргэдийн байгууллага гэж ойлгож болно. Нөгөө талаасаа нутгийн захиргааны байгууллага буюу тухайн шатны Засаг дарга төрийн удирдлагыг хэрэгжүүлж, хослон ажиллах зарчимтай ажилладаг. НӨУБ-ын үйл ажиллагаа чадамжийг бэхжүүлэх шаардлага тавигдаж байгаа. 1992 оны Үндсэн хуулинд НӨУБ-ын эрх зүйн орчинг хуульчилсан ч бодит байдал дээрээ олон алдаа дутагдал байсаар байна. Наад зах нь баг, хорооны ИНХ нь чөлөөт цагт хуралдах асуудал биш болоод байгаа, байнгын ажиллагааг шаардах болсон. Иргэдээ сонсдог болсон, иргэдээсээ асуудаг болсон энэ үед ИНХ бол тогтмолжих хандлагатай болж байгаа. Мөн ИНХ-ын эрх хэмжээ болон үүргийн асуудал, тодорхой бүтцийн хувьд өөрчлөлт хийх шаардлагатай. Энэ салбарт баримтлаж байгаа хууль эрх зүйн орчинг зайлшгүй өөрчлөх шаардлагатай байна.

question  Та 6 дугаар хорооны ИНХ-ын даргаар 2010 оноос эхлэн ажилласан гэлээ. Баг, хорооныхоо амьдралыг дэндүү сайн мэдэх хүний хувьд хорооны иргэдийн амьдралд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

answer Хуулиараа бол ИНХ нь жилд 2-оос доошгүй удаа хуралдах заалттай. Гэтэл өнөөдөр ИНХ бол бараг өдөр бүр хуралдах шаардлага тулгарч байгаа. Иргэдээ сонсох, ОНХС, маш олон асуудлууд урган гарч байдаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйл баг, хорооны бүрэн эрхийг хуульчилж өгсөн ч энэ нь асуудал бүрийг уламжлах шинжтэй өөрсдийнхөө бүрэн эрхийн хүрээнд шийдэх боломжийг олгоогүй байна. Гэтэл нэг хороо 8000 гаруй хүн амтай эдийн засаг, нийгэм, соёлын маш олон асуудал гарч ирэх бүрт ИНХ уламжлах шинжтэй байгууллага болчихоод байна. Тодорхой нэг ажил санаачилсан ч тэр, төсөв мөнгөтэй холбоотой ажил гарч ирсэн ч бай тэр бүрт уламжлах шинжтэй байгууллага болоод байна. Тухайн шатны ИНХ-д бие даан ажиллах боломж, нөхцөлийг нь олгох хэрэгтэй байна.

question Та ИТХ-ын Хууль, сахилга дэг журмын хорооны даргын тухайд танай хороо хэр ажиллаж байна вэ? Хорооныхоо үйл ажиллагааны талаар дурьдвал?

answer ИТХ-д тодорхой чиглэлээр 7 байнгын хороо ажилладаг үүний нэг нь хууль, сахилга дэг журмын хороо байдаг. Тус хороо маань 9 гишүүний бүрэлдэхүүнтэй. Дарга, нарийн бичгийн даргатай бодлогын хороо юм. Хууль тогтоомж, УИХ, ЗГ, Нийслэл, дүүргийн ИТХ, Засаг даргаас явуулж байгаа бодлого, шийдвэр анхан шатандаа хэрхэн хэрэгжиж байгаа талаар хяналтыг хэрэгжүүлэхээс гадна арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг, алдаа дутагдал гарч байгаа бол түүнийг засаж сайжруулах тал дээр санал дүгнэлтээ гаргадаг. Өнөөдөр нийгмийн бүхий л харилцааг хууль эрх зүйн хүрээнд явуулж байгаа энэ үед манай хорооны үүрэг, ач холбогдол их болж байгаа. Нийгмийн бүхий л салбарт тухайлбал боловсрол, эрүүл мэнд, соёлын гэх мэт орчинд хууль эрх зүйн асуудал чухал бөгөөд хуулийн хэрэгжилтийг шаардах болсон. ИТХ-аас 11 байгууллага, хэлтсийг харьяалуулж, өгсөн. Тэдний үйл ажиллагаанд хуулийн хэрэгжилт ямар байгааг хянахаас гадна иргэдийн өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаад хяналт тавьж, ажлыг хэрхэн сайжруулах тал дээр анхааран ажиллаж байгаа. Удахгүй эдгээр байгууллагынхаа жилийн эцсийн тайланг сонсож, цаашид хийх ажил дээр нь санал бодлоо тусган ажиллаж байна.

question Хан-Уул дүүрэг иргэдийн оролцоогоор манлайлагч дүүрэг болсон. 6 дугаар хорооны иргэд хэр идэвхтэй үйл ажиллагаанд оролцдог вэ? Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хорооны зүгээс хэрхэн ажиллаж байгаа вэ?

answer Үндсэн хуулинд төлөөллөөрөө дамжуулан оролцох эрхийг нь олгож өгсөн хэдий ч одоо иргэд маань шууд оролцох боломж нь нээлттэй болсон. Улс төрийн үйл хэрэгт оролцох боломжоос гадна тодорхой төсөв захиран зарцуулах эрхийг олгосноор иргэдийн идэвх, санаачилга маш сайн болж ирсэн. Хороогоо, дүүргээ, нийслэлээ хөгжүүлэх гэсэн маш олон иргэдийн санал санаачилга гарах болсон. Үүнийгээ дагаад төрийн үйл хэрэгт оролцох боломж нээгдэж байгаа. Үүнийг нь ч бид дэмжиж өгөх хэрэгтэй. Аливаа асуудлыг иргэдийн оролцоонд тулгуурлан шийдвэрлэж байх нь  илүү бодиттой, иргэддээ хүрсэн байж чадна.

question Та Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарын зөвлөлийг ахлан ажилладаг гэлээ. Энэ санаачилга маань шинэлэг санаа байна. Энэ талаараа дурьдвал?

answerХан-Уул дүүрэгт анхлан 2008 онд ИНХ-ын үйл ажиллагааг идэвхжүүлэх, зохион байгуулалтад оруулж, ИНХ-ын дарга нарын зөвлөл гэдгийг анх удаа байгуулсан. Бүх хороодын ИНХ-ын дарга нар болон Тэргүүлэгчид хамаардаг. Энэ зөвлөл маань өөрийн гэсэн зорилго, зорилтыг жилийн эхэнд дэвшүүлэн ажиллаж, өөрийн гэсэн чиг үүрэг, дүрэм журамтайгаар ажиллаад явж байгаа. Тус ИНХ-ын дарга нарын зөвлөл байгуулагдсанаараа ямар ач холбогдолтой вэ гэхээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бодьтойгоор хороо бүрт тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэж болохоор асуудлын саналаа ИТХ-д оруулах, ингэснээр асуудал түргэн шуурхай шийдвэрлэх боломж бүрдэж байгаа. Өөрөөр хэлбэл олон олон саналуудыг эмх цэгцтэй оруулдаг байя гэж байгаа. 2012 онд бүрэлдэхүүн маань шинэчлэгдэж, дараах санал, санаачилгуудыг ИТХ-д оруулан шийдвэрлүүлсэн. Тухайбал:

Өмнө нь ИНХ-д ямар ч төсөв санхүү байхгүй, аливаа үйл ажиллагаа явуулахад их хүндрэлтэй байдаг байсан. 2012 оноос хойш ИНХ-ын үйл ажиллагааны зардалд зориулан 200,000 мянган төгрөгийг төсөвлөж өгснөөрөө ИНХ-ын үйл ажиллагаа болон бичиг хэргийн зардалд зориулах болсон нь ажил явуулахад их дөхөм болж байгаа.

Хоёрдугаарт, хороо бүрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн зардлыг бас энэ зөвлөлийн саналыг үндэслэн хороо бүрт 10-аас доошгүй иргэнийг урамшуулалт эргүүлээр тодорхой хугацаагаар, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллуулсан.

Гуравдугаарт, хороо бүртээ Иргэний танхимтай болох тухай асуудлыг ИНХ-ын дарга нарын зөвлөл мөн санал оруулж, тэр маань дэмжигдэж, орон тооны ажилтантай болж, тэдний цалингийн санг бас дүүргийн ИТХ-ын төсөвт суулгаж чадсан.

Дөрөвдүгээрт, ИНХ-ын дарга нарын зөвлөл байгуулагдснаараа сургалтын чиглэлд анхаарч, ИНХ-ын дарга нар маань мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх, туршлага солилцох, сайн туршлагатай хорооныхоо  үйл ажиллагаанаас жишээлбэл, архив албан хэрэг хөтлөлт, захирамжлалын бичиг баримтын стандарт зэргийг бусад хороо нь суралцдаг, энэ нь нийслэл, бусад дүүргийн ИНХ-ын үйл ажиллагаатай танилцах, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, төрөл бүрийн сургалтуудыг хийж байгаа нь үнэхээр ач холбогдолтой явдал болоод байна. Бусад дүүрэг манай энэ зөвлөлийг маш их дэмжиж байгаа. Бие биеэ мэддэг, эрх ашгийг нь хамгаалдаг зөв зохион байгуулалтад орсныг дэмжиж байгаа. 

Ярилцлага өгсөнд баярлалаа.


Сэтгэгдэл ачааллаж байна ..