“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАНААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

2019-03-13 11:59

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ”
ЧУУЛГАНААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ


“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” Чуулганд   аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, төлөөлөгчид, Засаг дарга, Баг, хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга, Засаг дарга, төрийн захиргааны төв болон төрийн бус байгууллагын төлөөлөл нийт 300 орчим төлөөлөгч оролцож нутгийн удирдлагын тогтолцооны эрх зүйн шинэчлэлийн асуудлаар зөвлөлдлөө.

Тус чуулганд тавигдсан илтгэл, мэдээлэл,  холбогдох   хэлэлцүүлгийн явцад гарсан асуулт, хариулт, санал, шүүмжлэлд үндэслэн оролцогчид дараах асуудлуудыг тусгасан Зөвлөмжийг хэлэлцэн батлав. Үүнд:

1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь нутгийн удирдлагын харилцааг зохицуулсан гол хууль болохын хувьд нутгийн удирдлагын шинэ тогтолцоог бий болгох, Үндсэн хуульчлагдсан органик хуулийн хувьд тогтвортой мөрдөгдөж салбарын хуулийг дагаж өөрчлөгдөх бус харин салбарын хууль нь энэ хуульд нийцэж гарах, өөрчлөгддөг байх зарчмыг хадгалах;
2. Хуулийн төслийг боловсруулахдаа төвлөрлийг сааруулах (субсидиар) зарчмыг баримтлах;
3. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ   шуурхай,  чанартай, тогтвортой, тасралтгүй байх харилцааг төлөвшүүлэхэд төрийн   чиг үүргийг шат шатандаа давхардалгүй, оновчтой, хүн амын тоог харгалзан ялгавартай байхаар тогтоож өгөх;
4. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээс иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг   үзүүлэхэд төсөв, санхүүгийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх, эдийн засгийн бие даасан байдлыг хангах зарчмыг хуулийн төсөлд тусгаж оруулах;
5. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид тодорхой чиг үүргийг хуулиар хүлээлгэхдээ төсөв, санхүүжилтийн асуудлыг хамтад нь шийдээгүй бол тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг үүсэхгүй байхаар хуульчлах;
6. Орон нутгийн  гаралтай эх үүсвэр бүхий татварын орлогыг  тухайн аймаг, нийслэл,   сум,  дүүрэгт нь хуваарилан төвлөрүүлэх зарчим баримтлах;
7. Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг улс төрөөс ангид байх зарчмыг тогтоох асуудлыг тусгайлан судлах;
8. Бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Иргэдийн нийтийн хурлын  дарга, баг, хорооны Засаг даргад нэр дэвшигчдэд шалгуур тавих;
9. Бүх шатны  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  даргыг  албан тушаалаас  өөрчлөх зохицуулалтыг хуульд тусгах;
10. Аймаг,  сум, дүүргийн  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны орон тоо, даргын эрх, үүргийг тодорхой болгох;
11. Баг, хорооны Иргэдийн нийтийн хурлын даргыг 4 жилийн хугацаатайгаар сонгож, орон тоогоор ажиллуулдаг болох;
12. Хот, тосгоны тухай  асуудлыг  тусгай  хуулиар зохицуулах,  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай нэгтгэхгүй байх;
13. Хуулийн төсөл боловсруулахдаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын   тухай  хуулийн   хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний дүн, түүнийг боловсруулсан багаас өгсөн зөвлөмжийг судалж баримтлан ажиллах;
14. Хуулийн төслийг боловсронгуй болгох чиг үүрэгтэй ажлын хэсгийг шат шатны Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбарын төлөөлөлтэйгөөр өргөжүүлэн байгуулж ажиллуулах;
15. Хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулахдаа Улсын Их Хурал, Засгийн газраас чиглэл авч тодорхойлох;
16. Хуулийн төслийг орон нутгийн бүх түвшинд иргэдээр хэлэлцүүлж, тэдний санал бодлыг бүрэн тусган оруулахад анхаарч ажиллах;
17. Хуулийн төслийг эцэслэн боловсруулахдаа гадаадын ижил төсөөтэй бусад улсын дэвшилтэт туршлагыг харгалзан үзэж тусгах.


ЧУУЛГАНД ОРОЛЦОГЧИД


2019 оны 01 дүгээр сарын                                                                  Улаанбаатар хот 16-ны өдөр




Сэтгэгдэл ачааллаж байна ..

  • ӨНӨӨДӨР:
  • 766
  • НИЙТ:
  • 218 966