"Эмэгтэйчүүд манлайлал" чуулганы Уриалга

2019-07-03 16:48


УРИАЛГА

“Эмэгтэйчүүд-манлайлал” чуулганд оролцсон бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч 420 эмэгтэйчүүд бид 2019 оны 6 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотноо хуран чуулж орон нутгийн улс төрч эмэгтэйчүүддээ хандан дараах уриалгыг гаргаж байна.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын Хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслөөс дэмжиж, энэхүү хуран чуулах боломжийг олгов.
Төлөөллийн байгууллагын эмэгтэй төлөөлөгчид бид хамтын мэдлэг, туршлага, хүчин чармайлт, санаачлагын үр дүнд Тогтвортой хөгжлийн төлөө, хэнийг ч хөгжлийн гадна үлдээхгүй байж,
1.    Бид нийгмийн бүлгүүдийн онцлог хэрэгцээг ойлгож, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг орон нутгийн хөгжлийн бодлогод тусгуулан хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж чадна.

2.    Бид бодит мэдээлэл, судалгаанд үндэслэн асуудалд ул суурьтай хандаж, одоогийн байгаа хууль, эрх зүй, улс төр, эдийн засгийн нөхцөлд илүү санаачилгатай, оролцоотой ажиллаж чадна.   

3.    Бид иргэд, иргэний нийгэм, хувийн хэвшил, төр засгийг холбогч гүүр байж, нийтийн ашиг сонирхлын төлөө хэлбэрэлтгүй ажиллаж чадна.

4.    Бид эмэгтэйчүүдийн ялгаатай буюу онцлог хэрэгцээ шаардлагыг хамтран зүтгэгч эрэгтэйчүүддээ ойлгуулж, бодлого, хөтөлбөр, төсвийг эмэгтэйчүүдэд илүү ээлтэй болгохын төлөө ажиллаж чадна.

5.    Бид нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлэн, иргэдтэй харилцах, тайлагнахдаа цахим технологийн дэвшлийг ашиглаж ажиллаж чадна.

6.    Эмэгтэйчүүд бид хоорондоо хамтран ажиллаж, харилцан суралцаж чадна.

7.    Бид эх хэл, өв соёлоо хадгалан үлдэх, улс орны маань ирээдүй хойч болсон үр хүүхдээ зөв гэр бүлийн орчинд төлөвшүүлэх ухааныг эрэгтэйчүүдтэйгээ хамтран хэрэгжүүлж чадна.

8.    Бид Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн санал болон бусад хууль тогтоомжийн төсөлд сонор соргог хандаж, эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг илүү бэхжүүлэхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн ажиллаж чадна.

“ЭМЭГТЭЙЧҮҮД-МАНЛАЙЛАЛ” ЧУУЛГАНД ОРОЛЦОГЧ ЭМЭГТЭЙЧҮҮД
2019 оны 6 дугаар сарын 25
Улаанбаатар хот


Сэтгэгдэл ачааллаж байна ..