ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДМЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ:

2014-09-02 16:06

Монгол Улсын Үндсэн хуульд " Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” гэж тодорхойлсон билээ. Үндсэн хуулийн энэхүү заалт нь Нутгийн удирдлагын өөрөө удирдах ёсны байгууллага ИТХ, Төрийн удирдлага болох Засаг даргын үйл ажиллагааны салшгүй нэгдмэл байх эрх зүйн үндэс болж байгаа юм. Энэ хоёрын тэнцвэр дээр орон нутгийн удирдлага хэрэгжих учиртай.

Нутгийн удирдлагын энэ 2 субъект нь ажиллах зарчим, эрх мэдэл, хүлээх хариуцлага, бүтэц зохион байгуулалтаараа зааг ялгаатай боловч ижил талуудтай. Энэ нь Хурал, Засаг даргын ажиллах нутаг дэвсгэр, хүн ам, хүрэх зорилго, хамгаалах эрх ашиг нэг байдагтай холбоотой.

Мөн Төрийн хууль, Засгийн газрын шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх адил үүрэгтэй билээ. Иймд нутгийн удирдлагын энэ 2 субъектын удирдлагын нэгдлийг хангах нь нутгийн удирдлагын чадавхийг дээшлүүлэх зайлшгүй шаардлага болж байна. Үүний тулд ИТХ, Засаг дарга нь хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу ажиллахын хамт үйл ажиллагаагаа байнга уялдуулан зохицуулж харилцан хамтарч ажиллах ёстой.

Засаг дарга Хурлаа хэдий чинээ түшиж ажиллаж чадаж байна, Хурал нь Засаг даргадаа итгэл өгч гар нийлж ажиллаж чаддаг. Эрх мэдлийн хуваарилалтаас хамаарч зөрчил үүсдэгийг үгүйсгэхгүй. Хурал, Засаг даргын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах гол гүүр нь ИТХ-ын нарийн бичгийн дарга, Засаг даргын тамгын газрын дарга 2-ын ажлын уялдаа холбоо, хамтач ажиллагаанаас ихээхэн хамаардагийг онцгой анхаарах ёстой.

Хурал, Засаг даргын харилцан ажиллагааны хэлбэрүүдийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль”- нд тодорхойлон заасан байдаг. Тухайлбал:

1.ИТХ нь Засаг даргыг нэр дэвшүүлэх, огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэр гаргаж дээд шатны Засаг даргад өргөн мэдүүлнэ.

2. Засаг дарга сонгуулийн бүрэн эрхийнхээ хугацааны үйл ажиллагааны хөтөлбөрийг иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж хэрэгжүүлнэ. Үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг ИТХ-аар хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт, заалт чиглэл өгч ажиллана.

3. Тухайн нутаг дэвсгэрт төрийн захиргааны баримтлах бодлого, дагаж мөрдөх журмыг иргэдийн Төлөөлөгчдийн болон Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн баталж түүнийг Засаг дарга хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

4. ИТХ, Тэргүүлэгчдийн хуралд Засаг дарга асуудал боловсруулан оруулж шийдвэр гаргуулан түүнийг хэрэгжүүлнэ.

5. ИТХ-д Засаг дарга ажлаа тайлагнаж үнэлэлт, дүгнэлт, үүрэг даалгавар авна.

Орон нутгийн удирдлагын хоёр тулгуур багана болсон Хурал, Засаг даргын хоорондын харилцаанд байнга эвлэршгүй байдал үүсэх юм бол төр захиргааны байгууллагын нэр хүндийг сулруулж ажлын эрх ашгийг хохирооход хүрнэ гэдгийг хатуу ойлговол зохино.


 Үүний тулд дараахь ажлуудыг нэн даруй эрх зүйн үндэслэлтэй шийдвэр гаргаснаар хэрэгжүүлбэл зохистой байна. Үүнд:

 1. Юуны өмнө ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нутгийн удирдлагын тухай, төр захиргааны ажлын тухай ойлголт, мэдлэгийг нэгдмэл болгох хамтарсан сургалт, семинар, хурал, зөвлөгөөн уулзалт ярилцлагыг сонгуулийн дараагаас эхлэн тогтмол зохион байгуулах

2. Хурал, Засаг дарга өөрсдийн эрх мэдлийг хэтрүүлж албан тушаалаа ашиглахгүй байх, хүлээцтэй хандах, бие биенээ хүндэтгэх, ухаалаг зөвшилцөл дээр нэг нэгнээ дэмжиж ажиллах

3. Хурал, Засаг даргын эрх үүргийн тэнцвэрийг хангах талаар хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах. Тухайлбал: боловсон хүчнийг томилохдоо Засаг дарга заавал ИТХ-тайгаа зөвшилцдөг байхыг хуулинд тусгаж өгөх, төсвийн зарцуулалтанд тавих санхүүгийн хяналтыг Хуралд нь бий болгож өгөх гэх мэт олон асуудлыг шийдэх ёстой.

4. Орон нутгийн ИТХ-ыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийг УИХ-ын тамгын газарт хариуцуулах

5. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэнд Хяналт, шинжилгээ, үнэлгээ хийдэг субъект нь Хяналт, шинжилгээ, үнэлгээний тасаг  бөгөөд энэ хоёрын хооронд ашиг сонирхолын зөрчил үүсч байгаа учраас уг нэгжийг  ИТХ-ын ажлын албанд харьяалуулбал илүү үр дүнтэй болно. Хяналт, шинжилгээ, үнэлгээний тасаг  нь одоо Засаг даргын тамгын газрын даргын шууд удирдлагад ажиллаж байгаа бөгөөд хуулинд Засаг даргын ажлын алба нь тамгын газар мөн гэж тодорхойлсон. Ийм учраас хараат бус байдал нь алдагдаж байгаа юм. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэнд Хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх бус, Засаг даргын тамгын газрын тайлан бичигч болж хувирсан гэхэд болно.

6. Аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл / ТАСЗ /- ийг ИТХ-ын дэргэд байгуулж хараат бус байдлаар ажиллуулах. Учир нь: Аймгийн ЗДТГ-ын дарга нь ТАСЗ-ийн дарга байх нь зохимжгүй болох нь тамгын газрын олон ажилтныг томилж, чөлөөлөх эрх бүхий сүбьект болж, хуулийг шударгаар хэрэгжүүлж чадахгүй ихээхэн зөрчил үүсч байгаа юм.

7. Иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх, тэдэнд тусламж, тэтгэмж олгох асуудлыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэр гаргуулж байх

8. Нутаг дэвсгэрийн аливаа  асуудлаар шийдвэр гаргахдаа Хурал, Засаг дарга нэгдмэл нэг байр сууринаас хандаж ажиллах ёстой.

9. Хурал, Засаг даргын харилцан ажиллагааны явцад үүсч болох эдгээр зөрчлүүдийг даван туулахад ухаалагаар зөвшилцөх, харилцан буулт хийх, бие биенээ дэмжих, хүндэтгэх аргыг гол зарчим болгож ажиллах нь зүйтэй. Ингэж ажиллаж чадсанаар нутгийн удирдлагын нэр хүнд ажлын үр нөлөө дээшлэх нөхцөл бүрдэх болно.

  

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИТХ-ЫН НАРИЙН

                        БИЧГИЙН ДАРГА                                         С.ЦОГТОО


Сэтгэгдэл ачааллаж байна ..

  • ӨНӨӨДӨР:
  • 360
  • НИЙТ:
  • 64 322