Арвайхээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас багуудад “ Иргэний хяналтын зөвлөл” байгуулан ажиллаж байна.

2015-03-05 15:50

Нутгийн удирдлагын байгууллага нь хуулийн хүрээнд иргэдийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж, тэдний оролцоог хангаж,  иргэдийн санаачлага болон эрмэлзэллийг дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг.
Нутгийн өөрөө удирдах байгуллагууд нь орон нутгийн амьдрэалын асуудлуудыг шийдвэрлэж, тодрхой ажил зохион байгуулж, үр дүнд хүрэхээр иргэдийн оролцох санаачлага, идэвхи их нэмэгддэг.  Энэ нь тэдний өөрсдийнх  нь сонголтын үр дүнгээр байгуулагдсан  байгууллага учраас хурлын  үйл ажиллагаанд хяналт тавих боломжоор хангагддаг байна.
Иймээс Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан төрийн худалдан авах ажиллагааны гүйцэтгэлд тавих “Иргэний хяналтын журам”-ыг хэрэгжүүлэн багийн нутаг дэвсгэрт хийгдэж буй бүтээн байгуулалтанд хяналт тавих “Иргэний хяналтын зөвлөл”-ийг 2013, 2014 онд сумын  8 багт иргэдийн санаачлагаар байгуулж, сумын Орон нутгийн хөгжлийн сангаас хийгдэж байгаа айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулах 10/04 квын агаарын дэд станцууд, авто замууд, 9 дүгээр цэцэрлэг 3, 9, 11 дүгээр багийн усан сан, 48, 52 айлын орон сууцны дулаан шугамын засвар зэрэг ажилд иргэний хяналтыг тавьж, идэвх оролцоог сайжруулан хэвшүүлжээ.  Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран тухайн ажлыг гүйцэтгэхэд гарсан зөрчлийг арилгуулах ажлыг тухай бүр зохион байгуулж ажилласнаар дээрх ажлуудыг иргэдийн хяналт дор гүйцэтгүүлэн, улсын комисс хүлээн авч, ашиглалтанд оруулсан.
Багийн Иргэний хяналтын зөвлөлийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлан, мэдээлэл хийлээ. Сумын Иргэний танхимд багийн Иргэний хяналтын зөвлөлийн гишүүдийн хийсэн ажлын гүйцэтгэлийн үр дүнг тооцож, 2015 оны 01 сард хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд журамд “цахилгаан, сантехник, санхүү, барилгын инженер зэрэрэг шаардлагатай зарим мэргэжлийн хүмүүсийг Иргэний хяналтын зөвлөлд оролцуулах, Иргэний хяналтын баг бүр хийсэн ажлын мэдээ, тайланг тухайн жилийн 4 дүгээр улиралд Хурлын ажлын албанд ирүүлж байх” өөрчлөлт оруулах нь илүү үр дүнтэй болно гэж үзсэний үндсэн дээр, ИТХ-ын Тэргүүлэгчдийн 03 дугаар хуралдаанаар 02 сарын 12-нд хэлэлцүүлэн журмандаа өөрчлөлт оруулан ажиллаж байна. Энэ нь иргэдийн оролцоог хангаж, тухайн багт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын явц гүйцэтгэлийг иргэдээр хянуулах боломжийг бүрдүүлэхэд чухал алхам болж байна.