“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн оролцоогоор хангах нь” тэтгэлэг

2016-04-20 07:15


УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн оролцоогоор хангах нь” тэтгэлгийг хэрэгжүүллээ.
Энэхүү тэтгэлгийн зорилго нь нийгмийн эмзэг бүлэгтэй ажиллах, эмзэг бүлгийн иргэдийг нийгмийн оролцоогоор хангах явдал юм.

Тэтгэлгийг хэрэгжүүлэхдээ дараах 3 үе шатны үйл ажиллагаа явуулсан байна.
•    Судалгаа явуулах
•    Судалгаанд суурилсан сургалтын үйл ажиллагаа
•    Чанарын судалгаа явуулх

Судалгаа явуулах :

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд нийт 126 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг байна. Ийнхүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг судалсны үндсэн дээр тэднийг мэдээ, мэдээллээр хангах суурь мэдээлэл буюу мэдээллийн сантай болох юм. ИТХ-аас судалгааг явуулахдаа сум орон нутгийн холбогдох төрийн байгууллагуудтай жишээ нь сумын нийгмийн ажилтнуудтай хамтран, аймгийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс зөвлөгөө авч, судалгааны асуумжаа боловсруулсан.
Сумын ИТХ нь сумын Амьжиргааг дэмжих зөвлөл, багийн Засаг дарга нар болон төлөөлөгчтэйгээ  хамтран, багуудаар явж энэхүү судалгааг авсан байна.     

Судалгааны дүнгээс товч танилцуулбал:

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 64% нь 36-55 насны хүмүүс байгаа нь нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох голлох насны хүмүүс байна.  Судалгаанд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бараг тал хувь нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж  тэдний өрхийн орлогын эх үүсвэр нь гэж хариулсан байна.

                            
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь хоол хийх, ногоо тарих болон ном сонин унших, юм оёх чадвар, чадамжтай байдаг байна.
                                                          

Сум орон нутгийн зүгээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  чиглэсэн ямар арга хэмжээ аваасай гэж хүсдэг вэ гэсэн асуултад 44% нь өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил хийх, 31% нь ажил хөдөлмөр хийх орчин гэж хариулсан бол 24% нь цугтаа байж, зовлонгоо хуваалцдаг газартай болохыг хүсч байна гэж хариулсан байна.
 
Та бүхэнд санхүүгийн дэмжлэг үзүүлвэл сум орон нутагтаа ямар ажил хийх вэ гэсэн асуултад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаас илүү хувь нь хүнсний ногоо тарина гэсэн бол 20% нь жижиг дунд үйлдвэрлэл эрхэлнэ гэж хариулсан байна.

                               

Дээрх судалгаанаас харахад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өрхийн орлогын эх үүсвэр нь ихэнхдээ нийгмийн халамж байдаг ч тэд нийгмийн идэвхтэй байх, оролцох, ажиллах хүсэлтэй байгаа нь тэдний хүсэл хэрэгцээнээс мөн харагдаж байна.   

Судалгаанд суурилсан сургалтын үйл ажиллагаа

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс авсан судалгааны дүнд үндэслэн сургалтыг зохион байгуулах, тэднийг идэвхжүүлэх, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлэх үндсэн зорилготой юм.
Судалгаагаар сумын хэмжээний хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  35 хувь нь амьдрах ухааны сургалт,  26 хувь нь зөөлөн оёдлын сургалт, 15хувь нь  гар урлалын сургалт, 11 хувь нь тогооч, 9 хувь нь гар утас засвар, 4 хувь нь компьютер, англи хэлний сургалтыг  тус тус авахыг хүссэн ба судалгаанд оролцогсодын дийлэнх нь амьдрах ухааны сургалтыг сонгосон нь энэхүү сургалтыг зохион байгуулах үндэслэл болно.
Сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бүлэг нөхөрлөл хэрхэн үүсгэх вэ, нийгмийн оролцоонд идэвхтэй байх нь, хөдөлмөр эрхлэлтийн талаарх ойлголт, төсөл хөтөлбөрийг хаана, ямар чиглэлтэй дэмждэг вэ гэх мэт сэдвээр сумын ИТХ, ЗДТГ, аймгийн НХҮХ болон Хөдөлмөрийн хэлтэс хамтран сургалтыг зохион байгуулсан.
Сургалтанд нийт 87 хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдсан бөгөөд тэдний нийгмийн идэвхи оролцоо нэмэгдэж, нийгмийн оролцооны чиглэлээр идэвхтэй бүлэг шинээр үүсгэх зохион байгуулалтад орж эхэлсэн нь сургалтын үр дүн байлаа .


Эрдэнэбулган сумын ИТХ-аас энэхүү тэтгэлгийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд  нэг бүрийн тэгш оролцоог хангах, хөгжлийн бэрхшээл гэж юу болох талаар ойлголт өгөх, ХБХ-ийг энгийн хүүхэдтэй адилтган үзэж хүндлэн туслах, уриалга гаргах зорилгоор  “ХАМТДАА ХӨГЖЬЕ” арга хэмжээг зохион байгуулсан.

Энэхүү арга хэмжээг 2-5-р анги, 6-8-р анги, 10-12-р анги насны ангиллаар явуулсан бөгөөд 2-5-р ангийн сурагчдын дунд “Хөгжлийн бэрхшээлтэй найздаа туслая” сэдэвт зургийн уралдаан, 6-8-р ангийн сурагчдын дунд “Хөгжлийн бэрхшээл хөгжих бэрхшээл биш”- зохион бичлэгийн уралдаан, 10-12-р ангийн сурагчдын дунд АСК тэмцээнийг тус тус явуулсан байна.
ЕБС-ийн сурагчдаас“ДҮР ТӨРХТЭЙ НЬ БИШ ЗОРИЛОГТОЙ НЬ НАЙЗАЛЦГААЯ” гэсэн уриалга гарсан.

Судалгаанд суурилсан сургалтын үйл ажиллагааны чанарын судалгаа

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс авсан судалгааны үндсэн дээр сургалтыг зохион байгуулах, тэднийг идэвхжүүлэх, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлэх үндсэн зорилго үр дүндээ хүрсэн эсэх талаар, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх тандалт судалгаа авч, тодорхой бүлгүүдтэй фокус бүлгийн ярилцлага хийхэд энэхүү үйл ажиллагааны үндсэн зорилго оршино.

Энэхүү чанарын судалгаанд сургалтанд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй болон тэдний төлөөллийн иргэд хамрагдсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан явуулах арга хэмжээнүүдийг төрийн байгууллагууд ирэх жилийн ажлын төлөвлөгөөнд тусгасан бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-г албан ёсоор байгуулах зохион байгуулалтанд орж эхэлсэн.

“ХБИ-ийн нийгмийн оролцоог хангах нь” сэдэвт сургалтанд хамрагдсан хүмүүсийн 74% нь бага буюу түүнээс дээш боловсролтой байна. Үүнээс онцлон үзэхэд тусгай буюу дээд боловсролтой 12% байгаа нь тэд аливаа ажлыг хийж гүйцэтгэх дотоод хүн хүчний  нөөц боломжтой гэдгийг харуулж байна.

ХБИ-ийн ажил эрхэлж буй  байдлаас харахад, ер нь 60% нь тодорхой хэмжээний ажил хөдөлмөр эрхэлж амьдралаа залгуулдаг байна. Үүн дотроо гэр бүлийнхээ ажилд тусалдаг, мал малладаг  38 % нь, төрийн болон ХЭАА-д 22% нь хөдөлмөр эрхэлдэг байна.

Судалгаанд оролцогчдын 76% нь цаашид ажиллах арга зам, санаагаа олж, хэрэгцээт мэдээллээ сургалтаас авсан гэж үзсэн бол 24% нь ойлгоогүй эргэлзээтэй гэсэн хариул өгсөн нь зорилтот бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд амьдралын итгэл үнэмшил олгох, амьдрах ухаан олгох сургалт мэдээлэл явуулсан н ач холбогдолоо өгсөн гэж дүгнэж болох юм.
Сургалтанд оролцож  ажил хөдөлмөр эрхлэх ямар боломж байгааг мэдсэнээр ямар ажлын санаа сэдэл төрснийг асуухад 32% нь гар урлал, оедол, бусад 65 % нь өөрийн чадварт суурилсан ажил хөдөлмөр хийх төсөөлөлтэй болсон байлнаа. Нэгтгэн дүгнэвэл, сургалтанд хамрагдсан 97 % нь ажиллах арга замаа нээсэн гэж үзэж болно.

Өөрсдийн хүсэл сонирхлоороо нэгдэж, бүлгээр ажиллах  боломж байна гэж сургалтанд оролцсон зорилтот бүлгийн иргэдийн 72% нь,  мөн иргэд холбоо болж, бүлгээр ажиллах нь давуу талтай юм байна гэж 85%  нь үзэж байгаагаас эдгээр иргэд бүлгийн зохион байгуулалтанд орж ажиллах боломжтой юм гэдгийг харуулсан. Тиймээс эдгээр хүмүүст албан ёсны холбоог байгуулах хэрэгцээ шаардлагатай байгаа юм байна гэж сумын ИТХ болон холбогдох төрийн байгууллагын хүмүүс үзэж, тэдийг дэмжих дараагийн үйл ажиллагаа төлөвлөж эхэлсэн.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аж байдал,одоогийн сэтгэл санааны стрессийн түвшинг тодорхойлох зорилгоор авсан асуулганд 62% нь сэтгэл хангалуун өөрөөр хэдбэл  сэтгэл гутралгүй, 35% нь сэтгэл хангалуун бус байна гэж хариулсан байна. Энэ нь сэтгэлзүйн гутранги байдлаас гарах, өөртөө итгэх итгэлийг төрүүлэх нөлөөллийн ажил зайлшгүй хэрэгтэй байгааг харж болох юм.

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ-аас нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн энэхүү тэтгэлгийг хэрэгжүүлсний үр дүн нөлөө нь:

  • ХБИ-н мэдээллийг агуулсан суурь судалгаатай, мэдээлэлтэй  болсон.
  • ХБИ-н холбоо байгуулагдан, 2015-11-18 өдөр тэргүүлэгчдийнхээ хурлыг хийж үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг гаргасан.
  •  ХБИ-н үйл ажиллагаа явуулах байрны  асуудал шийдэгдэх шатандаа орсон.
  • ХБИ-н нийгмийн идэвхи нэмэгдсэн нь  анзаарагдсан.
  •  Сумын  нийгмийн ажилтнууд хамтран ажиллах сонирхол нэмэгдсэн.
  •  ИТХ-н үйл ажиллагаа нээлттэй, ил тод, оролцоог нэмэгдүүлэх зорилгодоо ахиц гаргасан.

Энэхүү тэтгэлгийн хэрэгжилтийн тогтвортой байдлыг цаашид хангахад дараах үйл ажиллагаануудыг явуулахад анхаарч байна.

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны үйл ажиллагаа явуулах байрны асуудал шийдвэрлэх
  • Бүлгийн зохион байгуулалтанд орж, шинээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ыг байгуулах үйл явцыг нь дэмжих 
  • Халамжийн хэлтэстэй хамтран  тоног төхөөрөмж, өрөө оффистой болоход нь дэмжих
  • Төрийн байгууллагууд тухайн жилийнхээ гүйцэтгэлийн төлөвлөлтөнд  ХБИ-нийн чиглэлээр ямар нэгэн ажил зохион байгуулахаар тусгаж, тэднийг идвэхжүүлэх.
  •  ЕБС-ын сурагчдын дунд зохион байгуулсан аян, түүнээс гарсан уриалгыг хэрэгжүүлж ажиллах
  • Явуулын иргэний танхимаар иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэлэлцүүлгүүдийг байнга зохион байгуулах





Сэтгэгдэл ачааллаж байна ..

  • ӨНӨӨДӨР:
  • 693
  • НИЙТ:
  • 218 893