Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төв аймгийн төрийн байгууллагын албан хаагчдыг чадавхижуулав

2023-04-14

Нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах сургалт Төв аймгийн Зуунмод хотноо /2023.04.13/ боллоо. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл, Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь төслөөс хамтран зохион байгуулсан тус сургалтад Төв аймгийн ЗДТГ, ИТХ-ын төлөөлөгчид, сумдын засаг захиргааны байгууллагын удирдлага албан хаагчид оролцов.

Төв аймгийн нутгийн удирдлагын болон захиргааны байгууллагын удирдлага албан хаагчдад зориулсан тус сургалтыг ЗГХЭГ-ын Дэд дарга У.Бямбасүрэн нээж хэлэхдээ “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хууль, тогтоомжийг нийцүүлэх, хэрэгжүүлэх, сурталчлах, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэхэд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас анхаарал хандуулан ажиллаж байна.

 

ШХА-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төсөл, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төсөл хамтран энэхүү сургалтыг бодлогоор дэмжин хамтран зохион байгуулж байгаа билээ. Хууль хэрэгжиж эхлээд жил гарангын хугацаанд ямар өөрчлөлт гарсан талаар, орон нутагт хэрэгжүүлэхэд ямар үр дүн гарах талаар сургагч багш нар мэдээлэл өгнө.

Шинэчлэгдсэн хуулиар аймаг орон нутагт ажиллах ИТХ-ын ажлын албаны тоог нэмж баталсан, мөн энэ албанд орох хүсэлтэй хүнийг нээлттэй сонгон шалгаруулалтад оруулдаг болсон. 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн суурь зарчмын дагуу нутгийн удирдлага болон төрийн удирдлагатай хослуулах замаар орон нутгийн иргэдийн эрхийг хангаж ажиллахад энэ хоёр төсөл дэмжлэг үзүүлж, мэдлэг мэдээлэл олгоход анхаарч ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас “Нээлттэй хөдөө” буюу “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулган хийсэн. Энэ хүрээнд Улаанбаатар хотоос орон нутгийг зорин очих иргэдийн суурьших нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж буй. Төв аймгийн хувьд нийслэл хоттой өрсөлдөхүйц том хотыг хөгжүүлэх боломжтой. Томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа аймаг. Тиймээс “Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд Нээлттэй төв аймаг гэсэн суурь зарчмыг баримталж, төрийн гаргасан хууль тогтоомж шийдвэрийг иргэдэд хүргэж ажиллахад орон нутгийн удирдлага, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа чухал үүрэгтэй. Учир нь орон нутагт чиглэсэн бодлого шийдвэрийг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэх нь төвлөрлийг сааруулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах юм” гэдгийг онцолж байв.  

 

Ийнхүү Засгийн газраас баримталж байгаа бодлого, чиглэлийн талаар мэдээлэл өгсөний дараа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар болон төрийн байгууллагад чанар стандартыг мөрдөн ажиллах нь ямар чухал болох зэрэг асуудлаар сургагч багш нар мэдээлэл өгсөн. Тодруулбал, хуульч судлаач С.Сүхбаатар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль-Орон нутгийн чиг үүрэг, төсөв, санхүү, эдийн засгийн бие даасан байдал, Засаг дарга, ИХТ-ын бүрэн эрх” ямар байх, хуулийн өөрчлөлтөөс гарах үр дүн, онцлог болон хэрэгжүүлэхэд гарах зарим асуудал, түүнийг шийдвэрлэх арга замуудын талаар мэдээллээ.

Харин Менежмент ба ур чадварын хүрээлэн ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж “Төрийн байгууллагад чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага” сэдвээр мэдээлэл өгсөн юм. Тэр бээр хэлэхдээ “Амьдралын бүхий л зүйл, үйл ажиллагаа стандартын дагуу явагддаг учиртай. Тухайлбал, усанд сэлж чаддаггүй хүнийг сэл гэж шууд хэлж болохгүй. Түүнд эхлээд усанд сэлэх талаар заавар зөвлөгөө өгч, сургах ёстой. Стандарт бол үүнтэй ижил ойлголт. Эхлээд ямар арга замаар хэрхэн хийх хэрэгжүүлэх, ингэснээр ямар ололт амжилт, үр дүн гарахыг мэдэж ажиллах нь чухал. Тиймээс төрийн байгууллагын ажил гэдэг ард иргэд, нийгмийн өмнө чухал үүрэг хүлээсэн ажил тул төрийн байгууллагын үйл ажиллагаа өөрийн гэсэн стандартаа мөрдөж ажиллах нь чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд шууд нөлөөлнө” хэмээн онцолж байв.

 

Сургалтын төгсгөлд Төв аймгийн ЗДТГ-аас 2023 онд хууль тогтоомжууд, Шинэ сэргэлтийн бодлогыг суманд хэрэгжүүлэхэд засаглал, хууль хяналтын салбараас баримтлах бодлого, зорилтууд, 2023 онд суманд хэрэгжүүлэх хөгжлийн бодлого төлөвлөлт, ХАА, бүтээн байгуулалт, нийгмийн салбарын бодлого зорилтуудын талаар мэдээлэл өгснөөр энэ удаагийн сургалт өндөрлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%