Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх иргэдийн хандлагын суурь түвшин тогтоох судалгааны тайлангаас

2016-01-11 16:55

Энэхүү судалгааг УИХ-ын Тамгын газраас Щвейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй ”Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд MMCG” компани хийсэн. Судалгааг  Улаанбаатар хотын 7 дүүрэг, бус нутгийн төлөөлөл болсон 5 аймагт 2015 оны 4 дүгээр сард хийсэн.

Энэхүү судалгаа нь ИТХ-ын талаарх иргэдийн ойлголт, тэдний идэвх оролцоог тодруулах үндсэн зорилготой.

 Туршилтын судалгаа

Тоон болон чанарын судалгааны асуулга, удирдамж, мэдээлэл цуглуулах аргыг турших судалгааг 2015 оны 2 дугаар сарын 25-28 нд Улаанбаатар хот, Төв аймгийн Зуунмод, Эрдэнэ суманд тус тус зохион байгуулсан. Туршилтын судалгаанд нийт 19 өрх, ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг дарга болон баг, хорооны Засаг дарга зэрэг 8 албан тушаалтан хамрагдснаас гадна 6 үндсэн бүлгийн оролцогчтой 1 удаагийн фокус бүлгийн ярилцлагыг хийсэн.

Судалгааны ярилцлага авагч нарыг бэлтгэх сургалтыг 2015 оны 3 дугаар сарын 13 -16 нд хийж, нийт 27 хүн оролцож 24  хүн нь дараагийн шатны сургалтанд оролцсоноос 18 хүнийг судалгааны үндсэн ярилцлага авагчаар сонгон ажиллуулсан. Фокус бүлгийн ярилцлагыг 6 үндсэн оролцогчтойгоор нийт 11 удаа зохион байгуулж, 900  иргэдтэй уулзан, шүүлтүүр асуулгыг авсан.

ИТХ-ын талаарх иргэдийн ойлголт , хандлага, үнэлгээ

Энэ бүлэгт нутгийн өөрөө удирдах байгууллага болох ИТХ, түүний чиг үүргийн талаарх иргэдийн ойлголт, үйл ажиллагаа, шийдвэртэй холбоотой мэдээллийг авдаг эх үүсвэрүүд, хэвлэмэл тайлан материалтай танилцсан эсэх, аймаг, нийслэл болон сум, дүүргийн ИТХ-ын талаарх үнэлгээ, шалтгаан зэргийг тоо болон чанарын судалгааны хосолмол үр дүнгээр гарган харуулсан.

ИТХ-ын талаарх нийтлэг ойлголт:

Мэдээлэл цуглуулах явцад иргэд “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” гэсэн нэрийг сонсоод шууд ямар байгууллага болохыг шууд хэлж чадахгүй байгаа нь ажиглагдсан. Нийт судалгаанд оролцогчдын 55% нь ИТХ-ын талаар”Огт мэдэхгүй” гэсэн хариулт өгчээ. Харин Улаанбаатар хотын иргэдийн 32 % нь, орон нутгийн иргэдийн 71% нь ИТХ гэдэг байгууллагын талаар ямар ч ойлголт байхгүй, зарим иргэд бүр ийм байгууллага байдгийг ч мэдэхгүй гэж хариулсан байна.

Огт мэдлэг, мэдээлэл байхгүй байгаа хүмүүс нь нас, хүйс, ажил эрхлэлт болон сууцны нөхцлийн хувьд онц ялгарах зүйлгүй, өөрөөр хэлбэл, хүн ам зүйн хувьд тодорхой бүлэг хүмүүс хомс мэдлэгтэй хэмээн дүгнэх үндэсгүй байна.Энэ нь иргэд нийтээрээ нутгийн өөрөө удирдах байгууллага, төлөөллийн ардчиллын талаарх мэдлэг мэдээлэл, ойлголт маш муу байгааг харуулж байна.

ИТХ-ын талаар мэдэхгүй байгаа эдгээр иргэд баг, хорооны ИНХ-даа оролцдог эсэхийг тодруулахад 73% нь өнгөрсөн онд (2014 он)  ИНХ-д огт оролцоогүй, 63% нь баг, хорооны Засаг даргыг сонгох ИНХ-д оролцож байгаагүй иргэд байлаа.

 ИТХ-ын үндсэн чиг үүргийн талаах иргэдийн ойлголт

ИТХ-нь сонгогдсон нутаг дэвсгэрийн нийгэм, эдийн засаг, хөгжлийн бодлого асуудлыг ИТХ болон чөлөөт цагт Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн хамт НӨУБ-ын хувьд хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, иргэдийн эрх ашгийг хамгаалж, тэдэнтэй тогтмол холбоотой ажиллан, санал гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэн, Засаг даргыг нэр дэвшүүлэх, түүнийг чөлөөлөх, огцруулах болон Засаг дарга, тухайн нутаг дэвсгэрт төрийн үйлчилгээг үзүүлэх байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахаар заагдсан ( МУ-ын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль) байна.

Иргэд ИТХ-ын үндсэн чиг үүргийн талаар ямар ойлголттой болохыг тодруулан асуухад орон нутгийн иргэдийн “мэдэхгүй” гэсэн хариултын эзлэх хувь буурсан байна. Харин Улаанбаатар хотын иргэдийн 32 % нь “мэдэхгүй” буюу энэ талаарх мэдлэг, мэдээлэл огт байхгүй гэжээ.

Иргэдийн хувьд ИТХ-ын хамгийн гол чиг үүргийг “Иргэдтэй тогтмол холбоотой ажиллаж, тэднээс тавьсан өргөдөл, гомдолыг зохих журмын дагуу шийдвэрлэх эрх бүхий байгууллага” гэж 2 хүн тутмын 1 нь буюу 49% нь үзэж байна.

Фокус бүлгийн ярилцлагын тэмдэглэлээс:

Ард түмнийг төлөөлж орон нутагт ажиллаж байгаа хамгийн том байгууллага гэж ойлгодог.Сумын болон аймгийн Хурал нь иргэдээс сонгогдсон төлөөлөгчдөөр дамжуулж сум орныхоо асуудлыг шийдвэрлэх зорилготой ажилладаг гэж ойлгодог. НӨУБ гэдэг нь ард түмэн өөрсдийн төлөөллөөрөө дамжуулаад удирдана гэсэн утгатай. (Хэнтий аймаг, Батноров сум, эрэгтэй)

Ер нь нутаг орныхоо хөгжил, иргэдийн амьжиргаа, амьдралын түвшинг дээшлүүлэхийн төлөө ажилладаг. Бас УИХ-аас гаргасан шийдвэрийг иргэдэд танилцуулж, мэдээлэл өгдөг гэж боддог. Ер нь төрийг иргэдтэй холбодог гүүр юм болов уу?(Дархан-Уул аймаг, Дархан сум, эмэгтэй)

Миний хувьд ИТХ гэдэг хамгийн дээд шатны байгууллага. Аймгийн Засаг даргыг томилно. Бүх хэлтэс газруудад хяналт тавьж ажилладаг байх гэж бодож байна.Мөн орон нутгийн дэг журам, хураамж гэх мэт томоохон шийдвэрүүдийг баталдаг байгууллага.(Хэнтий аймаг, Хэрлэн сум, эрэгтэй)

 Сумын ИТХ гэдэг бол ерөөсөө сумынхаа иргэдээс сонгогдсон, сумын иргэдийн эрх ашгийн төлөө ажиллах ёстой хүмүүс гэж боддог. (Ховд аймаг, Жаргалант сум, эмэгтэй)

ИТХ-ын чиг үүргийн талаар огт мэдлэг, мэдээлэл байхгүй иргэд нийт иргэдийн 25%-ийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, 4 хүн тутмын 1 нь  “ Мэдэхгүй, энэ талаар мэдлэг огт байхгүй “ гэж хариулсан байна. Байршлын хувьд Улаанбаатар хотын иргэд орон нутгийн иргэдээс ИТХ-ын талаар ойлголт бага зэрэг илүү байна.

Харин ИТХ-ын төлөөлөгчид болон бусад нутгийн удирдлагын хувьд иргэдэд НӨУБ-ын талаар мэдлэг, мэдээлэл дараах аргаар өгдөг гэжээ.

Гацаарчилсан ярилцлагын тэмдэглэлээс: Иргэдийн явуулын индэр гэж STAREX машиныг тохижуулаад гадуур явуулж байгаа. (Хөвсгөл аймаг, Мөрөн сумын ИТХ-ын дарга)

НӨУБ-ын билигдлийн шинж чанарыг арилгаж, иргэд рүү чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж, хяналт тавин ажиллаж байна. Хотын дүрэм журам гарган ажиллаж байгаа. Төлөөлөгчдийн нэрэмжит гудамж гэх мэт үйл ажиллагаа явуулж байна. Олон улсын байгууллагуудтай хамтран өрхүүдээр сургалт хийх төслүүдийг хэрэгжүүлж байна.(Хөвсгөл аймаг, Тариалан сумын ИТХ-ын дарга)

Ямар учраас иргэдийн идэвх, оролцоо, НӨУБ-ын талаар мэдлэг мэдээлэл муу байгааг иргэд өөрсдөө тайлбарлахдаа:

Нэгдүгээрт, улс төрд итгэх итгэл муудсан буюу төрийн ажил хийхээр хэн ч сонгогдсон бай иргэдийн амьдралд сайн нөлөө гаргахгүй гэх бодол зонхилох болсон;

Хоёрдугаарт, хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, зав чөлөөгүй болсноор нутгийн удирдлагын байгууллагуудын талаарх мэдлэг бага болсон.

Гуравдугаарт, оновчтой сувгаар мэдээлэл авч чадахгүй байгаа, өөрөөр хэлбэл мэдээллийн хэрэгсэл олширсноор иргэд маш олон төрлийн мэдээллийг нэгэн зэрэг авах болсон нь тэдэнд хүссэн мэдээллээ л шүүж авахаас аргагүйд хүргэж байгаа зэрэг шалтгааныг нэрлэжээ.

НӨУБ-ын талаар иргэдийн ойлголт ийнхүү дутмаг байгаа нь тулгамдсан асуудал гарсан үед хаана хандахаа мэдэхгүй байх, төрийн үйлчилгээ иргэдээсээ холдох, иргэдийн сонгуулийн болон бусад идэвх буурах, улмаар энэхүү үндсэн хуулийн институцийн нэр хүнд буурах сөрөг үр дагавартай байна.

Үргэлжлэл бий.........................


Сэтгэгдэл ачааллаж байна ..